Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 182/2016/00771/и |
Дугаар | 00527 |
Огноо | 2016-09-12 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 00527
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, Б 8-30 тоотод оршин суух, Бадрах овогт Жамбалсүрэнгийн Нарантуяа/ХБ60082861/-гийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.Нарантуяа, нарийн бичгийн даргаар Б.Мишээл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1990 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүгчийн албан тушаалд 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №104 дугаар тушаалаар томилогдон ажиллаж байсан. Тус байгууллагад шүүгчээр ажиллаж байгаад чөлөөлөгдсөн тушаалаа Шүүхийн төрөлжсөн архиваас шүүлгэхэд гарч ирэхгүй байгаа учраас намайг Сүхбаатар дүүргийн шүүхэд 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл шүүгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Ж.Нарантуяа/ХБ60082861/ нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
Ж.Нарантуяа нь 1990 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүгчээр ажиллаж байсан болох нь түүний тайлбар, Сүхбаатар дүүргийн шүүхийн 1990.12.22-ны өдрийн Ж.Нарантуяагийн ажил байдлын тодорхойлолт, Улаанбаатар хотын шүхийн даргын 1990.11.20-ны өдрийн 104 дүгээр тушаал, Бүгд Найрамдах Монгол Ард улсын Бага хурлын нарийн бичгийн даргын 1991.1.02-ны өдрийн 01 дүгээр захирамж зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Ж.Нарантуяагийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жамбалсүрэнгийн Нарантуяа/ХБ60082861/-г 1990.10.01-нээс 1990.12.31-ийг хүртэл Сүхбаатар дүүргийн ардын шүүгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Ж.Нарантуяагаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ