Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 261

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Ж.Урансайханы нэхэмжлэлтэй, хариуцагч С.Оюунтүлхүүрт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр, хүү нийт 214.650 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад           

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Өргөн сум, 4-р баг, Баргилт 2-26 тоотод оршин суух Улаанууд овогт Жаргалсайханы Урансайхан /РД: ЕЦ86091565/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Урансайхан миний бие нь Өргөн суманд хүнс барааны дэлгүүр ажиллуулдаг. Өргөн сумын иргэн Сэрээдоржийн Оюунтүлхүүр  2014 оны 11 сард 137.500 төгрөгний бараа болон хүнсний зүйл авч одоог хүртэл өгөөгүй. Миний бие банкнаас бизнесийн өндөр хүүтэй зээл авч бараа бүтээгдэхүүнийхээ татан авалтыг хийдэг. Тиймээс тухайн авсан барааны үнийн дүнг сар бүрийн 2.2 хувийн хүүтэй тооцож нийт 214.650 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Урансайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Урансайхан миний бие тус шүүхэд С.Оюунтүлхүүрээс 214.650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч С.Оюунтүлхүүр нь 2016.09.23-ны өдөр 137.500 төгрөг бэлнээр төлж барагдуулсан. Миний бие нэхэмжлэлийн шаардлагаас 77.150 төгрөгнөөс татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Ж.Урансайхан нь хариуцагч С.Оюунтүлхүүрээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр 137.500 төгрөг, хүү 77.150 төгрөг нийт 214.650 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Оюунтүлхүүр нь нэхэмжлэлийн шаардлагаас 137.500 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгчид бэлнээр төлж, нэхэмжлэгч Ж.Урансайхан нэхэмжлэлийн шаардлагаас 77.150 төгрөгөөс татгалзсан талаарх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Урансайханы нэхэмжлэлтэй С.Оюунтүлхүүрт холбогдох худалдан авах гэрээний үүргийн төлбөр, хүү нийт 214.650 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 77.150 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С.Оюунтүлхүүр нь 137.500 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төлж барагдуулснаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Ж.Урансайхан нь 77.150 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7.100 төгрөгийн 50 хувь болох 3550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 3550 төгрөгийг, хариуцагч С.Оюунтүлхүүрээс 137.500 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 2387 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Урансайханд олгосугай.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Э.БОЛОРМАА