Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 0217

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: 1982 онд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 13-6 тоотод оршин суух, Дөрвөд овгийн Түмэндээгийн Одсүрэн /РД: ОА-/-гийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: 1980 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 18-49 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч одоо Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, 2-20 тоотод түр оршин суух Боржигон овогт Хишигсүрэнгийн Өлзийсайхан /РД: МА-/-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Одсүрэн, хариуцагч Х.Өлзийсайхан, нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

              Нэхэмжлэгч Т.Одсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Х.Өлзийсайхантай 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хамт амьдарч эхэлсэн. 2008 оны 05 дугаар сарын 01-нд гэрлэлтээ батлуулж, 2008 оны 07 дугаар сарын 13-нд хүү Ө.Баяржавхланг төрүүлсэн. Хүүгээ төрсний дараахан жижиг маргаанаас болж аав, ээжийнхээ нүдэн дээр намайг алгадаж унагаасан. Хэдэн сарын дараагаас хий хоосон хардаж, ургуулан бодож, бодлоо тулгаж, уурлан, эсэргүүцвэл гар хүрдэг болсон. Ажлаасаа ирэхдээ согтуу ирж агсам тавьж, цагдаад 2-3 удаа саатуулагдаж байсан. Дараа нь огт архи уугаагүй, эрүүл байхдаа ч агсамнаж, хаалга цонхоо түгжиж, хөшгөө татчихаад тухтайхнаар хэрүүл өдөж, өөдөөс нь хариу юм хэлэхээр уурлаад л зоддог байсан. Утас булааж аваад ярих, тусламж дуудах боломж олгодоггүй байсан. Ингээд 2010 оны үед шүүхэд салах өргөдлөө өгсөн боловч 2 сарын эвлэрэх хугацаа өгсөн. Энэ хугацаанд хүү маань өвдөж, хүүгээ эргэж ирсээр байгаад хүчээр шахуу хамт амьдарч эхэлсэн. Гэвч хэсэг хугацааны дараагаас дахин хоосон хардаж, үе үе галзууртлаа уурлан босч чадахгүй болтол зоддог байсан. Зодуулснаар  тархи хөдлөх, хавирга цуурах, хуруу тулах, сав хазайх, хавдах хөхрөх зэрэг гэмтлүүд авч байсан. 2012 оны 07 дугаар сарын 05-нд бага хүү Ө.Жавхлантөгсийг төрөхөд түүний ааш зан дээрдэж, зодох нь багассан боловч хардаж уурлах, доромжлох, хааяа  гар хүрдэг зан нь арилаагүй. Тайван ажил хийлгэдэггүй байсан. Хүүхдүүдээ бодон амьдралаа алдахгүй гэж олон жил  тэсэж амьдарсан ч түүний хэрүүл зодооноос хүүхдүүд маань  аймхай болж, ааваасаа айдаг, үзэн яддаг болж, хүүхдийн  хүмүүжилд муугаар нөлөөлж эхэлсэн. 2015 оны 7 дугаар сард Дарханд манай аавынд амрахаар очих үед миний гарын булчин цохиулж хөхөрсөн байсныг эгч Туяа хараад бид хоёрыг дуудан уулзаж, хэдэн үг хэлж зэмлэсэн. Тэрээр эгчийн хэлсэн үгийг даалгүй уурлан шууд гарч яваад эргэж ирээгүй. Ингээд 2015 оны 07 дугаар сарын сүүлчээс эхлэн тусдаа амьдарч байгаа бөгөөд хүүхдүүдээ би ганцаараа өсгөж, өндөр зээл төлж, түрээсийн байранд амьдарч байгаа болохоор мөнгө төгрөгийн туслалцаа их хэрэгтэй байгаа бөгөөд салаад 1 жилийн  хугацаа өнгөрсөн тул хоёулаа бие сэтгэлээрээ холдож хөндийрсөн. Хамгийн гол нь би 2 хүүтэйгээ сүүлийн  нэг жилийн хугацаанд ямар ч айдас дарамтгүй амьдарч үзлээ. Мөн салсан нэг жилийн хугацаанд утсаар ярих, мессеж бичих зэргээр холбогдож элдэв муухай үгээр дайрч доромжилж байгаа нь тэсэхэд бэрх хүнд байна. Бас өөрөө салах хүсэлтэй байгаагаа удаа дараа мессежээр бичиж, яаруулж байгаа билээ. Иймд бидний салах хүсэлтэй байгааг харгалзан үзэж, бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Т.Одсүрэн шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Бид хоёр 2002 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд оюутан байхдаа  танилцаж байсан. 2007 онд би Хөтөлд багшлахаар ирсэн. Тэгээд бид хоёр 2008 онд гэрлэлтээ батлуулсан бөгөөд бидний дундаас 2008 оны 07 дугаар сарын 13-нд хүү Ө.Баяржавхлан, 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүү Ө.Жавхлантөгс нар төрсөн. Том хүүгээ төрсний дараагаас хардах, сэрдэх асуудлаас болж хэрүүл зодоон хийж олон жил явсан. 2010 оны 11 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл өгч шүүхээр орсон боловч эвлэрсэн. Гэвч дахиад хэрүүл маргаан, зодоонтой амьдарч эхэлсэн. Хоёр хүүхэд маань айдастай, буруу хүмүүжилтэй болж байгаа учир салъя гэсэн шийдвэрт хүрсэн. Тусдаа жил гаран амьдарч байгаа, энэ хүн өөрөө салах хүсэлтэй байгаа учир гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байна.  Хүүхдүүдээ өөрийн асрамжинд авна. Энэ хүнийг 2 жил орчим ажил хийж болохгүй гэсэн учир энэ удаадаа  хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

          Хариуцагч Х.Өлзийсайхан шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Энэ хүний хэлсэн үнэн. Бид 2008 онд гэрлэлтээ батлуулсан бөгөөд бидний дундаас 2008 оны 07 дугаар сарын 13-нд хүү Ө.Баяржавхлан, 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүү Ө.Жавхлантөгс нар төрсөн. Хамт амьдрах хугацаанд хоорондоо таарамж муутай байдаг байсан. Ингэж явж байснаас салъя гэж бодож байна. Урьд нь нэг удаа шүүхээр орж эвлэрч үзсэн. Гэвч дахиад хэрүүл зодоонтой байгаа учир хэн хэнийгээ, хүүхдүүдээ бодоод гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд үлдээнэ. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

         Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Т.Одсүрэн, хариуцагч  Х.Өлзийсайхан нар 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2008 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүү Ө.Баяржавхлан, 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүү Ө.Жавхлантөгс нар төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар болон гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсөний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна.

 

           Хариуцагч Х.Өлзийсайхан нь эхнэр Т.Одсүрэнг бусадтай хардаж сэрдсэний улмаас байнгын хэрүүл маргаан үүсгэн, улмаар зодож, бие махбодид нь гэмтэл учруулан эхнэр хүүхдүүдээ айдас, түгшүүртэй нөхцөлд амьдруулдаг байсан болох нь зохигчдын тайлбар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн лавлагаа зэргээр нотлогдож байх ба гэрлэгчид дээрх байдлаас шалтгаалж зан харьцааны таарамжгүй байдалд орж, 2015 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдрах болсон нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан болжээ.

           Дээрх шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгааг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

    Хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбар, хүүхдийн санал, зохигчдын ахуйн нөхцөл бололцоо, хүүхдийн өсч хүмүүжих орчин зэргийг харгалзан хүү Ө.Баяржавхлан, Ө.Жавхлантөгс нарыг  эх Т.Одсүрэнгийн асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.

    Нэхэмжлэгч Т.Одсүрэн нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн бөгөөд гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан Дөрвөд овгийн Түмэндээгийн Одсүрэн, Боржигон овогт Хишигсүрэнгийн Өлзийсайхан нарын гэрлэлтийг цуцалсугай.

          2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Ө.Баяржавхлан, 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Ө.Жавхлантөгс нарыг эх Т.Одсүрэнгийн асрамжинд үлдээсүгэй.

          3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

         4.Нэхэмжлэгч Т.Одсүрэн хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн бөгөөд гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

          5.Гэр Бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Үржинхандад даалгасугай.

      6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

          7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.   

                            

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР