Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 4360

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2016/04360

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                              

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 13-р хороо, Некст плаза төв, Некст электроникс ХХК-ний хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар  оролцов. 

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэкст электроникс ХХК нь  Эм Си Пи ХХК-наас 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 5 200 000 төгрөгөөр 5х5 м хэмжээтэй 2 ширхэг майхныг гадаа талбайн худалдаа хийх зориулалтаар худалдан авч үнийн дүнд цахилгаан бараагаар бартер хийх нөхцөлтэйгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Урьдчилгаа болгож 1 200 000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгууллагаын дансанд нь шилжүүлсэн.  Үүнээс үлдэгдэл  4 000 000 төгрөгний  цахилгаан барааг 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр авсан. Гэтэл майхан нь иж бүрдэл дутуу, чанарын шаардлага хангахгүй байсан тул 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр баримтаар буцааж өгсөн. Ингээд цахилгаан бараагаа буцаан авах санал тавихад буцаахгүй гэсэн хариу өгсөн. Иймд бид удаа дараа төлбөрийг төлөхийг шаардсан боловч төлөөгүй өнөөг хүрч байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад тус хаягт бүртгэлгүй байдаггүй болох нь 2016 оны 04 дүгээр сарын 12 ны өдрийн дугаар 101/ШЗ2016/15151/ тоот шүүгчийн захирамжаар тогтоогдсон. Эм Си Пи ХХК нь одоо хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь мэдэгдэхгүй, захирал Б.Энхсайханы оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                                            

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Некст электроникч ХХК нь “Эм Си Пи” ХХК-нийг эрэн сурвалжлуулахыг  хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ. 

 

Нэкст электроникс ХХК нь  Эм Си Пи ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 2 ширхэг майхныг гадаа талбайн худалдаа хийх зориулалтаар 5 200 000 төгрөгөөр худалдан авахаар тохирчээ.

Нэкст электроникс ХХК нь  майхны үнэнд 1 200 000 төгрөг шилжүүлж, 4 000 000 төгрөгийн цахилгаан бараа нийлүүлсэн боловч бараа нь чанарын шаардлага хангаагүйгээс буцаан өгч үнийг шаардсан гэх ба Эм Си Пи ХХК нь 5 200 000 төгрөгийг  төлөөгүй гэх маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

Хариуцагч нь Сүхбаатар дүүргийн 4-р хороо, 49-р байрны 101 тоотод үйл ажиллагаа явуулдаггүй болох нь Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШЗ2016/15151 тоот  захирамж, нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч нь Эм Си Пи ХХК-ний үйл ажиллагаа явуулж байгаа газрын хаяг, захирал Б.Энхсайханы оршин суугаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.

 

Эм Си Пи ХХК нь Улаанбаатар их дэлгүүрт үйл ажиллагаа явуулдаг байх боломжтой, захирал Б.Энхсайхан нь 99089999 дугаарын утастай болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                         

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар “Эм Си Пи” ХХК, захирал Б.Энхсайханыг эрэн сурвалжилсугай.

 

 2.Эрэн сурвалжлах ажиллагааг Тахарын ерөнхий газрын Эрэн сурвалжлах, мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

 4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

         

 

               

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Р.АЛТАНТУЯА