Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 438

 

Зохигчдын эвлэрлийн баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч: Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-6-12 тоотод оршин суух, ВР82111419 регистрийн дугаартай, Харчин овогт Дадалын Батсайханд холбогдох Зээлийн гэрээний төлбөрт 19,076,399.33 , нотариатын үйлчилгээний хөлс 5.500 нийт 19,081,899 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Батсайхан нь Голомт банктай 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ЗГ6100002517 тоот зээлийн гэрээг байгуулсны үндсэн дээр 17.500.000 (арван долоон сая таван зуун мянган) төгрөгийг сарын 1.7%-ийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар зээлийг авсан билээ.Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Батсайхан нь Голомт банктай 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ЗБ610002517 тоот барьцааны гэрээг байгуулж, Улсын бүртгэлийн Г-0320001013, гэрчилгээний 000205863 дугаартай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-р багийн 6-р гудамжны 12 тоот хаягт байрших, 572м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар бүхий Дадал овогтой Батсайханы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Голомт банкинд барьцаалуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болно.Улсын бүртгэлийн Ү-0320002524, гэрчилгээний 000183250 дугаартай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-р багийн 6-р гудамжны 12 тоот хаягт байрших, 47,5м.кв талбайтай хувийн сууцны зориулалт бүхий Дадал овогтой Батсайханы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Голомт банкинд барьцаалуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болно.Зээлдэгч Д.Батсайхан, Голомт банк нарын хооронд байгуулсан 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээний хавсралт болох зээлийн графикийн дагуу зээл, зээлийн хүүг төлөхгүй, төлөхөөс зайлсхийсээр байна. Голомт банкны зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдож, уулзан зээлийн үндсэн болон зээлийн хүүгийн төлбөрийг шаарддаг боловч Зээлдэгч Д.Батсайхан нь зээл, зээлийн хүүг төлнө гэдэг ч одоог хүртэл төлөлт хийгдээгүй байна.

Иймд Иргэнийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээнд заасныг үндэслэн дараахь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Үүнд:2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг хууль тогтоомжийн дагуу худалдан 2016 оны 05 дугаар сарын 18-ны Зээлийн гэрээний төлбөрт 19,076,399.33 (Арван есөн сая далан зургаан мянга гурван зуун ерэн есөн төгрөг.гучин гурван мөнгө) төгрөг, Зээлийн гэрээ, барьцааны гэрээг нотариатаар батлуулсан хураамжид төлсөн 5.500 (Таван мянган таван зуун) төгрөг, нийт 19,081,899.33 (Арван есөн сая наян нэгэн мянга найман зуун ерэн есөн төгрөг гучин гурван мөнгө) төгрөгийг Голомт банкинд олгуулж өгнө

Барьцаа хөрөнгүүдийг хууль тогтоомжийн дагуу худалдсан үнэ нь 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээний төлбөрт хүрэлцэхгүй бол зээлдэгчийн бусад хөрөнгөнөөс хангуулах тухай шийдвэрт зааж өгнө үү..гэжээ.

Нэхэмжлэгч Голомтбанкны салбарын захирал Х.Мөнх-эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа:

Д.Батсайханд холбогдуулан зээлийн гэрээний төлбөр 19076399 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Батсайхантай эвлэрэн хэлэлцэж, 4000000 төгрөгийн 2000000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны дотор, үдэгдэл 2000 000 төгрөгииг 2016 оны 08 дугаар сард төлүүлж хугацаа хэтрэлтээс гарч, 2016 оны 08 дугаар сараас эхлэн сар бүр зээлийн төлбөрөө графикийн дагуу төлж байхыг тохирсон тул шүүхийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Батсайхан шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Голомт банктай харилцан тохиролцож хугацаа хэтэрсэн 4000000 төгрөгийг 2 хувааж, 2016 оны 07 дугаар сарын 20-ны дотор 2000000 төгрөгийг, үдэгдэл 2000000 төгрөгииг 2016 оны 08 дугаар сард төлөхөөр боллоо... Цаашид зээлээ хэвийн нөхцлөөр буюу зээлийн хуваарийн дагуу төлөлтөө хийж байхаар тохиролцсон гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь Д.Батсайханд холбогдуулж Зээлийн гэрээний төлбөрт 19,076,399.33 , нотариатын үйлчилгээний хөлс 5.500 нийт 19,081,899 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Д.Батсайхан нь Голомт банкны Баянхонгор аймаг дахь салбартай 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ЗГ6100002517 тоот зээлийн гэрээ байгуулж 17.500.000 (арван долоон сая таван зуун мянган) төгрөгийг сарын 1.7%-ийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар зээлсэн байна. Улмаар хариуцагч Д.Батсайхан нь 2014 оны 06 сараас гэрээний үүргээ биелүүлэлгүй, хугацаа хэтрүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

Хариуцагч Д.Батсайхан нь зээлийн гэрээний үүргийн төлбөр 19076399 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хугацаа хэтрүүлсэн зээл 4000000 төгрөгийн 2000000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны дотор, үдэгдэл 2000000 төгрөгииг 2016 оны 08 дугаар сард төлж барагдуулах, үлдэгдэл зээлийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр, нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хугацаа хэтрүүлсэн зээл, түүний хүүгийн төлбөр 4000000 төгрөгийг 2016 оны 08 сарын дотор гаргуулж, үлдсэн зээлийн хүү төлбөрийг гэрээнд заасны дагуу төлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн тал хувийг төрийн сангийн орлогоос, тал хувийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хугацаа хэтрүүлсэн зээл, түүний хүүгийн төлбөр 4000000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын дотор хариуцагчаас гаргуулж, үндсэн зээл, хүү төлбөрийг гэрээнд заасны дагуу төлүүлэхээр, хариуцагч Д.Батсайхан нь зээлийн гэрээний үүргийн төлбөр 19081899 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 4000000 төгрөгийг 2016 оны 08 сарын дотор төлж барагдуулах, үндсэн зээл, хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253332 төгрөгийн тал хувь болох 126666 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогоос, хариуцагч Д.Батсайханаас 39475 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ