Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 264

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Батсайхан, Б.Гантулга нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                       

          Прокурор Г.Батбаяр,

          Ялтан Ж.Батсайхан /цахим сүлжээгээр/,

          Ялтан Б.Гантулга,

          Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Э.Чингис, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ж.Батсайханы гаргасан давж заалдах гомдлоор 2016 2501 0361 дугаартай Ж.Батсайхан, Б.Гантулга нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          1. Боржигон овгийн Жаргалсайханы Батсайхан, 1991 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 11 дүгээр хороо, 3 дугаар баг, Майнзавын 8 дугаар гудамжны 9 тоотод оршин суух,

 

2010 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,

 

2014 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Сум дундын 8 дугаар шүүхийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эдлээгүй үлдсэн 2 жил 4 сарын хорих ялаас өршөөн суллагдсан, /РД:ЕЮ91061618/,

 

2. Гөрөөч овгийн Бямбацолмонгийн Гантулга, 1992 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, “Номин Ус” ХХК-д өрмийн мастер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-11 дүгээр гудамжны 1336 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ИИ92101810/,

 

Ж.Батсайхан нь ялтай байх хугацаандаа, согтуугаар 2015 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Викториа” баарны гадна Г.Төгсбаяр гэгчтэй харилцан маргалдаж байх явцад түүнийг таслан зогсоох зорилгоор очсон цагдаагийн албан хаагч Н.Наранбаатарыг нийгмийн хэв журмыг сахин хангуулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

 

мөн ялтай байх хугацаандаа, согтуугаар 2016 оны 1 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оакланд” баарны гадна буюу гудамжинд ялимгүй зүйлээр шалтаглан хүч хэрэглэн танхайрах явцдаа зэвсгийн чанартай зүйл буюу шилээр иргэн Б.Лхагвасүрэнгийн нүүрэн тус газар зүсэж, бие махбодид тархи доргилт, зүүн хацарт зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод, зовхи, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархай дотор хананы хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирласан,

 

Б.Гантулга нь архидан согтуурсан үедээ 2016 оны 1 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оакланд” баарны гадна буюу гудамжинд “найз Ж.Батсайханыг зодлоо” хэмээн ялимгүй зүйлээр шалтаглан хүч хэрэглэн танхайрах явцдаа иргэн Н.Бат-Эрдэнийн эрх чөлөөнд халдаж, бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Батсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар, Б.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Батсайханыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг, мөн бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрах гэмт хэрэг,

 

Б.Гантулгыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан танхайрах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Гантулгыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Ж.Батсайханыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар Ж.Батсайханыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Ж.Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж буюу хөнгөн ялыг хүндэд багтаан Ж.Батсайханы нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ж.Батсайханд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Гантулгад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ж.Батсайханы урьд цагдан хоригдсон 156 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ж.Батсайхан нь хохирол төлбөр төлөөгүй, Б.Гантулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Лхагвасүрэн, Н.Наранбаатар нар нь эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Гантулгад оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Ж.Батсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна.

Нийслэлийн давж заалдах шатны шүүх миний тодорхой, үндэслэлтэй, нотлох баримттай гаргасан гомдлыг сайтар нягталж, хэргийг аль нэг талыг хэт баримтлалгүйгээр үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.

1. Хохирогч Н.Наранбаатарын анхны мэдүүлэгт “... би очиж олон нийтийн газар хэрүүл шуугиан, зодоон хийж болохгүй, юу болоод байгаа юм бэ гэхэд Батсайхан “чамд хамаагүй, чи юу юм бэ” гээд барьсан зүйлээрээ баруун нүдний хөмсөгний доод хэсэгт цохисон ...” гэх,

“... үл таних залуу /Билэгдэмбэрэл/ миний гараас татаж, чангаагаад намайг Ж.Батсайханаар 3-4 удаа цохиулсан ...” гэх,

Хохирогч Н.Наранбаатар 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт “... тэгж байхад хэргийн талаар мэдүүлэг өгсөн Билэгдэмбэрэл араас архины шилээр цохих гэж байсан. Тэгтэл хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа гарыг нь татаж болиулсан, нөгөө шил нь газар унаж хагарсан. Би Билэгдэмбэрэлийг түлхэхэд Ж.Батсайхан шууд миний хамар луу цохисон. Тэгэхэд цуг явж байсан хүн нь мэдэхгүй, миний араас гар татаад дахин цохисон. 3-4 удаа нүүрэн тус газар цохисон ...” гэх.

Тайлбар: Хохирогч Н.Наранбаатарын мэдүүлэг бүгд зөрүүтэй ба намайг зодож хууль зөрчсөнөө хаацайлахын тулд өөрийг нь цохисон хүний оронд намайг гүтгэсэн.

2. Прокурор Г.Батбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ “... Ж.Батсайхан, Б.Гантулга нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхийн дүгнэлтэд “... түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэм хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөлүүд зэрэг нотолбол зохих асуудлуудыг шалгаж тогтоогоогүй байна ...” гэжээ.

Тайлбар: Прокурор Г.Батбаяр нь хэргээр миний эрх зүйн байдлыг доройтуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй яллах дүгнэлт үйлдэж, намайг илт гүтгэж яллахын тулд хуулийн дагуу бус, хуулийг хүртэл буруу ашиглаж байгаа нь маш тод харагдаж байна.

3. Мөрдөн байцаалтыг шударга бус байдлаар явуулсан. Мөрдөн байцаалтын явцад удаа дараа амаар болон бичгээр гаргасан “2015 оны 12 дугаар сарын 14-15-ны шөнө “Викториа” баарны камерийн бичлэг, мөн тус баарны хамгаалагч нарыг шалгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээж аваагүй. Энэ нь намайг цагаатгах талын нотлох баримтыг цуглуулахад илт саад болж байгаа нь харагдаж байна.

4. Хэрэг гарсан газрын болон тухайн байгууллагын ажилчдаас болсон хэргийн талаар байцаалт аваагүй. Байгууллагын камерийн бичлэгийг нягтлан шалгаагүй. Шалгуулах гэж удаа дараа хүсэлт тавьсан боловч шалгаж өгөөгүй.

5. Мөн шорлог зарж байсан Төвшөө гэх иргэн хэргийн газар дээр байсан. Энэ хүн хэн зодоон эхлүүлсэн, хэн нь хэнийгээ зодсон болохыг харсан гэрч. Энэ хүнээс мэдүүлэг болон байцаалт аваагүй талаар миний бие удаа дараа бичгээр болон амаар хүсэлт тавихад хүлээн аваагүй.

6. Батдэлгэрийг хэрэгт холбогдолтой болохыг гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

7. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд миний цагдан хоригдсон 2 сар 17 хоног байхгүй байна.

8. Гэрч Н.Отгонцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь бүгд худал байсан. Тухайн хэрэг гардаг өдөр Н.Отгонцэцэг нь Сайншандад байсан ба байх хугацаандаа хамтран ажиллуулж байсан мөсөн котокийн материалыг буулгаж зөөсөн байсныг нотлох гэрчүүд байгаа.

Иймд хэргийн үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү... “ гэв.

 

Ялтан Б.Гантулга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдааны явцад бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

 

Прокурор Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ж.Батсайханд холбогдох хэрэг урьд давж заалдах шатны шүүхээр хянагдаж ялтан Ж.Батсайханы хувийн байдал болох ялтны ялтай байх хугацааг тооцохгүйгээр “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан шийдвэрлэсэн гэсэн байдаг. Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн захирамж хэрэгт авагдаагүй учраас хувийн байдлыг тодруулаагүй шалтгаанаар мөрдөн байцаалтад буцаасан. Тухайн хэрэг Дорноговь аймгийн Сайншанд хотод төрийн албан хаагч албан үүргээ биелүүлэх үед эсэргүүцэл үзүүлсэн нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Хэргийн үйл баримтыг харсан гэрч Ариунтуяа нарын мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан. Мөн хохирогч Н.Наранбаатарын мэдүүлгээр давхар нотлогддог. Бааранд Ж.Батсайханыг хүнтэй муудалцаад гарсныг Төгсбаярын мэдүүлэгээр нотлогддог. Ж.Батсайхан өөр гэрч нарыг байцаах, бааранд сууж байсан хүмүүсээс байцаалт өгүүлэх хүсэлт гаргасан. Хэрэгт холбогдсон оролцогч болон гэрч нарыг байцааж шаардлагатай ажиллагаа хийсэн тул дахин шалгах шаардлагагүй. Хохирогч Н.Наранбаатарын нүдэнд учирсан гэмтлийг хэрэг болсон газар харсан гэрчүүд давхар нотолдог. Ж.Батсайхан Дорноговьд болсон хэрэгт шалгагдаж байх явцдаа Улаанбаатар хотод танхайрах гэмт хэрэг үйлдсэн. Б.Лхагвасүрэн, Н.Бат-Эрдэнэ нар шорлог идээд явж байхад Б.Гантулга нь Б.Лхагвасүрэнтэй муудалцаж улмаар цаашаа явж байх үед нь Ж.Батсайхан буцаж очоод ууж байсан пивоны шилээр Б.Лхагвасүрэнг цохиж гэмтэл учруулсан байдаг. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогч Б.Лхагвасүрэнгийн биед үүссэн гэмтэл нь тархи доргилт, зүүн хацарт зүсэгдсэн шарх үүссэн гэсэн дүгнэлт гарсан. Мөн тухайн үед дуудлагаар ирсэн цагдаа Пүрэвдаваагийн мэдүүлэгт “хохирогч “авраачээ” гэж орилоод байсан. Очиж салгаад зодсон хоёр хүнийг цагдаагийн автомашинд суулгасан. Зодуулсан хохирогч нарыг 103 руу залгаж түргэн рүү хүргүүлсэн” гэдэг. Ж.Батсайханы үйлдсэн гэмт хэрэг нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогддог учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ж.Батсайханы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

          Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд ялтан Ж.Батсайхан нь Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 1 сарын  хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 36 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ж.Батсайханы эдлээгүй үлдсэн 2 жил 4 сарын хорих ялаас өршөөн суллажээ.

                  

          Энэхүү Ж.Батсайханы 2014 онд ял шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэргийнх нь ялтай байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт “...хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн ...” гэж зааснаар дуусаагүй байхад түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоож, хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

          Өөрөөр хэлбэл, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт заасан “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулна” гэсэн заалтыг зөрчиж ялтай байх хугацааг дахин Өршөөлийн хуульд хамруулж шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны  ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй.

 

          Ялтан Ж.Батсайхан давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1467 тоот дүгнэлтэд “Б.Лхагвасүрэнгийн биед үүссэн гэмтэл нь нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн байхад намайг хохирогч Б.Лхагвасүрэнг шилээр цохисон гэж байгаа нь үндэслэлгүй” гэж маргаж байх тул шинжээч эмчийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулан хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

 

          Мөн шийтгэх тогтоолд Ж.Батсайханы цагдан хоригдсон хоногийг буруу тооцож бичсэн байна.       

 

          Иймд магадлалд дурдсан дээрх үндэслэл болон ялтан Ж.Батсайханы шинжээчийн дүгнэлт, цагдан хоригдсон хоногтой холбогдуулж гаргасан гомдлуудыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Батсайхан, Б.Гантулга нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Батсайхан, Б.Гантулга нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүхэд очтол ялтан Ж.Батсайханд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, ялтан Б.Гантулгад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол бичихгүй, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОЧМАНДАХ

 

                                 ШҮҮГЧИД                                              Д.МЯГМАРЖАВ

 

Ж.ЭРДЭНЭЧИМЭГ