Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
Хэргийн индекс | 102/2016/06311/И |
Дугаар | 00533 |
Огноо | 2016-01-13 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 00533
2016 оны 1 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2016/00533 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19-р хороолол, То Вангийн гудамж, 33-р байр, 15 тоотод байрлах, “Манлай Алаг Адуу” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 7-р хороо, 19-р байр, 17 тоотод оршин суух, Боржигон овогт Энхбаярын Намуунд холбогдох 4 075 800 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Манлай Алаг Адуу” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Э.Намуун болон батлан даагч Ө.Одонтуяа нарт анх 2014 оны 10 сарын 21-ний өдөр бизнесийн үйл ажиллагааг дэмжих хүсэлтийн дагуу 3 600 000 төгрөгийн зээл олгосон. Э.Намуун нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж чадахгүй болж, бизнесийн үйл ажиллагаа нь доголдон, удаа дараа сануулж утсаар болон очиж уулзаж байсан боловч гэрээний үүргийг зохих журмын дагуу биелүүлээгүй байна. Иргэн Э.Намууны хүсэлт, хэлсэн үг зэргийг хүндэтгэж хугацаа сунгаж,хүлээсэн. Э.Намуунаас зээлийн үлдэгдэл 3 396 500 төгрөг, алданги 679 300 төгрөг нийт 4 075 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Намуун шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Манлай Алаг Адуу” ХХК-иас сарын 7% хүүтэй өдөр тутмын төлөлттэйгээр зээл авч үйл ажиллагаа эрхэлж байсан бөгөөд сүүлд орлого муудаж үйл ажиллагаа зогсоосноор зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Одоо “Манлай Алаг Адуу” ХХК-ийн нэхэмжилж буй 4 075 800 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2016 оны 2-р сараас эхлэн сар бүр 100 000 төгрөг төлж, 2016 оны 12-р сараас эхлэн 200 000 төгрөгөөр төлж барагдуулна. 2016 оны 2 сараас 2016 оны 12 сар хүртэл 11 сар*100 000=1 100 000 төгрөг, 2017 оны 1 сараас 200 000 төгрөг 14 сар= 2 800 000+175 800 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллага Э.Намуунаас нэхэмжилж буй алдангиасаа татгалзахгүй дэмжиж байна. Хэрэв Э.Намуун нь бидний нэхэмжилсэн нэхэмжлэлийг зөвшөөрвөл бид хугацааг харж үзэж эвлэрч болно. 2016 оны 1 сараас эхлэн сар бүр 100 000 төгрөг, 2016 оны 11 сараас эхлэн 236 600 төгрөгөөр төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Манлай Алаг Адуу” ХХК нь Э.Намуунд холбогдуулан 4 075 800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Э.Намуун нь нэхэмжлэлийн шаардлага 4 075 800 төгрөгийг 2016 оны 2-р сараас эхлэн 100 000 төгрөг, 2016 оны 12 сараас эхлэн 200 000 төгрөгийг сар бүр төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Манлай Алаг Адуу” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4 075 800 төгрөгийг 2016 оны 2 дугаар сараас сар бүр 100 000 төгрөг, 2016 оны 12 сараас 200 000 төгрөгөөр төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Э.Намууны зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 555 төгрөгийн 40 277 төгрөгийг улсын төсвөөс, 40 277 төгрөгийг хариуцагч Э.Намуунаас гаргуулж нэхэмжлэгч “Манлай Алаг Адуу” ХХК-д тус тус олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА