Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 1624

 

ХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/00431 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ,

Хариуцагч ХХХХХ-д холбогдох,

 

Тоглолтын хөлс 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч ХХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирал ХХХнамайг 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр утсаар дуудаж уулзаад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монголын хүүхдийн ордонд болох тус сургуулийн 35 жилийн ойн арга хэмжээнд хоёр цагийн тоглолт хийж өгөхийг хүссэн.

Тоглолтын маргааш буюу 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1 500 000 төгрөгийг бэлнээр өгнө гэж тохиролцсон. 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тоглолт хийж захиалгаа биелүүлсэн боловч төрийн сангаас сургуулийн дансанд мөнгө орж ирмэгц төлнө гээд 6 сар болж байна. Олон удаа утсаар ярьж өөрийн биеэр очиж уулзахад одоохон өгнө гэсээр өнөөдрийг хүрч байна, одоог хүртэл нэг ч төгрөг аваагүй болно.

Надад хийж өгсөн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн бичигт миний нэрийг “ХХХ”-т гэж бичих байсан юм гэтэл “Оч” хамтлагт гэж бичсэн байна. Иймд Ажилчин залуучуудын ээлжийн сургуулиас тоглолтын хөлс болох 1 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний төлөөлөгч ХХХшүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 онд манай сургуулийн 35 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар шийдвэр гарч үүний дагуу хийгдэх ажлуудын төлөвлөгөө, хөтөлбөр зэргийг боловсруулан гаргаж батлуулан ойн арга хэмжээг зохион байгуулах комисс удирдан зохион байгуулсан.

Миний бие ойн комиссыг удирдаж байсны хувьд 2014-2015 онд манай эчнээ ангид суралцагч ХХХ тэргүүтэй хэсэг залуучуудтай уулзаж санал бодлыг нь сонссоноор концертод хөнгөн хөгжмийн номер орох болсон. Анх яриа ингэж өрнөхдөө тэд сургуулийнхаа ойд барьж буй сэтгэлийн бэлэг, хариуд нь багш нар сургууль төгсөхөд дүн дээр харж үзээрэй гэж ярьсан.

Ойн өмнөх нь манай сургуульд миний өрөөнд ой тэмдэглэх комисстой ХХХ-ийн дүү ирж уулзан ярилцаж, бид тоглолтын хөлс мөнгө авмаар байна, бид зүгээр тоглохгүй гэхээр нь тэгвэл та нар нийт 2-3 удаа сургуулийг таниулсан, ойг сурталчилсан хандивын тоглолт хий, түүнээс олсон хандивын орлогоос хөлсөө ав гэж харилцан тохиролцсон.

Энэ аман яриаг сонссон багш ажилтнууд юу гэж хөлстэй тоглох вэ, хэрэв тэгэж байгаа юм бол болиулахгүй юу гэсэн саналууд орж ирсэн. Миний бие нэгэнт бэлдэж байгаа юм чинь болиулаад яах вэ тоглуулчихая гэсэн сэтгэл өвөрлөсөн нь буруу болж шүүхэд нэхэмжлэл гаргасныг огт ойлгохгүй байна. Угтаа сургуулийн ой тэмдэглэх комисс төгсөгч сурагчидтай ярьж тохирсноос би “Оч” гэсэн хамтлагтай огт ярьж тохироогүй ба ой өнгөрсний дараа ХХХ-ийн дүү хамтлагийнхаа нэг гишүүнтэй миний өрөөнд орж ирэн шалж шаардсаар байгаад уг бичгийг гаргуулан авсан.

Нэгдүгээрт, тэд хэлсэн үгэндээ хүрээгүй хандивын тоглолт нэг ч удаа хийгээгүй, хоёрдугаарт, манай сургуулийг төгсөгч нар биш болсноороо харилцан тохиролцсоноосоо буцах болж “Оч” гэсэн хамтлагийн нэр барин мөнгө нэхэх болсон, гуравдугаарт, концертон дээр 2 номер тоглосон зэрэг нь аман яриагаа зөрчсөн тул нэхэмжлэлд гаргасан мөнгийг нь өгч чадахгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-т зааснаар ХХХХХ-иас 1 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 38 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ХХХдавж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч ХХХтэй ХХХминий бие ганцаараа уулзаж ярилцаагүй ба тоглолтын хөлс 1 500 000 төгрөг өгнө гэж огт тохиролцоогүй болно. 2014-2015 оны хичээлийн жилийн сүүлчээр сургуулийн 35 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулан өглөө, өдөр, эчнээ ангиудынхаа суралцагчидтай ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс хүлээн авч уулзсан болно. Уулзалтанд тэд юу хийж болохоо харилцан ярилцаж санал бодлоо солилцсон.

Манай сургуулийн төгсөгч ХХХтэй тоглолтын хөлс баталгааны талаар тухайн үедээ нэг ч зүйл ярьж байгаагүй болно. Харин 1 500 000 төгрөгийн асуудлыг манай сургуулийн суралцагч биш “Оч” хамтлагийг төлөөлж ХХХ-ийн төрсөн дүү болох ХХХХХХ гэгчтэй намар сургууль дээр миний өрөөнд ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссынхонтой уулзаж уг асуудлыг ярьж харилцан тохиролцсон болно. Үүнд: 1 500 000 төгрөгийн хөлсийг нь авахдаа урьдаар хандивын тоглолт 2 удаа хийж, хийсэн орлогоосоо авна гэж тохиролцсон. Гэвч хандивын тоглолтыг хийгээгүйгээс барахгүй уг хамтлагт манай сургуулийн сурагчдаас бус гадны хүмүүс буюу “Оч” хамтлагийн гишүүд болох залуус тоглосон.

Тэгэхээр нэхэмжлэгч нь ХХХ байх уу, хамтлагийн нэр барьж баталгаа гаргуулж авсан ХХХХХХ байх уу. Анх ярьж тохиролцохдоо 2 цагийн программтай 2 удаагийн хандивын тоглолттой байна гэсэн энэ үүргээ огт биелүүлээгүй. Хэрвээ ХХХ-ийн нэхэмжлэл нь “Оч” хамтлагт гаргасан мөнгө өгнө гэсэн баталгааг төлөөлөх эрх зүйн нэхэмжлэгч болж чадахгүй гэж үзэж байна. Учир нь “Оч” хамтлагийн гишүүн бус хувь хүнээс гэж нэхэмжилсэн. Үүнийг шалгана уу. ХХХХХХ гэгчийг анхан шатны шүүх дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч болох ХХХХ нь ХХХ-ийн төрсөн дүү биш гэж байсныг нотлуулах шаардлагатай байна.

Угтаа ярьж тохирсноосоо өөрчлөгдөж сургуулийн 35 жилийн ой дээр 2  номер тоглосныхоо төлөө 1 500 000 төгрөг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж баина. Эдгээр хүмүүсийн тоглож байгаа номер нь шаардлага хангахгүй байсан ба 2 ая тоглохын төлөө 1 500 000 төгрөг өг гэж мэргэжлийн хөгжимчдөөс өндөр хөлс нэхсэн, мөн Монголын хүүхдийн ордонд болох 2 цагийн хугацаатай нэгдсэн концертны хөтөлбөр гарч цагийн хувьд оруулах ямар ч боломжгүй зэрэг бодит шалтгаануудыг хэлсэн.

Гэвч эдгээр хүмүүс өөрсдөө дур мэдэн нэгдсэн концертонд 2 ая тоглож товлосон цагаас хэтрүүлж харин ч биднийг хохироосон. Иймээс ХХХ-ийн нэхэмжилж байгаа дээрх мөнгийг төлөх шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй тул энэ шийдвэрийг цуцлуулахаар дээд шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Тухайн үед захирал миний бие болон ХХХ ч өөрөө энэ байдлыг ойлгож байсныг дурдъя гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч ХХХ тоглолтын хөлс 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ хариуцагчийн төлөөлөгч ХХХХ-ийн захиалгаар 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тоглолт хийсэн тул тохиролцооны дагуу ажлын хөлсөө шаардсаныг хариуцагчийн төлөөлөгч ХХХэс зөвшөөрч тухайн үед тоглолтын хөлс өгнө гэж тохиролцоогүй, сургуулийн ойн арга хэмжээнд барьж буй сэтгэлийн бэлэг эсхүл тоглолтын хөлс авахаар бол 2-3 удаагийн хандивын тоглолт хийж, түүнээс олсон ашгаа аваарай гэж тохиролцсон гэж маргажээ.

Хэрэгт авагдсан тоглолтын хөлс 1 500 000 төгрөгийг төлнө гэсэн агуулга бүхий 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч ХХХХ-ийн гараар үйлдсэн бичиг, нэхэмжлэгч ХХХ Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирал ХХХнарын хоорондох утасны ярианы дуу бичлэг, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч ойн арга хэмжээнд оролцон хөгжмийн тоглолт хийж, хариуцагч 1 500 000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон нь тогтоогдсон байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв болно. /хх 4, 27-28/

Хариуцагчийн төлөөлөгч Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирал ХХХнь тоглолтын хөлс 1 500 000 төгрөгийг төлөхгүй гэх үндэслэлээ “хандивын тоглолт хийгээгүй, мөн манай сургуулийн төгсөгч нар биш байсан” гэж шүүхэд тайлбарласан ч ийнхүү тохиролцсон гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэгч ХХХ нь Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт заасны дагуу ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний хөлсөө хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь харилцан тохирсон үнийг төлөхөө буюу үүргийг хүлээн зөвшөөрснөө Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар бичгээр мэдэгдсэн байх тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хариуцагчийн давж заалдах гомдолд заасан ажлын хөлсний үнийн дүн хэт өндөр гэх үндэслэлийн талаар анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад маргаж мэтгэлцээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэг зааснаар давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримт заах эрхгүй тул уг гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/00431 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ