Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 102/2016/04834/И |
Дугаар | 102/ШШ2016/04281 |
Огноо | 2016-06-08 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2016/04281
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2016/04281
| Улаанбаатар хот
|
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойтын 39 дүгээр гудамж, 548 тоот хаягт оршин суух Тойн овогт Пэрэнлэйсамбуугийн Буянхишиг /РД:УЮ73021326/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 6 дугаар байр, 6 тоот хаягт оршин суух Номтынхон овогт Бадамраагийн Хонгорзул /РД:ЙС75071508/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8.395.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Буянхишиг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн төрсөн дүү П.Буянбат, түүний эхнэр Б.Ичинхорлоо нарын зуучилснаар Б.Хонгорзул, түүний гэр бүлийн хүн Р.Оюунболд нарын санал болгосноор 7.150.000 төгрөг зээлдүүлэхээр тохиролцон 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнд 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй төлж дуусгахаар тохиролцон заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр барьцаагүй гэрээ байгуулсан. Энэ хугацаанд Б.Хонгорзул зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, байнгын шаардуулж, өнөөдөр өгнө, маргааш өгнө гэж аргацаасаар 2016 оны 4 дүгээр сарын 11-нд зээлийн нийт дүн 9.516.650 төгрөг болсон. Үүнээс 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 2.216.650 төгрөгийг төлсөн. 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Б.Хонгорзул зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт тавьсны дагуу нотариат орж батлуулъя гэхэд өнөөдрийг хүртэл холбоо бариагүй. Ийм учир хариуцагчаас нийт 8.395.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Хонгорзул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Хонгорзул би 2015 оны 8 дугаар сард 5.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж, эргэн төлөлт хийж чадалгүй байсаар 2016 оны 01 дүгээр сард зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, алдангитай хамт нийт 7.150.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоногт 0.5 хувийн алданги тооцохоор тохирсон. Энэ хугацаанд 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 2.216.650 төгрөгийг буцаан төлсөн. Үүнийг зээлдүүлэгч үндсэн зээлд бус хүүнд тооцож авсан. Үүнээс хойш П.Буянхишигтэй зээлийн гэрээг сунгах талаар ярилцсан боловч гэрээг сунгаж чадаагүй. Энэ талаар би утсаар тайлбарлаж хэлж байсан. П.Буянхишигээс авсан үндсэн зээлийн төлбөр дээр маргахгүй. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч П.Буянхишиг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Гэрээний дагуу хугацаа хэтэрсэн 30 хоногийн алданги болох 1.245.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, Б.Хонгорзулын санал болгосон зээлийн үндсэн төлбөр болох 7.150.000 төгрөгийг авахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Буянхишиг нь хариуцагч Б.Хонгорзулаас зээлийн гэрээний үүрэгт 8.395.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Хонгорзул нь зээлийн үндсэн төлбөр болох 7.150.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алданги төлөхгүй гэсэн тайлбар ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан хариу тайлбартай танилцаж, нэхэмжлэлийн шаардлагаа 1.245.000 төгрөгөөр багасгаж, 7.150.000 төгрөг авахыг зөвшөөрсөн тайлбар ирүүлжээ. Иймд нэхэмжлэгч П.Буянхишиг нэхэмжлэлийн шаардлагаа 1.245.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Хонгорзул нь 7.150.000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн байх тул зохигчдын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрсэн гэж үзлээ.
Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. П.Буянхишигийн нэхэмжлэлтэй Б.Хонгорзулд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8.395.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч П.Буянхишиг нэхэмжлэлийн шаардлагаа 1.245.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Хонгорзул нь 7.150.000 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170.000 төгрөгийн 50 хувь болох 85.000 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 85.000 төгрөгийг хариуцагч Б.Хонгорзулаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
|