Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2016/05046

 

2016 оны 09 сарын 06 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05046

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн шүүхийн Иргэний анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Баянгол, 9 дүгээр хороо, СОТ-3, АОС-23-2 тоотод оршин байгаа Хүүхэд хамгаалах манаа төв Нийгэмд үйлчилдэг ТББ-ын

Хүүхдийн нас тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцэгбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Хүүхэд хамгаалах манаа төв Нийгэмд үйлчилдэг ТББ, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцэгбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппора үйлчилгээний төвийн урд талын цэцгийн мандал дээрээс ойролцоогоор 4-5 сартай, эмэгтэй хүүхэд олдож, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс манай төвд асруулахаар авчирч өгсөн.

Хүүхдийн ирсэн цагаас эцэг, эхийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан боловч эцэг, эх нь тогтоогдоогүй, бид 2 жил асарч байгаа.

О.Баясгалан нь бичиг баримтгүй учраас эрүүл мэндийн үзлэгт хамруулж чадахгүй хүндрэлтэй байдал үүсээд байгаа тул О.Баясгалангийн насыг тогтоож өгнө үү гэв.

Иймд охин О.Баясгалангийн насыг тогтоож өгнө үү гэв.  

 

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүүхэд хамгаалах манаа төв Нийгэмд үйлчилдэг ТББ нь О.Баясгалангийн насыг тогтоолгох хүсэлт шүүхэд гаргасан байна.

Шүүх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн 10391 тоот дүгнэлт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг үндэслэн охин Олдохын Баясгаланг 1 нас 8 сартай болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ. /хх-21, 31 дүгээр тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т заасныг баримтлан Олдохын Баясгаланг 1 нас 8 сартай болохыг тогтоосугай.

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД