Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Отгоогийн Одончимэг |
Хэргийн индекс | 132/2016/00268/И |
Дугаар | 00301 |
Огноо | 2016-06-02 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 00301
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн Ерөнхий шүүгч Л.Дарьсүрэндаргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, О.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1983 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Баянхангай, Зүүнхараа гудамж, 39-8 тоотод оршин суух, Хойд овогт Баранзын Бадар-Ууган /РД:ФД83101210/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, Булган аймгийн Дашинчилэн сумын 3 дугаар багт оршин суух, Дал овогт Оюунтунгалагийн Билгүүн /РД:ГО90110574/-д холбогдох,
Гэм хорын хохирол 5039000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00268/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1953 оны 06 дугаар сарын 08-ны өдөртөрсөн, 63 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг Хэрх гэх газар оршин суух, Барууныхан овогт Чимэддоржийн Туяа /РД:ФД53060803/, хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, иргэдийн төлөөлөгч Д.Батсувд, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Бадар-Ууган шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 2330 цагийн орчимд Алтанбулаг сумаас Сүхбаатар сум орох тууш замд Ниссан тиана маркийн 01-88 ОРХ улсын дугаартай автомашинтай явж байтал замын хажуу талаас гэнэт адуунууд гарч ирж осол гарч 3 адуу дайруулсан. Уг адуунууд нь Сэлэнгэ аймаг дахь хилийн цэргийн 0243 дугаар ангийн адуу байсан бөгөөд адуунуудыг тус цэргийн ангийн малчнаар ажиллаж байсан О.Билгүүн хариулж явсан. О.Билгүүн нь ажлын хариуцлага алдаж, Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлийн 23.7, 23.9Б-д заасныг тус тус зөрчиж уг ослыг гаргахад хүргэсэн боловч шинжээчийн дүгнэлтээр 2 талыг буруутай гэсэн. Миний бие Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар ангид учирсан хохирлыг барагдуулж 3350000 төгрөгийг төлсөн. Миний унаж явсан Ниссан тиана маркийн 01-88 ОРХ улсын дугаартай автомашинд 3364000 төгрөгийн хохирол учирсан. Иймд О.Билгүүнээс машинд учирсан хохирол 3364000 болон Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар ангид төлсөн 3350000 төгрөгийн хохирлын 50 хувь болох 1675000 төгрөг, нийт 5039000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Туяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Бадар-Ууганы итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Сум дундын 20 дугаар шүүхийн шүүгчийн 207 дугаартай захирамжийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2014 оны 05 дугаар сарын 06-ны шөнө манай хөрш Отгонбаатар нь ирж ав гэсний дагуу хүү Бадар-Ууган түүний машиныг барьж дүү Билгүүний хамт Сэлэнгэ аймаг руу явж байх замд нь зам дээр гэнэт адуу гарч ирэн дайрагдсан байсан. Цэргийн ангийн мал маллаж байсан Билгүүн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн байсан. Намайг 2014 оны 05 дугаар сарын 07-ны цагдаагийн хэлтэс дээр очиход Билгүүн нь холоос машин ирж явахыг харсан гэж ярьж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс Хилийн цэргийн 0243 дугаар ангийн нэхэмжилсэн 3350000 төгрөгийг ганцаараа төлж барагдуулсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр О.Билгүүн зохих буруутай байгаа тул адууны хохиролд төлсөн 3350000 төгрөгийн50 хувь болох 1675000 төгрөг, машинд учирсан хохирол 3364000 төгрөг, нийт 5039000 төгрөгийг хариуцагч О.Билгүүнээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч О.Билгүүн шүүхэд гаргасан тайлбартаа: О.Билгүүн миний бие 2013 оны намар хугацаат цэргийн албанд татагдаж Сэлэнгэ аймгийн Хилийн цэргийн 0243 дугаар ангид алба хаасан. Энэ хугацаанд буюу 2014 оны 05 дугаар сарын 06-ны шөнө хилийн агтны сэргийлэх манаа-нд гарч тухайн шөнийн харуулын даргын өгсөн үүргийг биелүүлж адууг гол руу оруулж усалчихаад тууж явтал маш хурдтай машин ирж 3 адууг дайрч зам тээврийн осол гаргасан. Осол болсныг харуулын болон заставын дарга нарт станцаар мэдэгдэж цагдаа дуудаж Бадар-Ууганы гэм буруутай болохыг тогтоосон. ...Сум дундын 20 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 207 дугаартай захирамжаас харахад Бадар-Ууган өөрийн буруугаа хүлээн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр зөвшөөрч хохирлыг төлсөн байна. Гэтэл гэнэт миний буруугаас болсон мэтээр нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь дээрх осолд миний буруутай үйлдэл байсан бол тухайн үед цагдаагийн байгууллага намайг асууж байцаахдаа тогтоон шийдвэрлэх байсан. ...Миний бие нь адууг зам дагуулж туугаагүй, хараа хяналтгүй буюу хариулагагүй орхиогүй, удирдлагаас өгсөн үүргийг биелүүлж адууг услахаар зам хөндлөн гаргаж байхад машиныхаа хурдыг сааруулж чадаагүйгээс Бадар-Ууганы гаргасан хохирлыг би төлөх боломжгүй гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Бадар-Ууган нь хариуцагч О.Билгүүнд холбогдуулан гэм хорын хохирол 5039000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Бадар-Ууган нь хариуцагч О.Билгүүн Хилийн цэргийн 0243 дугаар ангийн адуугхариулж байхдаа зам дээр хараа хяналтгүй орхиж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж зам тээврийн осол гарахад нөлөөлсөн буруутай тул 3 тооны адууны төлбөр 3350000 төгрөгийн 50 хувь болох 1675000 төгрөг, миний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 3364000 төгрөг, нийт 5039000 төгрөгийг О.Билгүүнээс гаргуулна гэж, хариуцагч О.Билгүүн нь адууг зам дагуулж туугаагүй, хариулагагүй орхиогүй, услахаар зам хөндлөн гаргаж байхад машин хурдтай ирж дайрсан, шинжээчийн дүгнэлтээр Б.Бадар-Ууганы буруутайг тогтоосон учир хохирлыг хариуцахгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Б.Бадар-Ууган нь 2014 оны 05 дугаар сарын 06-ны шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн нутагт төв зам дээр Ниссан тина маркийн 01-88 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргаж Хилийн цэргийн 0243 дугаар ангийн өмчлөлийн 3 тооны адууг дайрсан байна.
Энэ үйл баримт нь Б.Бадар-Ууган нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7б, 9.1, 9.2, 9.3 дахь заалт, О.Билгүүн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23, 23.9б-дэх заалтыг тус тус зөрчсөн гэх хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 37 тоот дүгнэлт /хх-38/, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 5/206 тоот эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол /хх-47/ зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч О.Билгүүн нь 2013 оны 2 дугаар ээлжинд Хилийн цэргийн 0243 дугаар ангид цэргийн алба хаасан болох нь Хилийн цэргийн ерөнхий газрын харъяа Хилийн цэргийн 0243 дугар ангийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1-2/90 тоот албан бичгээр тогтоогдож байна. /хх-33/
Дээрх ослын улмаас учирсан 3350000 төгрөгийн хохирлоо Хилийн цэргийн 0243 дугаар ангид Б.Бадар-Ууганаас нэхэмжилж, тэрээр хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрч Сум дундын 20 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 287 дугаартай захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-5/ Нэхэмжлэгч Б.Бадар-Ууган нь уг хохирлыг төлсөн болох нь Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 73/12 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор нотлогдож байгаа /хх-9/ хэдий ч Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтээр О.Билгүүн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлд ...Малыг зам хөндлөн аль болох түргэн, бөөнөөр нь гаргах бөгөөд энэ үед ойрион ирж яваа тээврийн хэрэгсэл зам тавьж өгнө, 23.9б дүгээр зүйлд Зам дээр малаа хараа хяналтгүй орхих.. гэснийг зөрчсөн зохих буруутай болох нь тогтоогдож байна. /хх-38/
Иймд хариуцагч О.Билгүүнээс адууны хохирол 1675000 төгрөгийн 50 хувь болох 837500 төгрөг /Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 3 тооны адууны хохирол болох 3350000 төгрөгийн 25 хувь/-ийг гаргуулж нэхэмжлэгч О.Бадар-Ууганд олгох нь зүйтэй байна.
Тээврийн хэрэгслийн хохирол 3364000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Осол гарахад нэхэмжлэгч Б.Бадар-Ууганы унаж явсан Ниссан тина маркийн 01-88 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь М.Сарнайн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байх ба уг зам тээврийн осол гарахад нэхэмжлэгч Б.Бадар-Ууган Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7б, 9.1, 9.2, 9.3-д заасан заалтыг зөрчсөн буруутайгаас гадна тэрээр дээрх тээврийн хэрэгслийг засварлаж3364000 төгрөгийн хохирол учирсан гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлээс 3364000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан О.Билгүүнээс 837500 /найман зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бадар-Ууганд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4201500 /дөрвөн сая хоёр зуун нэг мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хурмаажаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 24650 /хорин дөрвөн мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулж Төрийн санд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тrухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаарзохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
О.ОДОНЧИМЭГ