Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 102/2016/06074/И |
Дугаар | 102/ШШ2016/05013 |
Огноо | 2016-09-01 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2016/05013
2016 оны 09 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2016/05013 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Дэнжийн 2-42 тоотод оршин суух, эрэгтэй, Халзан овогт Дамбын Оюунбат /РД-ЧБ64011018/-ын,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Нэхмэлийн 11 дүгээр байрны 26 тоотод оршин суух, эрэгтэй, Мэрхэд овогт Шурагийн Ууганбаяр /РД-УЗ88051298/-т холбогдуулан гаргасан,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 277,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, мөн сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Оюунбат, хариуцагч Ш.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ш.Ууганбаярын хүсэлтээр 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 418,000 төгрөг, дээрээ нэмээд 500,000 төгрөг зээлж, сарын 10 хувийн хүүтэй, 25 хоногийн хугацаанд өдөр бүр 50,000 төгрөг өгөх замаар зээлийг төлөхөөр тохиролцон зээлийн гэрээ байгуулсан.
Ингээд 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 50,000 төгрөг өгч байгаад 02 дугаар сарын 01-ний өдөр 30,000 төгрөг, 09-ний өдөр 500,000 төгрөг гэх мэтээр төлж байгаад гэрээний хугацаанд 660,000 төгрөгийг төлсөн. Гэрээний хугацаа дуусахад зээлийн үлдэгдэл 308,000 төгрөгийг төлөхгүй, утсаа авахгүй алга болоод намайг хохироож байгаа учраас шүүхэд хандсан.
Би хариуцагчийг зээлийн төлөхийг олон удаа шаардсан, Ш.Ууганбаярын ээжид нь зээлээ бага багаар төлөөч гэхэд дахин мөнгө нэмж зээлэхийг шаардсан. Би өмнөх зээлээ төлж чадахгүй байгаа учраас зээл өгөхөөс татгалзсан.
Тиймээс зээлийн үлдэгдэл 308,000 төгрөг, алданги 154,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 15,500 төгрөг, нийт 477,500 төгрөг нэхэмжилсэн боловч хариуцагч нь 200,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагаа багасган 277,500 төгрөгийг хариуцагч Ш.Ууганбаяраас нэхэмжилж байна.
Манай гэр Яармагт байдаг. Ш.Ууганбаяр нь олдохгүй байсан учир би машиндаа 15,500 төгрөгийн бензин авсан ба төлбөрийн баримтын ард хариуцагчийн нэрийг бичсэн. Би хариуцагчийн гэрт 4 удаа, Үйлдвэр комбинатын гэрт нь нэг удаа очсон бөгөөд нэг удаагийн явалтын бензины мөнгийг нэхэмжилсэн гэв.
Хариуцагч Ш.Ууганбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би нэмж зээл өгөөч гэж гуйсан нь үнэн. Зээл аваад төлөөд 308,000 төгрөг үлдсэн. Би лангуугаа ажиллуулах мөнгөгүй болоод ээжид лангуугаа шилжүүлж өгсөн. Ээж нэхэмжлэгчийг мөнгөө нэхээд очиход нь миний мөнгийг төлөх гээд Д.Оюунбатаас нэмж 500,000 төгрөг зээлж, зээлийн үлдэгдэл 308,000 төгрөгийг төлье гэхэд нэхэмжлэгч бөөнд нь авна гээд тохиролцоогүй байсан.
Би зээлийн үлдэгдэл 308,000 төгрөгийг мөнгөгүйн улмаас төлөөгүй удсан нь үнэн. Нэхэмжлэгч манай гэрт ирэхэд нь би тохиролцох гэхэд надаас 450,000 төгрөгийг нэхсэн, би 400,000 төгрөг өгье гэхэд мөн тохиролцоогүй.
Би 308,000 төгрөгөөс 200,000 төгрөгийг нь нэхэмжлэгчийн дансанд хийсэн. Одоо нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгийг, мөн намайг хайхад 15,500 төгрөгийн бензин зарцуулсан гэдгийг нь хүлээн зөвшөөрч байна. Үлдэх 62,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунбат нь хариуцагч Ш.Ууганбаяраас зээлийн гэрээний үүрэг болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 477,500 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагаа багасган 277,500 төгрөг хариуцагчаас гаргуулахыг шаардаж байна. /хх-18 дугаар хуудасны ар тал/
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас 215,500 төгрөгийг нь хүлээн зөвшөөрч, үлдэх 62,000 төлөх боломжгүй гэж марган, үндэслэлээ ... би нэхэмжлэгчтэй тохиролцох гэж хандаж байсан ... гэж тайлбарладаг. /хх-19 дүгээр хуудас/
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
Учир нь талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн буюу хариуцагч Ш.Ууганбаяр, нэхэмжлэгчээс зээл авсан, зээлийн гэрээний үлдэгдэл болох 308,000 төгрөгийг төлөөгүй байсан, мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг шүүхэд хандсанаас хойш зээлийн гэрээний үүрэгт 200,000 төгрөг төлсөн, зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй гэм буруутай гэх үйл баримтыг хүлээн зөвшөөрч, тэд маргаагүй /хх-4, 18 дугаар хуудасны ар тал/
Зохигчид зээлийг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл өдөр бүр 50,000 төгрөг төлөхөөр хугацаа тохирсон байх бөгөөд хариуцагч Ш.Ууганбаяр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ зөрчсөн болох нь түүний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогддог. /хх-16, 18 дугаар хуудас/
Хариуцагч нь шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчтэй зээл төлөлтийн хуваарийг тохиролцохоор очсон боловч Д.Оюунбат бөөнд нь авна гээд тохироогүй гэж мэтгэлцдэг. /18 дугаар хуудасны ар тал/
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болох боловч мөн зүйлийн 219.3-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь нэмэлт хугацаа олгохгүй байж болдог тул Д.Оюунбатыг хариуцагчид үүргээ биелүүлэх хугацаа олгоогүй, түүний тавьсан саналыг хүлээж аваагүй гэж буруутгах үндэслэлгүй юм.
Түүнчлэн талууд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцон, алданги төлөхөөр гэрээгээр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад нийцэж байна.
Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагчаас гэрээний үүргээ зөрчсний улмаас учирсан хохирол болох шатахууны зардалд 15,500 төгрөгийг шаардах эрхтэй бөгөөд Ш.Ууганбаяр нь уг хохирлыг хүлээн зөвшөөрч маргаагүй. /хх-3, 19 дүгээр хуудас/
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Ууганбаяраас 277,500 /хоёр зуун далан долоон мянга таван зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Оюунбатад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ш.Ууганбаяраас 8975 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Ууганбаяраас 277,500 /хоёр зуун далан долоон мянга таван зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Оюунбатад олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ш.Ууганбаяраас 8975 төгрөг гаргуулан Д.Оюунбатад буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД