Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 150/2016/00186/И |
Дугаар | 0222 |
Огноо | 2016-09-29 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 0222
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 4 дүгээр байрны 12 тоотод оршин суух, 0000 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, Өөлд овогт Банзрагчийн Гандолгор /РД:МЙ-/-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Гандолгор, нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Б.Гандолгор шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1983 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын сангийн аж ахуйн хүн эмнэлэгт асрагчаар ажилд орж 1995 оны 10 дугаар сарыг дуустал нийтдээ тасралтгүй 12 жил ажилласан юм. Одоо тэтгэвэрт гарах гэхээр ажилд орсон гарсан тушаалууд архиваас олдохгүй байна. Аймгийн Нийгмийн даатгалаас шүүгээд бичиг баримт нь гарч ирээгүй. Сумын болон эмнэлгийн архиваас ч шүүгээд гарч ирээгүй. Харин тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэн боловч ажлаас чөлөөлсөн тушаал бичигдээгүй үндэслэлээр тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байна. Иймд миний энэхүү хүсэлтийг харгалзан үзэж Сэлэнгэ аймгийн Орхон сумын эмнэлэгт 1983 оны 09 дүгээр сарын 12-оос 1995 оны 10 дугаар сарын 30-ныг хүртэл асрагч, тогоочоор ажилласан 12 жилийг тогтоож өгнө үү. Анх асрагчаар ажилд орсон боловч явцын дунд ажил үүргийн хуваарь өөрчлөгдөж тогооч хийж байсан. Гэхдээ тогоочоор ажиллуулна гэсэн тушаал гарч байгаагүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Б.Гандолгорын ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг бүхэлд нь хангах үндэстэй гэж үзлээ.
Учир нь нэхэмжлэгч Б.Гандолгор нь 1983 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Орхон сумын Хүний их эмчийн салбарт асрагчаар ажиллаж байсан болох нь түүний 1976 оны 05 дугаар сарын 19-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр дэх бичилт, 1989 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 33 тоот Орхон сумын Хүний их эмчийн салбарын эрхлэгчийн ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, 1994 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Орхон сумын Хүний их эмчийн салбарын эрхлэгчийн ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Орхон сумын Хүний их эмчийн салбарын эрхлэгчийн ажилд түр авах тухай тушаалын хуулбар, Орхон сумын Хүний их эмчийн салбарын ажилчдын 1995 оны 1, 2, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр саруудын ажилчдын цагийн бүртгэлийн хуулбарууд, 1995 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Орхон сумын хүн эмнэлэг, мал эмнэлэг, ясли, цэцэрлэгийн цалингийн товчооны хуулбар, №047678 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 1983-1994 онуудаад авч байсан цалингийн тооцооны хүснэгт зэрэг бичмэл нотлох баримтууд болон гэрч Д.Оюунгэрэл, Д.Оюунтүлхүүр нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Б.Гандолгорын ажиллаж эхэлсэн хугацааг хөдөлмөрийн дэвтэр дэх бичилтэнд бичигдсэн хугацаагаар, ажиллаж дууссан хугацааг нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилтэнд бичигдсэн хугацаагаар тус тус тооцож тогтоосон болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Өөлд овогт Банзрагчийн Гандолгорыг 1983 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Орхон сумын Хүний их эмчийн салбарт асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Гандолгорын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР