Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өлзийн Уянга |
Хэргийн индекс | 101/2016/10576/и |
Дугаар | 181/ШШ2016/00180 |
Огноо | 2016-06-23 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2016/00180
2016 оны 06 сарын 23 өдөр Дугаар 181/ШШ2016/00180 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэн булаг баг 4-р хороолол, 16-р байр 68 тоотод оршин суух, Алаг адуу овогт Сэртэвсүрэнгийн Эрдэнэцогт /РД:ИЭ78112776/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Эрдэнэцогт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Атарбямба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Орхон аймаг дахь Авто тээврийн төвийн салбарын даргаар ажиллаж байгаад “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/567 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан.
Би ажлаа зохих ёсоор хийж, өөрийн болон харилцдаг байгууллагад ажлын өндөр шаардлага тавихад түүнд дургүйцэн гүтгэлэгийн болон нотлогоогүй хов живийн чанартай өргөдөл гомдол ирүүлсэнийг хариуцагч нь сайтар нягтлан баримтаар тогтоолгүй намайг ажлаас халсан. Ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж болох Хот хоорондын Тээвэр эрхлэгчдийн холбооны Орхон аймаг дахь ГҮТББ-ын салбарын тэргүүн С.Алтанхуягийн бичсэн ганц бичиг, түүний хариу албан бичгүүдийг үндэслэн намайг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй.
Миний бие 2015 оны 7 дугаар сард Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Автотээврийн 90 жилийн ойн баяр, ахмад тээвэрчдийн хүндэтгэлд зориулан баталж өгсөн 15,000,000 төгрөгийг С.Алтанхуяг хууль бусаар авч завшсан асуудлыг холбогдох байгууллагаар шалгуулсны улмаас С.Алтанхуяг нь миний талаарх үндэслэлгүй гүтгэлгийг холбогдох газруудад явуулах болсон юм.
Тээвэрчдийн эрхийг хамгаалж дугарсан намайг шахан зайлуулахын тулд бусдын гарын үсгийг хүчээр болон дуурайлган зуруулах байдлаар С.Алтанхуяг өргөх бичиг бичиж явуулсан байхад хариуцагч нь энэ байдлыг нягтлан шалгалгүйгээр намайг зөрчил гаргасан гэж үзсэн. Өргөх бичигт гарын үсэг зурсан гэх хүмүүсийн тодорхойлолтоор С.Алтанхуягийн хууль бус ажиллагаа нь нотлогдоно. Ажилчдын хувьд С.Алтанхуягийн хагалан бутаргах гэсэн явуулга нөлөөлж, хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан байдаг.
Ёс зүйн хорооны хуралд бич орсон боловч ямар дүгнэлт гарсныг надад хэлээгүй, сүүлд сүлжээнд тавьсан байсныг хүнээс дуулж, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр энэ дүгнэлтийг олж үзсэн. Дүгнэлтэд албан тоотыг үндэслэн ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь харамсалтай. Ёс зүйн зөрчил гаргасан гэж шууд халах зохицуулалтгүй байхад дотоод журмын заалтуудаа хариуцагч өөрөө зөрчсөн. Сануулга ч өгөөгүй шууд халсан.
Иймд хууль бусаар халагдсан тул намайг Орхон аймгийн Автотээврийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх олговорт 2,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох зөрчилд хамаарах учир ажлаас чөлөөлсөн. Зөрчил гаргасан нь ёс зүйн хорооны тогтоолоор тогдоогдсон. Ажилчид гомдол гаргасан. Хурал дээр энэ талаар ч гэсэн ажилчид ярьсан. Энэ хурлын тэмдэглэлээ өөрсдөө ирүүлсэн. Бусад аж ахуйн нэгжүүд ч тэр гомдол гаргасан. Эдгээрийг үндэслэн С.Эрдэнэцогтын ёс зүйн зөрчлийг шийдвэрлэсэн байгаа. Ёс зүйн хорооны дүгнэлт гарах үед аж ахуйн нэгжүүд гарын үсэг, тамга дараагүй асуудал гараагүй, харин сүүлд энэ асуудал гарсан юм билээ.
Бид бусдын гомдол, саналд үндэслэн шалган тогтоосон ёс зүйн зөрчлийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Энэ зөрчил нь байгууллагын нэр хүндэд харшлах зөрчил мөн гэж үзсэн. Ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Эрдэнэцогт нь хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалитай тэнцэх олговорт 2,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/567 дугаар тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмын 3.17.1, Хөдөлмөрийн гэрэний 4.8.13-т заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Xөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан С.Эрдэнэцогттой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон цуцлаж, түүнийг Орхон аймгийн Автотээврийн төвийн даргын ажлаас чөлөөлсөн байна.
Хариуцагч энэ тушаалыг гаргахдаа тус газрын ёс зүйн дүрмийн 3.1.4 “албан үүргээ биелүүлэхдээ бусад ажилтан болон үйлчлүүлэгчийг хэл амаар доромжлох, үл хүндэтгэх, дарамт шахалт үзүүлэх, ...зэрэг ёс зүйгүй авир гаргахгүй байна”, 3.1.10 “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх”, 3.1.17 “албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа ...бүдүүлэг зан авир гаргах, хэт чанга ярихгүй байх”, 3.1.21 “харилцааны соёл, дэг журмыг баримтлан иргэдтэй төлөв, төвшин харилцах” заалтыг С.Эрдэнэцогт зөрчсөнийг тогтоосон 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэж, ёс зүйн зөрчлийг ноцтой зөрчилд хамаатуулжээ.
Хэрэгт цугларсан баримтуудаар С.Эрдэнэцогтын гаргасан гэх ёс зүйн зөрчил тогтоосон эсэх эргэлзээтэйн дээр уг зөрчил нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын дээрх тушаалд заасан үндэслэлд хамаарахгүй байна гэж үзлээ.
Тодруулбал, Ёс зүйн хороо нь Зам, тээврийн яамны 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 03/3863 тоот албан бичиг, Төрийн өмчийн хорооны 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2/2401 тоот албан бичиг, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны Орхон аймаг дахь ГҮТББ-ын салбарын 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 18 тоот албан бичиг, Орхон аймгийн Автотээврийн төвийн ажилчдаас ирүүлсэн гомдол, хурлын тэмдэглэлээр С.Эрдэнэцогтын гаргасан ёс зүйн зөрчил нь тогтоогдсон гэж үзсэн байна.
Гэвч хэрэгт авагдсан Зам тээврийн яам болон Төрийн өмчийн хорооны албан бичгүүдэд ёс зүйн зөрчил гаргасныг нотлох үйл баримтын талаар тусгагдаагүй, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны Орхон аймаг дахь ГҮТББ-ын салбарын 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 18 тоот албан бичгээр С.Эрдэнэцогтод арга хэмжээ тооцуулахыг хүссэн гомдлын агуулга нь нэхэмжлэгчийн явуулж буй мэргэжлийн үйл ажиллагаа тухайн салбарын хууль тогтоомж, дүрэм, журамд нийцээгүйтэй холбоотой байгаагаас бус ёс зүйн зөрчил гаргасан гэх үйлдлийн талаарх агуулга тэр бүр байхгүйн гадна гомдол гаргасан 6 компанийн 2 нь буюу “Эрдэнэт транспорт” ХХК болон “Булган-Орд” ХХК нь ийнхүү гомдол гаргаагүй тухайгаа албан бичгээр няцаасан зэрэг байдлаас үзэхэд С.Эрдэнэцогтын гаргасан ёс зүйн зөрчил нь бүрэн тогтоогдсон эсэх асуудал эргэлзээтэй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Ес зүйн хорооны дүгнэлтэд гомдол гаргаагүй, дүгнэлт хүчин төгөлдөр болсон боловч шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтад нийцэх тул ийнхүү эргэлзээтэй дүгнэлтэд үндэслэж, нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчлийг давтан гаргасан гэж үзэх боломжгүй юм.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн гаргасан гэх ёс зүйн зөрчлийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор нэрлэсэн Хөдөлмөрийн гэрээний 4.8.13-т заасан “байгууллагын нэр хүнд, эрх ашигт харшлах алдаа гаргасан” гэх, Хөдөлмөрийн дотоод журмын 3.17.1-д заасан “байгууллагын дотоод журмын заалт, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн, ёс зүйн болон сахилгын зөрчил давтан гаргасан, хууль тогтоомж дүрэм, журамд харш үйл ажиллагаа явуулсан” гэх ноцтой зөрчилд шууд хамааруулах үндэслэл тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл, талууд ёс зүйн дүрэмд заасан ямар зөрчлийг байгууллагын нэр хүнд, эрх ашигт харшлах алдаанд тооцохоор хөдөлмөрийн гэрээгээр тохирсон нь тодорхойгүй, Хөдөлмөрийн дотоод журмын дээрх заалтын чухам аль үндэслэлд ёс зүйн зөрчил хамаарч байгаа нь ойлгомжгүй байх тул шүүх ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон дан ганц ёс зүйн зөрчил нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлтэйг бүрэн нотолж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй.
Энэ байдлаас дүгнэвэл ажил олгогч нь ажлын байранд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагавар зэрэгт тохирсон шийтгэлийн хэлбэрийг зөв сонгож хэрэглэсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Иймд ажил олгогч нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн С.Эрдэнэцогтын гаргасан гэх ёс зүйн зөрчлийг ноцтой зөрчил хэмээн үзэж, түүнийгээ үндэслэн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгож, цуцалсан нь “…хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах” талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.
Дээрх үндэслэлээр шүүх хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь нэхэмжлэгчийг ажлаас буруу халсан гэж үзэх үндэслэлтэй тул түүний урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь Орхон аймгийн Автотээврийн төвийн даргын ажлын байранд сарын 1,100,000 төгрөгийн цалин хөлстэй ажиллаж байсан нь хэрэгт авагдсан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2015 оны 10 дугаар сарын 29-ний 1/1835 тоот тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдсон байх тул Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам“-ын 7 дахь хэсгийн “а”-д заасны дагуу түүний дундаж цалин хөлсийг тодорхойлсны үндсэн дээр С.Эрдэнэцогтод ажилгүй байсан хугацааны /ажлаас халагдсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл 8 сар/ цалин хөлстэй тэнцэх олговорт 2.200,000 төгрөг /3 сарын дундаж 1,068,833 төгх8сар=8,550,666 төгрөг болж байгаа ч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэв/-ийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр нээж, түүнд хуульд заасан хувь хэмжээгээр ажилтнаас сар бүр төлсөн шимтгэл, хураамж /сарын цалингаас/-ийг төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул нэхэмжлэгч шаардлага гаргасан эсэхээс үл хамааран С.Эрдэнэцогтын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т даалгах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан С.Эрдэнэцогтыг Орхон аймгийн Автотээврийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,200,000 төгрөг гаргуулж С.Эрдэнэцогтод олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар С.Эрдэнэцогтын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн удирдлагад үүрэг болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар С.Эрдэнэцогт нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 50,150 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА