Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 5095

 

 

 

 

 

 

 

 

 

 

            Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 14 дүгээр байрны харуулын байранд байрлах, Гранд Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 14 дүгээр байрны 64 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ЧЗ 70101102, Боржигон  овогт Балжиннямын Гэрэлсүрэнд  холбогдох

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 795 300  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.

 

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Гранд Сууц Өмчлөгчдийн Холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 14 дүгээр байрны 64 тоотод оршин суугч Б.Гэрэлсүрэн сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг 2014 оны 6 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэл нийт 22 сарын мөнгийг төлөхгүй байна.Сууц Өмчлөгчдийн Холбоо нь орон сууцны 1 метр квадратыг 300 төгрөг, лифт 8000 төгрөг, хог 2000 төгрөг, цэвэрлэгээ 4550 төгрөг, цэвэрлэгээний материал 500 төгрөг, бусад зардалд 3000 төгрөгөөр тооцож нийт 36 150 төгрөгийг сар бүр айл өрхүүдээс авдаг.Иймд Б.Гэрэлсүрэнгээс 795 300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай Сууц Өмчлөгчдийн Холбоо Б.Гэрэлсүрэнгээс 22 сарын төлбөрт 795 300 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаас багасгаж байна.Сууц Өмчлөгчдийн Холбоо өмнө нь шүүхэд хандаж 2014 оны 6 дугаар сараас 2015 оны 1 дүгээр сарыг дуусталх хугацааны төлбөрийг шийдүүлсэн байна.Иймд одоо Б.Гэрэлсүрэнгээс 2015 оны 2 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны буюу 8 сарын зардлын мөнгө 506 100 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Б.Гэрэлсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа:Би Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөрийг төлөхгүй байгаа учир нь бусад Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөрөөс манай Гранд Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөр өндөр байна.Өмнө нь сард 20 600 төгрөг төлдөг байснаа шинэ даргатай болсноос хойш төлбөр нэг дахин нэмэгдсэн.Лефт, хог, цэвэрлэгээ, цэвэрлэгээний материал, бусад зардал зэргийг төлөхөд татгалзахгүй, харин хуримтлал нэрээр байрны метр квадратыг 300 төгрөгөөр тооцож мөнгө авахыг эсэргүүцэж байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Гранд Сууц өмчлөгчдийн Холбоо хариуцагч Б.Гэрэлсүрэнгээс  дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 506 100 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Б.Гэрэлсүрэн нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 14 дүгээр  байрны 64 тоотод оршин суудаг бөгөөд дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 2015 оны 2 дугаар сараас  2016 оны 3 дугаар сарыг дуусталх  хугацааны төлбөр 506 100 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь Төрийн банкны баримт болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д “дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох” гэж заасан байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасан байх тул Б.Гэрэлсүрэн нь 506 100 төгрөгийг төлөх үндэстэй байна.

 

Гранд Сууц Өмчлөгчдийн Холбооны оршин суугчдын 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар сууц өмчлөгчдөөс авах дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, ашиглалт, арчлалт, хамгаалалтанд зарцуулах хуримтлалын хэмжээг тогтоож баталсан байна.

 

Хариуцагч Б.Гэрэлсүрэн байрны метр квадратыг 300 төгрөгөөр тооцож мөнгө авахыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй байх бөгөөд энэхүү тайлбараар түүнийг дээрх төлбөрөөс чөлөөлөх боломжгүй байна.

 

Хариуцагч Б.Гэрэлсүрэн шүүх хуралдааын товыг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн   100.3-д заасны дагуу түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан Балжиннямын Гэрэлсүрэнгээс 506 100 /таван зуун зургаан мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан Гранд Сууц Өмчлөгчдийн Холбоонд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 637 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гэрэлсүрэнгээс 15 833 /арван таван мянга найман зуун гучин гурван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Гранд Сууц Өмчлөгчдийн Холбоонд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   З.ДОРЖНАМЖИН