Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2016/00341

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 18 өдөр         Дугаар 181/ШШ2016/00341           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Номин юнайтед төвд байрлах, “Номинтав Трейд” ХХК /РД:5469929/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 50 мянгат, 18 байр, 5 тоотод оршин суух, Чингис овогт Баяраагийн Эрдэнэсувд /РД:ЦА76102164/-д холбогдох

 

1,905,574 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Дэлгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Иргэн Б.Эрдэнэсувд нь “Номинтав Трейд” ХХК-ийн Улсын их дэлгүүр дэх салбарт төмөрлөгийн тасагт борлуулагчаар ажиллаж байхдаа ажлын хариуцлага алдаж 1,270,383 төгрөгийн өр үүсгэсэн ба үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрч уг төлбөрийг ямар нэгэн маргаангүйгээр төлж барагдуулахаа илэрхийлсэн тул 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 80 дугаартай “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан. Гэвч иргэн Б.Эрдэнэсувд нь төлбөр барагдуулах гэрээнд заасан хугацаанд нэг ч удаа графикийн дагуу төлбөр төлөөгүй компанийг хохироосоор байна.

Иймд Б.Эрдэнэсувдаас төлбөр барагдуулах гэрээний төлбөрт 1,270,383 төгрөг, гэрээний 2.2-т заасны дагуу алданги 635,191 төгрөг, нийт 1,905,574 төгрөгийг гаргуулж “Номинтав трейд” ХХК-д олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нь 1,270,383 төгрөгийн өр үүсгэсэн гэсэн байх бөгөөд тухайн өрийг хуваарилахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-т заасныг зөрчиж, ажилтны гэм буруугийн хэмжээ, эд хөрөнгийн хариуцлагын төрлийг харгалзахгүйгээр хуваарилж, өөрөөр хэлбэл борлуулагчид ээлж хүлээлцэхдээ бараа хүлээлгэн өгсөн, авсан баримт үйлддэг эсэх нь тодорхойгүй, мөн хэний ээлжин дээр хэн нь хэдэн төгрөгийн бараа дутагдуулж үрэгдүүлсэн нь тогтоогдоогүй байхад ажилтны хүсэл зориг, гэм буруу, хариуцлагын төрлийг үл харгалзан өр хуваарилсан байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримт болох өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан нь нотлох баримтын үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн борлуулалт үйлчилгээний салбарын УИД-т төмөрлөгийн борлуулагчаар Б.Эрдэнэсувд нь 2011 оны 5 дугаар сарын 01-ээс 2013 оны 4 дүгээр сарыг хүртэл борлуулагчаар ажиллаж байхад дэлгүүрт нийтийн маш их хэмжээний өр төлбөр гардаг байсан. Компанийн нийтийн өр хуваах журмын дагуу ажилтнуудад өрийг хуваарилдаг бөгөөд 1,270,383 төгрөгийн өрийг надад хуваарилан улмаар шахалт үзүүлэн төлбөр барагдуулах гэрээ гэгчийг хийж, энэхүү өрийг төлөх график гарган төлбөрийг барагдуул гэсэн.

Миний бие хариуцлага алдаж хийсэн өр биш тул хэн нэгний гаргасан өрийг төлөх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх талуудаас гаргасан тайлбар болон нэхэмжлэгч талаас гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасанд нийцсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзсэний үндсэн дээр

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Номинтав трейд” ХХК нь хариуцагч Б.Эрдэнэсувдаас 1,905,574 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбараар гаргаснаас өөрөөр татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй, өмгөөлөгч авсан атлаа хариуцагч болон өмгөөлөгчийн хэн аль нь хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох замаар хуульд заасан мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, энэ талаарх санал, хүсэлтийн альныг ч шүүхэд гаргаагүй тул шүүх тэдгээрийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Б.Эрдэнэсувд нь 2011 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 04 дүгээр сарыг хүртэлх хугацаанд “Номинтав Трейд” ХХК-ийн Улсын Их дэлгүүр салбарын төмөрлөгийн тасагт борлуулагчаар ажиллах хугацаандаа 1,270,383 төгрөгийн дутагдал гаргасан болох нь 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ болон Б.Эрдэнэсувдаас 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Номинтав Трейд” ХХК-ийн Эрх зүйн газарт гаргасан тайлбараар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчээс гаргасан дээрх баримтуудыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй, татгалзлаа баримтаар нотлоогүй тул шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн дээрх үйл баримтыг тогтоогдсон гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1-т нийцнэ.

 

Ажилтан, ажил олгогч нар нь ажилтны хөдөлмөрлөх явцдаа байгууллагад учруулсан хохирлыг хэрхэн төлөх талаар тохиролцож төлбөр барагдуулах гэрээ байгуулсан, уг гэрээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хүчин төгөлдөр болсон, шүүх гэрээг хүчин төгөлдөр бус, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийг 1,270,383 төгрөгийн төлбөрийг төлөх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Тэрчлэн талууд төлбөр барагдуулах гэрээний 2.2-т алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т нийцсэн тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор 1,270,383 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон боловч графикийн дагуу төлөлт хийснээ нотлоогүй тул шүүх төлөөгүй гэж үзэж 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойшхи хугацааны алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн 635,191 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

 

Иймд хариуцагчаас 1,905,574 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Нэхэмжлэгч нь энэхүү шаардлагаа шүүхэд өмнө гаргаж, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүйн улмаас шүүх нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр буцааж байсан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй тул мөн зүйлийн 79.7-д зааснаар хугацааг дахин тоолж, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацааны дотор гаргасан нэхэмжлэгчийн шаардлагыг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэе.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1-д заасныг баримтлан Б.Эрдэнэсувдаас 1,905,574 төгрөгийг гаргуулж “Номинтав Трейд” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 45,440 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ө.УЯНГА