Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
Хэргийн индекс | 131/2016/0386/И |
Дугаар | 383 |
Огноо | 2016-06-10 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 383
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-3-28 тоотод оршин суух, эрэгтэй, ВК56060711 регистрийн дугаартай, Боржигон овогт Чойхүүгийн Гантулгын ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч , хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Гантулга шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар Ч.Гантулганы иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 344 дугаар албан бичиг, 1989 оны 04 сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 21982 оны 05 сарын 09-ны өдрийн 16 дугаар тогтоолын хуулбар, Нэгдлийн зөвлөлийн 1983 оны 11 сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэл, Нэгдлийн зөвлөлийн гишүүдийн 1984 оны 04 сарын 26, 1985 оны 03 сарын 28-ны өдрийн ирцийн мэдээний хуулбарууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Ч.Гантулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Ч.Гантулга нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын 2-р бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 344 дугаар албан бичиг, 1989 оны 04 сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 21982 оны 05 сарын 09-ны өдрийн 16 дугаар тогтоолын хуулбар, Нэгдлийн зөвлөлийн 1983 оны 11 сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэл, Нэгдлийн зөвлөлийн гишүүдийн 1984 оны 04 сарын 26, 1985 оны 03 сарын 28-ны өдрийн ирцийн мэдээний хуулбарууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд Боржигон овогт Чойхүүгийн Гантулгын хүсэлтийг хангаж, улсад ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Чойхүүгийн Гантулгын 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын 2-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ч.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчшийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ