Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2016/00433

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ***дугаар багт оршин суух, Б овогт Кы Мгийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч К.М, гэрч А.Х, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: аймгийн НААҮУдирдах газрын Барилга цахилгаан сантехник засварын ангид 1981 оны 10-р сарын 20-ны өдрөөс 1991 оны 7-р сар хүртэл засал чимэглэлчинээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч К.М шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Би 1981 оноос 1991 он хүртэл нийтийн ахуй үйлчилгээний засварын тасагт ажиллаж байсан. 1991 онд үйлдвэр тарсан. Бид нарыг 1994 он хүртэл ажилла гэсэн боловч би ажиллаагүй. Хөдөлмөрийн дэвтэр, үйлдвэрчний эвлэлийн батлах зэрэг материалаа үндэслээд ажилласан жилээ тогтоолгох хүсэлттэй. Би засварын тасагт ажилладаг байсан тул барилгын бүх засвар үйлчилгээг хийдэг байсан. Заримдаа өрлөг, засал чимэглэл, шавар, будаг зэрэг ажлуудыг хийдэг байсан. Тийм учраас миний бүрдүүлсэн материалуудыг үндэслэн миний аймгийн НААҮУдирдах газрын Барилга цахилгаан сантехник засварын ангид 1981 оны 10-р сарын 20-ны өдрөөс 1991 оны 7-р сар хүртэл засал чимэглэлчинээр тасралтгүй 9 жил 11 сар 15 хоног ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч К.Мгийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч К.М нь Баян-Өлгий аймгийн НААҮУдирдах Газрын Барилга цахилгаан сантехник засварын ангид 1981 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 07 сар хүртэл засал чимэглэлчинээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар К.М нь Баян-Өлгий аймгийн НААҮУдирдах Газрын Барилга цахилгаан сантехник засварын ангид 1981 оны 10 сарын 20-ны өдрөөс 1991 оны 07 сар хүртэл засал чимэглэлчинээр ажиллаж байсан байдал нь нотлогдохгүй байна.

Учир нь хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1981 оны 07 сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрээс үзэхэд К М, төрсөн он 1963, боловсрол дунд, мэргэжил бетончин-арматурчин, хөдөлмөрийн дэвтэр эзэмшигчийн гарын үсэггүй, хөдөлмөрийн дэвтэр олгосон Баян-Өлгий Барилгын ТМС-ийн захирал гэх, хөдөлмөрийн дэвтрийн 6-7 хуудаст ажлын тухай мэдээ нь 1981.07.15. Ус сувгийн товчооны цэвэрлэх байгууламжийн үйлчлэгчээр авч ажилууллав, Ус сувгийн товчооны даргын 1981 оны 07 сарын 15-ны өдрийн 25 тоот тушаалаар, 4. Он нь /19.. 12.15./ засвартай чухам хэдэн он болох нь тодорхойгүй, өөр газарт ажиллах болсон тул үүрэгт ажлаас чөлөөлөв. Ус сувгийн товчооны даргын 1994 оны 12 сарын 15-ны өдрийн 55 тоот тушаалаар гэх бичилтүүдийг хийж тамга дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэр байна.

Хүсэл гаргагч К.М нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ аймгийн НААҮУдирдах Газрын Барилга цахилгаан сантехник засварын ангид 1981 оны 07 сарын 15-ны өдрөөс 1991 оны 07 сарыг хүртэл засал чимэглэлчинээр тасралтгүй 9 жил 11 сар 15 хоног ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэх боловч энэ талаар хөдөлмөрийн дэвтэрт ямар ч бичилтгүй, тусгагдаагүй байна.

Хүсэлт гаргагч К.Мгийн хөдөлмөрийн дэвтэрт 1981.07.15. Ус сувгийн товчооны цэвэрлэх байгууламжийн үйлчлэгчээр авч ажилууллав гэсэн бичилт байгаа ба хүсэлт гаргагч хөдөлмөрийн дэвтэрт надыг анх НААҮУдирдах Газрын боловсон хүчин ус сувгийн товчооны цэвэрлэх байгууламжид үйлчлэгч хийж байсан мэтээр буруу бичсэн байна. Би тэнд огт ажиллаагүй, мэргэжлийнхээ ажлаа хий гэж надыг тэгж бичсэн байна гэхдээ би НААҮУдирдах Газрын Барилга цахилгаан сантехник засварын ангид өгсөн зөвхөн тэнд л ажилласан гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг нотлох нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна.

Өлгий сумын иргэн Ш.Т, А.Х, М.Е нарын нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтууд болон шүүх хуралдаанд оролцсон гэрч А.Х нар нь хүсэлт гаргагч К.Мтай хамт ажиллаж байсан гэх боловч чухам хаана, хэдээс хэдэн он хүртэл ямар албан тушаалд, хөдөлмөр эрхэлж байсан талаар тодорхой зааж чадаагүй, энэ нь бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Хүсэлт гаргагч К.Мгийн 1988 оны 10 сарын 29 өдөр гэх 789206 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэл гишүүний бат илэрхийлэх дэвтрийг Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 05 сарын 05-ны өдрийн 305 дугаартай шийдвэрээр хүсэлт гаргагч К.Мгийн улсад ажилласан байдлыг тогтооход нотлох баримтаар үнэлсэн байх тул дахин үнэлэх боломжгүй байна.

Хүсэлт гаргагч К.М нь 2015 оны 04 сарын 23-ны өдөр шүүхэд Баян-Өлгий аймгийн НААҮний харья Барилга цахилгаан сантехник засварын ангид 1981 оны 07 сарын 14-наас 1991 оны 12 сар хүртэл засварчнаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлт гаргаснаар Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 05 сарын 05-ны өдрийн 305 дугаартай шийдвэрээр Б овогт Кы М нь Баян-Өлгий аймгийн НААҮ-ний харьяа Барилга цахилгаан сантехник засварын ангид 1983 оны 07 сарын 15-наас 1991 оны 12 сар хүртэл 8/ найман/ жил, 4/дөрвөн/ сар 16/арван зургаан/ хоног засварчнаар ажилласан болохыг тогтоож, түүний 1981 оны 07 сарын 15-наас эхлэн 1983 оны 07 сарын 15-ны өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа ба хүсэлт гаргагч К.Мгийн 2016 оны 06 сарын 20-ны өдөр гаргасан Баян-Өлгий аймгийн НААҮУдирдах Газрын Барилга цахилгаан сантехник засварын ангид 1981 оны 10 сарын 20-ноос 1991 оны 07 сар хүртэл засал чимэглэлчинээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтэд дурдсан үйл баримтын талаар гарсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байна гэж үзлээ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч К.Мгийн Баян-Өлгий аймгийн НААҮУдирдах Газрын Барилга цахилгаан сантехник засварын ангид 1981 оны 10 дугаар сарын 20-ноос 1991 оны 07 дугаар сар хүртэл засал чимэглэлчинээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар хүсэлт гаргагч К.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН