Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
Хэргийн индекс | 130/2016/00325/И |
Дугаар | 130/ШШ2016/00435 |
Огноо | 2016-07-22 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 130/ШШ2016/00435
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч дүүрэг, С-ийн гудамж ***-д үйл ажиллагаа явуулах, М ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суух, И овогт Сн Ст холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Ерлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1007227 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч М ХХК-ийн гүйцэтгэх захирал Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22817985 тоот гэрээ байгуулан ****** дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж зэрэг худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iphone утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагч төлбөрөөс барьцаа 30000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1007227 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хэрэглэгч С нь 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Iphone маркийн гар утсыг лизингээр худалдаж авсан 2 жилийн хугацаатай гэрээ байна. 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс хойш ямар ч төлбөр хийгээгүй. Дараа төлбөрт багцын сар бүрийн хэрэглээг дараа сарын 10, 20-ны дотор төлөх ёстой байсан. Иймд байгууллагын зүгээс уг дугаарын гарах эрхийг хязгаарлаад, төлбөр хийхдээ холбоотой тухайн дугаар болон бусад холбоо барих дугаар луу сануулаад , шуудангаар сануулах анхааруулах хуудсуудыг өгсөн. Салбарын зүгээс хэрэглэгчид төлбөрийн талаар сануулах хуудсуудыг өгсөн. Гэвч төлбөр төлөгдөөгүй учир гэрээний дагуу 3 сарын дараа дугаарыг хааж, лизингийн гэрээг цуцлаад бүх дүнгээр нэхэмжилсэн. Нэхэмжилсэн үнийн дүн илүү төлбөр, хүү тооцоогүй. Холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд хэрэглэгчийн төлбөрийн хуулга, лизингийн гэрээ гаргаж өгсөн. Үүний дагуу хэрэглэгчийн хэрэглэсэн утасны төлбөр, лизингийн үнийн дүнг гаргуулан авах бүрэн үндэслэлтэй гэв.
Хариуцагч С.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би М компаниас 2014 оны 04 дүгээр сарын 01-нд утсын гэрээ байгуулж ****** дугаарын төлбөртэй хамт төлж байхаар лизинг авсан. 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл утасны төлбөр, лизингийн төлбөрөө хугацаандаа төлж байсан. 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн миний дугаарыг хаасан. Би гэрээ байгуулахдаа утсаа ашиглаж байж төлбөрөө төлөх ёстой, та нар хууль бус дугаар хаасан талаар 2 удаа хүсэлт гаргаж байсан. Надад мэдэгдэж байсан гэж байгаа ****** дугаар нь 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хаагдсан. Би *********, ******* дугаарыг ашиглаж байсан. Надад Мийн төв салбараас залгаж шаардлага тавьж байгаагүй. Манай байгууллагын ажилтан болон эхнэрт маань нэг удаа төлбөрийн талаар мэдэгдсэн нь үнэн. Би хүүхдээсээ дугаарыг маань худалдаанд гаргасныг сонсоод М.Мтэй утсаар ярьсан. Тэрээр М.Мд би төлбөр төлөгдөөгүй дугаарыг яагаад хууль бусаар худалдаанд гаргасан бэ, би уг дугаараа дахин худалдаж авъя гэж хэлэхэд Та 100000 төгрөг төлөөд дугаараа худалдаж ав гэсэн хариуг өгсөн. Би төлбөрөө төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Надад билл гаргаж өгөөгүй. Хамгийн сүүлд төлбөрөө мессежээр шалгахад 600000 төгрөг үлдсэн байна мэдээлэл ирсэн. Өнөөдөр 800000 төгрөг, хэрэглээний төлбөрт 200000 төгрөг нэмэгдсэн гэж байгаад гайхаж эргэлзэж байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ НЬ
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч С.Саас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан iPhone5s гар утасны төлбөрт нийт 1007227 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Хариуцагч С.С нь М ХХК-ийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гаргаж, 22817985 дугаартай гэрээ байгуулан ****** дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iPhone 5s утсыг зээлээр худалдан авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 04 сарын 01-ний өдрийн 22817985 дугаартай iPhone үйлчилгээний гэрээний өргөдлийн маягт, 2014 оны 04 сарын 04-ний өдрийн 22817985 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, 2014 оны 04 сарын 04-ний өдрийн 22817985 дугаартай iPhone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ, гэрээний хавсралт 1, iPhone гар утасны баталгаат засварын хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хариуцагч С.С нь нэхэмжлэгч М ХХК-ийн төлбөрийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй, шалтгаан нь ****** дугаарын төлбөрийг хугацаандаа төлж ашиглаж байсан, М ХХК нь надаас зөвшөөрөл авалгүйгээр хэрэглэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж хааж, худалдаанд гаргасан гэж маргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийнхээ талаар нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гарган өгч нотолж чадаагүй болно.
Нэхэмжлэгч М ХХК нь хэрэглэгч С.Ст дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг хугацаандаа төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул хэрэглэгч С.Сийн ****** дугаартай утасны хэрэглээг хаасан байна.
Хариуцагч С.С нь надад мэдэгдээгүй дугаарыг хааж, худалдаан гаргасан гэх боловч нэхэмжлэгч М ХХК нь яриа болон лизингийн төлбөрөө хугацаанд төлөх тухай сануулах мейл, анхааруулах хуудас, мессеж илгээж байсан нь хавтаст хэрэгт авагдсан М ХХК-ийн мэдээллээр, мөн 2014 оны 03 сарын 01-2016 оны 05 сарын 02-ны өдөр хүртэлх тайлант үеийн харилцагчийн гүйлгээг М ХХК-ийн нягтлан бодогчийн гаргасан тооцоогоор харилцагч С.С нь эцсийн үлдэгдэл 1007227 төгрөгийн төлбөрийг төлөөгүй болох нь тус тус нотлогдож байна.
Хариуцагч С.С нь худалдах худалдан авах болон арилжааны гэрээгээр болон харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч М ХХК нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар шаардах эрхтэй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч С.Саас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1007227 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28723 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Саас 28723 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар С.Саас дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 1007227 төгрөгийг гаргуулан М ХХК-д олгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28723 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.Саас 28723 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН