Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
Хэргийн индекс | 131/2016/0426/И |
Дугаар | 436 |
Огноо | 2016-06-27 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 436
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-55-05 тоотод оршин суух, ВТ87031103 регистрийн дугаартай Чимэд овогт Готовын Батгэрэлийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-55-05 оршин суух, ВЮ85042477 регистрийн дугаартай Боржигон овогт Эрдэнээгийн Өлзийжаргалд холбогдох Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Батгэрэл, хариуцагч Э.Өлзийжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Батгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Э.Өлзийжаргалтай 2006 онд танилцаж, хамтран амьдарч байсан. 2007 оноос хойш түүний дарамтанд зодуулж, нүдүүлж гадаа хүртэл хонож байсан. Есөн жил зодуулж, нүдүүлснээс болж нуруу нугасны өвчтэй болж байнгын эмнэлэгт хэвтэн, өдөр болгон өвчин намдаах эм хэрэглэн амьдарч байна. 2016 оны 06 дугаар сард ажлын байран дээр ирэн зодсон. Түүнээс болж баруун хөлний булчин байнга чинэрч одоо ямар ч мэдрэлгүй болж байгаа. Эмчилгээ хийлгэж хийлгэхэд гадуур тэнэж яваад ирлээ гэх шалтгаанаар хутга гарган зодож, шөнийн 12 цагаас 03 цаг хүртэл хүүхдээ айлган дарамтандаа байлгаж байсан. Намайг харж хандах ах дүү энд байхгүй, ээж маань бага байхад нас барсан. 2015 оны 06 дугаар сараас хойш түрээсийн байранд амьдарч байна. Сэтгэл санаа болон эрүүл мэндээр их хохирч байна. Охинтой маань Э.Өлзийжаргал уулзуулдаггүй. Хааяа охинтойгоо уулзахаар ээж чинь юу гэж байна гэж асууж шалгаан хэлэхгүй бол гарыг нь өргүүлж хэдэн цагаар зогсоодог гэсэн. Үүнээс болоод би охинтойгоо чөлөөтэй уулзаж чаддаггүй. Би хүүхдээ өөрийн асрамжинд үлдээх хүсэлтэй байгаа. Би 2015 оны 01 сард гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл шүүхэд өгсөн боловч эвлэрүүлэн зуучлалын албанд шилжүүлж, та хоёрыг эвлэрснээр шийдсэн гээд шийдэж өгөөгүй. Түүнээс хойш хамт амьдраагүй. Э.Өлзийжаргал намайг ажил хийлгэхгүй хардаж, зоддог байсан. Сүүлдээ 7 хоногт 3 удаа гар хүрдэг болсон. Би амь нас, эрүүл мэндээ тэр хүнээс болж алдахыг хүсэхгүй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоож өгнө үү? гэжээ
Нэхэмжлэгч Г.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид шүүх дээр хэрэг хянагдах явцад харилцан тохиролцож хүүхдээ эцэг Э.Өлзийжаргалын асрамжид үлдээж, өөрийн байрыг миний өмчлөлд үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүйгээр гэрлэлт цуцлуулах шийдвэрт хүрсэн. Миний хувьд эцэг,эх маань бага байхад нас барсан. Харж хандах хүн байхгүй, энэ хүнд зодуулж нүдүүлсээр сүүлдээ нуруу нугасны өвчтэй болсон. Энэ талаар би ах, эгчийнхээ санааг зовоочих байх гээд хэлдэггүй байсан. Би энэ хүнийг өөрөө ойлгож, ухаараад намайг зодож нүдэхээ болих байх гэж их хүлээсэн тэгээд сүүлдээ би арга бараад шүүхээр гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргасан. Бид 2007 оноос хойш нэг гэрт хамт амьдарсан. Бидний таарамжгүй байх шалтгаан нь хадмуудаас их шалтгаалдаг, гэр бүлийн бага зэрэг таарамжгүй байдлаас болж хэрүүл маргаан болдог, би бас өөрөө жаахан ааштай хүн. Э.Өлзийжаргал нь архи дарс уудаггүй, эрүүл саруул үедээ л хэрүүл хийж хүн зоддог юм. Би сүүлдээ хүнд хүчир ажил хийх чадваргүй болсон. Хүүхд ээ аав дээр нь үлдээгээд уулзах үедээ уулзаад явахаар тохирсон юм. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн талаар бид харилцан тохирсон юм. Миний хувьд гэр бүлээ цуцлуулаад 1-2 жилдээ Э.Өлзийжаргалыг өөрийн доголдол, дутагдлаа яаж засаж залруулах нь вэ, үр хүүхдээ яаж өсгөж хүмүүжүүлэх нь вэ гэдгийг би харах бодолтой байгаа хэрэв сайн үр дүн гарвал гэр бүлийн асуудлаа эргэн харах болно..гэв.
Хариуцагч Э.Өлзийжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2005 онд Г.Батгэрэлтэй танилцаад 2015 он хүртэл хамт амьдарч ирсэн. Энэ үед гэр бүлийн хэрүүл маргаан гарах үед аль болох л болох талаас нь шийдээд өнгөрөхийг хүсэж ирсэн. Тэр хүний бичсэн шиг тийм аймар зодоон цохион өмнө нь болдоггүй байсан. Харин сүүлийн нэг жилд хэрүүл маргаан хурцдаж хэрүүл зодоон хийх болсон. Уг шалтгаан нь Батгэрэл буруу хүмүүстэй нөхөрлөж өөр хүнтэй явалдаж эхэлсэн. Миний хувьд энэ талаар нь их хэлж ойлгуулах талаас нь их хэлж гуйсан боловч сүүлдээ хэрүүл болоод өнгөрдөг байсан. Би өөрөө ажил гэж явсаар энэ хүнийг хайр халамжаар дутаасан гэж бодддог. Харин энэ хүн хүүхэд аваад асраад явж чадахгүй гэж бодож байна. Иймд хүүхдээ өөр дээрээ өсгөх хүсэлтэй байна. Миний талаас хүүхдээ ээжтэй нь уулзуулахгүй байх шалтгаан байхгүй. Одоо миний хүүхэд эмээ өвөө дээрээ эрүүл саруул байна. Шүүхийн өмнөх шатанд бид харилцан ойлголцоод одоо амьдарч байгаа байраа эхнэр Г.Батгэрэлд өгөөд би хүүхдээ өөрийн асрамжид аваад, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүйгээр, гэрлэлтээ цуцлуулахаар тохирсон байгаа. Ер нь миний хувьд гэрлэлтээ цуцлуулах шаардлага байхгүй л гэж бодож байгаа..гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Г.Батгэрэл, хариуцагч Э.Өлзийжаргал нарын иргэний үнэмлэхний хуулбар ,гэрлэлтийн батлахын хуулбар, Ө.Оюун-Номингийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор сумын Оточмандал өрхийн эмнэлгийн 2015 оны 01 сарын 05-ны өдрийн тодорхойлолт, Номундалай сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, Сум дундын 3-р шүүхийн шүүгчийн 2015 оны 02 сарын 16-ны өдрийн 86 дугаар захирамж, Ө.Оюу-Номингоос асууж авсан тайлбар/санал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Батгэрэл нь хариуцагч Э.Өлзийжаргалд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Нэхэмжлэгч Г.Батгэрэл, хариуцагч Э.Өлзийжаргал нар нь 2007 оны 06 сарын 18-ний өдөр гэр бүл болсныг 2007 оны 06 сарын 21-ний өдөр гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлт бүртгэж гэрчилгээ олгосон байна. Улмаар хамтран амьдрах хугацаанд 2006 оны 12 сарын 31 ний өдөр охин Ө.Оюун-Номинг төрүүлж өсгөсөн байна.
Г.Батгэрэлийн төрүүлсэн охин Ө.Оюун-Номин нь Э.Өлзийжаргалын хүүхэд мөн болох, одоо эрүүл энх өсөж, сурч байгаа болох нь №0064997-341 дугаартай төрсний гэрчилгээ, Оточмандал өрхийн эмнэлгийн тодорхойлолт, Номун-далай сургуулийн тодорхойлолт, зохигчдийн тайлбар зэргээр тогтоогдсон байна.
Гэрлэгсэд нь гэр бүлийн таарамжгүй харьцаа, гэр бүлийн хүчирхийлэл зэргээс шалтгаалан 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа, 2015 оны 02 сарын 16-ны өдрийн сум дундын 3-р шүүхийн шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гарч байсан, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс гэрлэгсдэд эвлэрлүүлэх хугацаа өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, зохигчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, өмч хөрөнгөө харилцан зөвшилцөж хуваан авахаар болсон талаар шүүх хуралдаан дээр илэрхийлсэн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д ..Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэсний дагуу хариуцагчийн хүсэлтээр 9 нас 6 сартай охин болох Ө.Оюу-Номинг эцэг эхийн хэний асрамжид үлдэх талаархи саналыг асуухад тэрээр эцэг Э.Өлзийжаргалтай хамт амьдрахыг хүсэж байгаа талаархи тайлбараа өгсөн байна.
Мөн гэрлэгчид нь шүүх хуралдаан дээр хүүхдийн асрамжийн талаар харилцан зөвшилцөж охин Ө.Оюу-Номинг эцэг Э.Өлзийжаргалын асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн талаар илэрхийсэн байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно .. гэсний дагуу охин Ө.Оюу-Номинг эцэг Э.Өлзийжаргалын асрамжид үлдээж тэдний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Чимэд овогт Готовын Батгэрэл, Боржигон овогт Эрдэнээгийн Өлзийжаргал нарын гэрлэлтийг цуцалсугай. 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2006 оны 12 сарын 31 ний өдөр төрсөн охин Э.Оюу-Номинг эцэг Э.Өлзийжаргалын асрамжид үлдээсүгэй. 3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчтай харилцан тохиролцож хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг баримтлан гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч охин Ө.Оюу-Номингэрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Э.Өлзийжаргал, эх Г.Батгэрэл нарын үүрэг хэвээр үлдэх болохыг зөвлөсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.Өлзийжаргалаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Батгэрэлд олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ