Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
Хэргийн индекс | 157/2016/00209/И |
Дугаар | 215 |
Огноо | 2016-09-14 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 215
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Баттулгад холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 8.075.251,77 төгрөг, хүү 363.398,73 төгрөг, нийт 8.210.649,96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ш.Баттулга нь Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 05 дугаар сарын 16-нд 10.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, сарын 0.25 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний 6.2.2 дугаар заалтыг зөрчин хугацаа хэтрэлттэй, зээлийн гэрээг ноцтой зөрчиж байна. Үндсэн зээл 10.000.000 төгрөг, хүү 557.557 төгрөг 26 мөнгө байна. Үүнээс төлсөн үндсэн зээл 1.924.748,77 төгрөг, хүү 363.751,23 төгрөг байна. Үлдэгдэл үндсэн зээл 8.075.251,23 төгрөг, хүү 135.398,73 төгрөг нийт 8.210.649,96 төгрөг байна. Иймд Ш.Баттулгаас үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл болох 8.210.649,96 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Ногоон талбайн 1-4 тоотод оршин суух ОЕ70091414 регистрийн дугаартай Урангийхан овогт Шаравын Баттулга шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Сум хөгжүүлэх сангаас 10.000.000 төгрөгийн зээл авч мужааны цех ажиллуулж эргэн төлөлтөө хийж байх хугацаандаа эрүүл мэндийн байдлаас болж төлөлт тасалдаж одоо төлөх 8.210.649 төгрөг 96 мөнгөний үлдэгдэл байгаа. Энэ үлдэгдэл төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулна” гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Төгөлдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Ш.Баттулгын шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Тайлбарыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Ш.Баттулгаас үндсэн зээл 8.075.251,23 төгрөг, хүү 363.751, 23 төгрөг, нийт 8.210.649,73 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Ш.Баттулга нь үндсэн зээл 8.210.650 төгрөгийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт төлөх үүрэгтэй болох нь 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 13/05 тоот Сум хөгжүүлэх сангаас зээл олгох гэрээ, нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараар тус тус нотлогдож байна.
Хариуцагч Ш.Баттулга нь нэхэмжлэлийн шаардлага болох 8.210.650 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч Ш.Баттулга нь нэхэмжлэлийн шаардлага 8.210.650 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхийг зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцэж, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжилсэн үлдэгдэл үндсэн зээл 8.075.251,23 төгрөг, хүү 135.398,73 төгрөг, нийт 8.210.650 /найман сая хоёр зуун арван мянга зургаан зуун тавь/ төгрөгийг хариуцагч Ш.Баттулга нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 8.210.649,96 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 146.320 төгрөгний тавин хувь 73160 төгрөгийг хариуцагч Ш.Баттулгаас гаргуулж төрийн сангийн нэгдсэн дансанд оруулж, улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ш.Баттулга нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР