Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 102/2016/06464/И |
Дугаар | 5021 |
Огноо | 2016-09-02 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 5021
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, 1-р 40 мянгат, 77-р байрны 14 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УИ89020336, Богд овогт Чулуунбатын Анхбаярын нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 14-р хороо, Нэхий Плаза 306 тоотод байрлах, Дашдонж ХХК-д холбогдох,
худгийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чулуунбат, хариуцагч Дашдонж ХХК-ийн захирал Д.Уртнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч хариуцагчаас худгийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн дагуу, худгийг 70 метр хүртэл нэмж 22 метр гүн өрөмдүүлэх, худгийн бичиг баримтыг гаргуулахаар шаардсаныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Дашдонж ХХК-тай 2015 оны 10 сард худгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, худгийг 70 метрийн гүнтэй өрөмдүүлэхээр тохирч гэрээний үнийн дүнгийн 70 хувь болох 3 920 000 төгрөгийг хариуцагчид ажлын хөлсний урьдчилгаанд өгсөн. Гэтэл хариуцагч худгийг 48 метр гүн ухаад, үлдсэн 22 метрийг хавар ухаж өгнө гэсэн боловч үүргээ биелүүлэхгүй байгаа. Бид олон удаа үүргээ биелүүлэхийг шаардсан.
Дашдонж ХХК-ийн менежер П.Баярцэцэг энэ ажлыг хариуцаж хийлгэсэн боловч дутуу ажлаа хийхгүй, зугтаад олдохгүй, сүүлдээ утсаа авахаа байсан. Худгийг өөр байгууллагаар үргэлжлүүлэн ухуулах гэж оролдсон боловч ямар ч байгууллага энэ ажлыг үргэлжлүүлж хийхээс татгалзсан.
Учир нь П.Баярцэцэг анхнаасаа худаг өрөмдөх үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн холбогдох газраас зөвшөөрөл авалгүй хууль бусаар эхлүүлсэн. Худгийн гэрчилгээ гаргаж өгөөгүй.
Биднийг байшин барих цаг хугацаа, сэтгэл санаа, мөнгө төгрөгөөр хохироож байгаа тул Дашдонж ХХК-иар гэрээний дагуу хийж гүйцэтгэх ёстой дутуу өрөмдсөн 22 метр гүн өрөмдөх ажлыг гүйцэтгүүлж, худаг гаргах зөвшөөрөл, худгийн гэрчилгээг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Дашдонж ХХК тайлбартаа: Дашдонж ХХК нь Баянзүрх дүүрэг Гачууртад Ч.Анхбаярын хашаанд гүний худаг өрөмдөх ажил хийх гэрээ байгуулсан. Манай өрөмдлөгийн компани нь 1 метрийн өрөмдлөгийг 100 000 төгрөгөөр гүйцэтгэдэг. Харин иргэн С.Чулуунбатын хүсэлтээр 1 метрийн үнийг 80 000 төгрөг болгон хямдруулж гэрээг хийсэн. Цооногийн ажил гүйцэтгэх явцад 20 метрийн гүнээс эхлэн усны ундрага тасралтгүй үргэлжилсээр 48 метр хүртэл өрөмдөхөд усны ундрага их хэмжээтэй байсан учир өрөмдлөгийн ажлыг зогсоосон. Өрөмдөж дууссаны дараа усны ундрагыг шалгаж үзэхэд 2 литр/сек байсан. Захиалагч нь гэрээний урьдчилгаа хөлс 3 920 000 төгрөгийг манайд төлсөн. 48 метрийн өрөмдлөгийн үнэ 3 840 000 төгрөг, үүнээс зөрүү 80 000 төгрөгийн үлдэгдэлтэй. Мөн худгийн паспорт, бичиг баримтыг гаргуулж өгөхөөр нэхэмжлэгчээс 150 000 төгрөг авсан боловч зөвшөөрлийг авч амжаагүй тул мөнгийг буцааж өгнө. Цооногийг үргэлжлүүлэн 70 метр хүртэл өрөмдөх шаардлагагүй гэж мэргэжлийн байгууллагын хувьд тодорхойлж байна гэжээ.
Хариуцагч Дашдонж ХХК шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Ч.Анхбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авч, худгийг 22 метр гүн ухах, мөн гүний худгийн бичиг баримтыг түүнд гаргуулж өгөхийг зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Анхбаяр нь усны мэргэжлийн байгууллагаас 2014-06-19 өдөр 5 жилийн хугацаатай олгосон цооног өрөмдөх, сэргээн засварлах, тоноглох үйл ажиллагаа явуулах 2014/S-064 гэрчилгээ бүхий хариуцагч Дашдонж ХХК-тай худгийг дунджаар 70м± 5 метрийн гүнтэй, 1 цооногийг Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Хондо байрлалтай газарт 5 600 000 төгрөгийн хөлсөөр өрөмдүүлэхээр тохирч, 2015 оны 10 сард бичгээр гэрээ байгуулсан байна.
Гэрээний дагуу нэхэмжлэгч ажлын хөлснөөс урьдчилгаа 3 920 000 төгрөг, худгийн бичиг баримтыг гаргуулахаар 150 000 төгрөгийг хариуцагчид төлсөн байна.
Хариуцагч гэрээний дагуу ажлыг 2015 оны 10 сард гүйцэтгэхдээ 48 метр гүнтэй худгийн цооног өрөмдсөн талаар зохигч маргахгүй байна.
Нэхэмжлэгч Ч.Анхбаяр хариуцагч Дашдонж ХХК-иар гэрээний дагуу хийж гүйцэтгээгүй худгийг 22 метр гүн өрөмдөх ажлыг нэмж гүйцэтгүүлэх, холбогдох байгууллагаас худгийн бичиг баримтыг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагч бүхэлд нь биелүүлэхээр хүлээн зөвшөөрсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлэхээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, нэхэмжлэгчээс нэмж 34 350 төгрөгийг гаргуулж улсын орлогод, хариуцагч Дашдонж ХХК-иас 104 550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Дашдонж ХХК-д холбогдох Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Хондо гэх газарт байрлах худгийг нэмж 22 метр гүн өрөмдүүлэх, уг худгийн бичиг баримтыг холбогдох газраас гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Анхбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлэхээр хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, нэхэмжлэгчээс нэмж 34 350 төгрөгийг гаргуулж улсын орлогод, хариуцагч Дашдонж ХХК-иас 104 550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Анхбаярт тус тус олгосугай.
3.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ