Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
Хэргийн индекс | 102/2016/05148/И |
Дугаар | 8053 |
Огноо | 2016-12-16 |
Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 8053
2015 оны 12 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2015/08053 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хорооллын 22Б-р байрны 54 тоотод оршин суух, “Сантаун трейд” ХХК-д менежер ажилтай, регистр ЧО74011301, Дархчууд овогтой Даваагийн Өнөрийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэрийн 1-141 тоотод оршин суух, “Сантаун трейд” ХХК-ний хувьцаа эзэмшигч, регистр ЧО64022761, Дархчууд овогтой Даваагийн Алтантуяад холбогдох “Сантаун трейд” ХХК-нийг дангаараа эзэмших, үйл ажиллагаа явуулах эрхтэй болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Өнөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Даваасүрэн /үнэмлэх 0594/, хариуцагч Д.Алтантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ /үнэмлэх 0645/, Л.Нарандаваа /үнэмлэх 0166/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Өнөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2004 онд “Сантаун трейд” ХХК-г өөрийн хөрөнгөөр байгуулж, 2004 онд Д.Алтантуяаг, 2009 онд Д.Отгонтуяаг тус тус хувьцаа эзэмшигчээр оруулсан. Би 2009 он хүртэл компаний үйл ажиллагааг явуулдаг байсан, энэ хоёр зөвхөн борлуулалт хийдэг.Би анх миний эгч нар учраас туслах ёстой гэдэг байдлаар Д.Алтантуяаг компаний захирлаар, Д.Отгонтуяаг хувьцаа эзэмшигч болгож, Алтантуяад 35 хувийн хувьцааг өгсөн. Гэтэл анхнаасаа намайг дээрэмдэх зорилготой байсан байна. Д.Алтантуяа нь 2014 онд надад компанийг буцааж өгнө гэсэн. Би 2015 оны 02 дугаар сард тэд нараас 2 000 000 төгрөг авна гэхэд намайг Улсын бүртгэл дээр хүрээд ир гэсэн. Тэгэхэд намайг 24 хувиа маргаангүйгээр шилжүүлчих, нэрээ хасуулчих гэхээр нь би компаниас нэрээ татаж аваагүй, ямар ч бичиг баримтад гарын үсэг зураагүй. Тэд нар намайг компаний үйл ажиллагаанд оролцуулдаггүй, үйлдвэрт оруулдаггүй, би компаний бүх ажлыг гүйцэтгэж бүтээгдэхүүний загварыг бүгдийг гаргасан, мөн анх Польш улсын үйлдвэрээс 15 хувийн хямдралаар бүтээгдэхүүн авдаг болсон. Тухайн үед Польш улс нь Орос улсад 15 хувийн хямдралтай өгдөг, өөр бусад оронд нэмэлт үнэтэй бараагаа нийлүүлдэг байсан, гэтэл 2009 оноос хойш энэ хоёр ямар ч шинэ бүтээгдэхүүн гаргаагүй. Компанийг Хайлаастад нүүлгэж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйлдвэрлэл эрхэлж байсан тул Мэргэжлийн хяналтын байгууллагат хандсан. Тэгээд ч тэд нар үйлдвэр эрхлэх чадваргүй хүмүүс. Би 2 удаа мөнгө авсан нь үнэн. Миний байрыг барьцаал зээл авсан байсан тул 50 сая төгрөг авсан. Иймд Сантаун трейд ХХК-ийг би дангаараа 100 хувь эзэмших, үйл ажиллагаа явуулах эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Д.Алтантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн тайлбар худлаа ба Д.Өнөр нь Мандах дээд сургуульд сурч, Халдвартын эмнэлэгт угаагчаар ажиллаж байсан. Би Д.Отгонтуяагийн хамт Орос улс руу наймаанд явдаг байсан бөгөөд бид Д.Өнөрт туслан гадаад руу наймаанд явдаг болсон. Ингэж Д.Өнөр Польш улс руу явдаг болж, нэг компанитай гэрээ байгуулсан. Тухайн үед Д.Өнөртэй хамтран ажиллах хүн байхгүй байсан тул миний бие хамтран хөрөнгө оруулж Сантаун трейд компанийг байгуулсан. Манай компани гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ОХУ, Польш зэрэг улсаас түүхий эд импортлон оруулж, хоолны амтлагчийг стандартын шаардлага ханган үйлдвэрлэж, худалдаанд гаргадаг. Бид үйлдвэрийн үйл ажиллагааг хамтдаа гүйцэтгэсэн. Харин гааль, санхүүгийн үйл ажиллагаа, гадаад шилжүүлгийг өөрөө гүйцэтгэх болсон. Д.Өнөр нь 2008 онд ногоон хоолтон болсноор компаний үйл ажиллагаанд оролцохоо больж, саад учруулж тайлан өгөх болохоор 2 000 000-5 000 000 төгрөг өг гэх зэргээр нэхэж эхэлсэн. Мөнгө шилжүүлэх ажлыг хариуцдаг байсан учраас төлбөр тооцоо орж ирэхээр, мөн бусад компанид мөнгө шилжүүлэхээр Д.Өнөр өөрийнхөө дансанд хийгээд, харилцагч байгууллагад өгөхгүй болсон. Д.Өнөр нь Сантаун ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөртлөө ажлыг хийхгүй, зөвхөн “та нарын үйлийн арилгах гэж байна” гэж мөнгө нэхэж, элдвээр дарамталдаг болсон. Өөрийн байрыг хадгаламж зээлийн хоршоонд барьцаалдаг, хувь хүнээс мөнгө зээлдэг болж, 2015 оны 03-р сарын 06-ны өдөр 50 000 000 төгрөг авсан. Тэгээд ч биднийг ажил хийлгэхгүй, үйл ажиллагаа явуулахад саад болж, улмаар ажилчдыг “үйлийн үртэй компаниас гар” гэж ятгах болсон. Д.Өнөр нь хувьцаа эзэмшигч хэвээрээ байгаа, харин өөрөө компаний ажилд оролцохгүй хөндийрч, байнга мөнгө л нэхдэг болсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Өнөр нь Д.Алтантуяад холбогдох “Сантаун трейд” ХХК-нийг дангаараа эзэмших, үйл ажиллагаа явуулах эрхтэй болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгй гэж дүгнэлээ.
Д.Өнөр, Д.Алтантуяа нар нь 2004 оны 06-р сарын 08-ны өдөр гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 16 953 400 төгрөгийн дүрмийн сантайгаар, Д.Өнөр нь нийт хувьцааны 59 хувийг, Д.Алтантуяа нь 41 хувийг эзэмшихээр “Сантаун трейд” ХХК-ний үүсгэн байгуулж, гэрээ дүрмээ /хх 6-11/ баталжээ.
“Сантаун трейд” ХХК нь 2009 оны 05-р сарын 04-ний дүрмэндээ өөрчлөлт оруулж гишүүдийн тоо нэгээр нэмэгдэж, 31 953 400 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй болж нийт хувьцааны 24 хувийг Д.Өнөр, 35 хувийг Д.Отгонтуяа, 41 хувийг Д.Алтантуяа эзэмшихээр /хх 46-52/ болсон, мөн 2011 оны 12-р сарын 5-ны өдөр дахин өөрчлөлт орж компаний өөрийн хөрөнгө нь 110 353 400 төгрөг болж, улмаар улсын бүртгэлийн 90110661104 дугаартай, 2833336 регистрийн дугаартай гэрчилгээнд бүртгэгдсэн, 2014 оны 07-р сарын 07-ны өдөр гүйцэтгэх захирлаар Д.Отгонтуяаг бүртгэсэн / хх 19-26/, бүртгэл хүчинтэй байна.
“Сантаун трейд” ХХК нь ОХУ, БНПУ зэрэг улс орнуудаас түүхий эд импортлон хоол амтлагч үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулдаг байх ба харин гишүүдийн хоорондын таарамжгүй харьцаа, мөнгө санхүүгийн тооцооны улмаас маргаан гарч, Д.Өнөр нь 2013 оноос компаний үйл ажиллагаанд оролцоогүй нь зохигчийн тайлбар, Д.Өнөр нь компаний үйл ажиллагааг шалгуулсан гэх Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 07-р сарын 24-ний өдрийн “Зөрчил арилгуулах тухай” улсын байцаагчийн албан шаардлага /хх 54, 55/, зөрчил арилгасан тухай 2015 оны 08-р сарын 03-ны өдрийн албан бичиг /хх 58/, 748 тоот шийтгэх тогтоол зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.
Компаний тухай хуулийн 59-р зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар компаний эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байдаг бөгөөд Сантаун трейд ХХК-ний дүрмийн 9-р зүйлийн 9.1 дэх хэсэгт эрх барих дээд байгууллага нь хувь нийлүүлэгчдийн хурал байхаар заажээ.
Түүнчлэн энэ хуулийн 62-р зүйлийн 62.1.1 дэх хэсэгт зааснаар компаний дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарахаас гадна, хувьцаа эзэмшигч нь 34-р зүйлийн 34.1.1 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн саналаа өгөх эрхтэй байна.
Харин хувьцаа эзэмшигч Д.Алтантуяа, Д.Отгонтуяа нар нь “Сантаун трейд” ХХК-ний эрх мэдэл, үйл ажиллагааг Д.Өнөрөөс булаасан үндэслэл тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй, Сантаун трейд ХХК-ний 24 хувийн хувьцаа эзэмшигч Д.Өнөр нь компанийг дангаараа эзэмших, үйл ажиллагааг эрхлэхийг шаардах эрхгүй гэж дүгнэлээ.
Нөгөө талаас, нэхэмжлэгч Д.Өнөр нь Д.Отгонтуяад холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй байна.
Сантаун трейд ХХК-ний өөрийн хөрөнгө нь 110 353 400 төгрөг байх ба компанийг дангаараа эзэмших, үйл ажиллагааг эрхлэхийг шаардсан нэхэмжлэл гаргахдаа үүнээс тооцож 709 917 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх байжээ.
Харин Д.Өнөр нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн байх тул зөрүү 639 517 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Компаний тухай хуулийн 34-р зүйлийн 34.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Даваагийн Алтантуяад холбогдох “Сантаун трейд” ХХК-нийг дангаараа эзэмших, үйл ажиллагаа эрхтэй болохыг тогтоолгохыг хүссэн Даваагийн Өнөрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 58-р зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, Д.Өнөрөөс 639 517 /зургаан зуун гучин есөн мянга таван зуун арван долоо/ төгрөг нөхөн гаргуулж улсын орлого болгосугай.
Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА