Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2016/00449

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 22 өдөр

 Дугаар 182/ШШ2016/00449

              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч С.Буд даргалж, шүүгч Х.Дашдэчмаа, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн  шүүх хуралдаанаар

           

Нэхэмжлэгч: ГГТ ХХК-ийн ГГНЭ

           

Хариуцагч:  Б.Б

           

            эмнэлгийн үйлчилгээ үзүүлсний төлбөрт 632.130 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэм хорын хохиролд 380.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, Ш.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, иргэдийн төлөөлөгч Ж.О, нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.

                                                  

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн Б.Б нь “ГГ” нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 9 хоног хэвтэн эмчлүүлсэн.

Б.Б 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус эмнэлгийн захиргаанд эмчилгээ, үйлчилгээний талаар гомдолтой байгаа тухай хүсэлт ирүүлсэн ба 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэн Б гийн хүсэлтийг хүлээн авч судлан, Чанарын албаны өргөтгөсөн хурлаар асуудлыг авч хэлэлцэн оношилгоо, эмчилгээнд алдаа гараагүй, иргэний хүсэлтийг харгалзан эмчилгээний төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэж, уг шийдвэрээ үндэслэн хүсэлтийн 03/22 тоот хариуг тухайн өдрийн 13 цаг 35 минутанд Б д хүргүүлсэн.

Б гийн эмчилгээ үйлчилгээний нийт төлбөр 937.760 төгрөг болсон. 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн хооронд гарсан нийт өртөг 780.930 төгрөг гарсны 550.000 төгрөгийг үйлчлүүлэгчээр төлүүлэх, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл эмчилгээг сунгаад эмчилгээний зардал 156.830 төгрөг болсны 50 хувийг бас хөнгөлсөн. Дээр нь эмийн мөнгө 3.710 төгрөг нэмж тооцсон. Мөн иргэний эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөнд хугацаандаа хамрагдах боломжтой байсан.

Гэтэл Б.Б нь 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр эмчилгээ үйлчилгээний нийт төлбөл зохих 632.130 төгрөгийг төлөөгүй гарсан, эрүүл мэндийн даатгалын дэвтэргүй байсан.

2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 17 цаг 20 минутад тус эмнэлгийн тооцооны нягтлан бодогч Г.Буяндэлгэр үйлчилгээний төлбөрөө төлж барагдуулахыг Б гийн 99285600 дугаарт холбогдон Б тай ярихад “Миний хуулийн зөвлөхтэй ярь” гээд н.Ба гэдэг хүнтэй яриулсан. н.Ба нь тооцооны нягтлан бодогчийг хэл амаар доромжилж хуулийн байгууллагад хандахыг зөвшөөрсөн.

Д.Б хэвтэх үедээ төлбөрийг бартераар төлөх тухай хүсэлтийг санхүү эрхэлсэн дэд захиралд тавьж байсан байна. Тэрийг нь хүлээж аваагүй, тэгээд л элдэв зовиур шалтаг тоочиж эхэлсэн.

Иргэн Б д манай эмнэлгийн зүгээс тодорхой хэмжээний хөнгөлөлтийг үзүүлсээр байхад үйлчилгээний төлбөрөө төлж барагдуулахгүй байгаа тул хариуцагчаас 632.130 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Эм тариа авсан гэх баримт нь хэн худалдан авсан нь тодорхойгүй, Б.Б өөрөө хэрэглэсэн гэдэг нь эргэлзээтэй байна гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч өвчний улмаас ГГЭ т 2016 оны 01 сарын 27-ны  өдрөөс 2016 оны 02 сарын 05-ны хооронд хэвтэж эмчлүүлсэн болно. Энэ хугацаанд тус эмнэлгийн хэвтэж эмчлүүлсэн тасгийн өрөө маш хүйтэн, эмч үйлчлэгч нарын хариуцлага маш дутмаг, дусал залгаад  хаяж явдаг, Циприонол, Лабор, Кавинтон зэрэг дуслын тарилгууд нь биед харшил өгч реакцлан шоконд орсон үед сувилагчийг дуудаж, удаа дараалан хонх дарахад шөнийн 00 цагаас өглөөний 09.00 цагт эмч ирж үзэх хооронд огт орж ирээгүй учир өөрөө дуслаа салгаж бие хөлрөн дагжин чичирч, бие толгой маш их өвдөж хямарч хоноход ямар ч арга хэмжээ аваагүй. Энэ талаар эмнэлгийн захиргаанд гомдол гаргасанд 2016 оны 02 сарын 05-ны өдөр 03/22 тоот тушаал өгсөн. Дээрх эмчилгээ нь миний эрүүл мэндэд ямарч тус нэмэр болоогүй харин ч улам хүндрүүлж өвчний байдлыг дордуулсан тул эмнэлгээс өөрөө гарч өөр эмнэлэгт эмчлүүлэх шийдвэрийг өөрийн амь нас, эрүүл мэндийнхээ төлөө гаргасан. Нэхэмжлэгч ГГЭ ийн  хариуцлагагүй үйл ажиллагаа, оношилгоо эмчилгээг буруу хийсний хор уршиг үр дагавраас миний бие хохирч үлдсэний улмаас Дүүргийн эрүүл мэндийн төвийн хяналтанд орж зөвлөгөө аван үргэлжлүүлэн эмчлүүлж 350.000 төгрөгийн нэмэлт үйлчилгээ хийлгэсэн тул энэ мөнгийг авахаар шаардан сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 

Шүүх компаний гэрчилгээ болон ГГНЭ-ийнтусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Чанарын албаны өргөтгөсөн хурлын тэмдэглэл, шийдвэр, Б гийн хүсэлт, хүсэлтийн хариу, зарлагын баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч хариуцагчаас эмнэлгийн үйлчилгээ үзүүлсний төлбөрт 632.130 төгрөг гаргуулах тухай, хариуцагч нэхэмжлэгчийг эмчилгээ оношлогоо буруу хийсний улмаас биеийн байдал дордож нэмж зардал гаргасан гэж 350.000 төгрөг сөрж нэхэмжилсэн нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

           

            Иргэн Б.Б нь “ГГ” нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 9 хоног хэвтэн эмчлүүлж, эмчилгээ үйлчилгээний төлбөр 937.760 төгрөг болсон нь талуудын тайлбар, холбогдох баримтаар тогтоогдож байна.

 

Б.Б 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус эмнэлгийн захиргаанд эмчилгээ, үйлчилгээний талаар гомдолтой байгаа тухай хүсэлт ирүүлсэн тул хүсэлтийг судлан, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Чанарын албаны өргөтгөсөн хурлаар хэлэлцэн оношилгоо, эмчилгээнд алдаа гараагүй, харин эмч, сувилагчийн зүгээс өвчтөнд хандах хандлага дутсан гэж үзэж, мөн иргэний хүсэлтийг харгалзан эмчилгээний төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Б гийн эмчилгээнд 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хооронд гарсан нийт өртөг 780.930 төгрөгийн 550.000 төгрөгийг, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл эмчилгээг сунгаад эмчилгээний зардал 156.830 төгрөг болсны 50 хувийг хөнгөлж, нийт 632.130 төгрөгийг Б гаар төлүүлэх болсон байна.

 

            Б.Б эмчилгээний зардлыг төлөхгүй гэж маргаж, улмаар эмнэлэг эмчилгээ оношлогоо буруу хийсний улмаас биеийн байдал дордож, өөр эмнэлэгт эмчлүүлж нэмж зардал гаргасан гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            Нэхэмжлэгч хариуцагчид холбогдох эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн байх ба оношлогоо болон эмчилгээ буруу болсон нь нотлогдохгүй байна. Б гийн гомдлоос харахад, тухайлбал, цонх сийгсэн, дусал хийснээс хойш хүйтэн хөлс гоожиж хэвтэж байхад эргээгүй гэснээс үзэхэд эмнэлгийн үйлчилгээ доголдолтой байсан байх бөгөөд үүнийг харгалзан эмнэлэг төлбөрийнхөө зохих хувийг хөнгөлсөн байна.

 

            Харин дээрх эмнэлэгт хийсэн оношлогоо, эмчилгээ Б гийн биеийн байдлыг дордуулсан, өөрөөр эмчлэх шаардлагатай болсон нөхцөл байдал харагдахгүй байна. Б гийн хэрэглэсэн гэж ирүүлсэн эм тарианы баримт шаардлага хангахгүй, эм тариаг хэн худалдан авсан нь болон эм тариаг хэрэглэх тухай эмч зааварласан эсэх нь тодорхойгүй байна.

 

            Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 115.2.3, 118-р зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Монгол улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-ийг баримтлан Б гаас 632.130 төгрөгийг гаргуулж ГГТ ХХК-ийн ГГ нэгдсэн эмнэлэгт олгож, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-ийг баримтлан гэм хорын хохиролд 350.000 төгрөг гаргуулах тухай Б гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 19.620 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 19.620 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжид төлсөн 11.150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                    С. БУД

                                        

                                          ШҮҮГЧИД                                   Х.ДАШДЭЧМАА

                                                                                            

                                                                                              Т.ЭНХТУЯА