Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 102/2016/06729/И |
Дугаар | 102/ШШ2016/05292 |
Огноо | 2016-10-05 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2016/05292
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2016/05292 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
Биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, СОТ-2-1 дүгээр байр, 112 тоот хаягт оршин суух, Сайн овогт Баатаржалбуугийн Сүнжидмаа /РД:МЮ76031001/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консул 1 дүгээр гулдамж, 1 тоо хаягт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 83а байр, 84 тоот хаягт оршин суух Боржигон овогт Жанцангийн Ширчин /РД:ЕС60062718/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хаан банкин дахь Ж.Ширчингийн 5034539311 тоот дансанд 10.000.000 төгрөг шилжүүлснээр бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан юм. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь зээлээ огт эргэн төлөөгүй бөгөөд элдэв шалтаг заан үүргээ биелүүлэхгүй байгаа учир хариуцагчаас 10.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би нэхэмжлэлийн шаардлага болох 10.000.000 төгрөгийн 4.000.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 6.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Сүнжидмаа нь хариуцагч Ж.Ширчинд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Ширчин нь 6.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 4.000.000 төгрөгөөс татгалзсан байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 6.000.000 төгрөгийн тэмдэгтийн хураамжийн 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ж.Ширчинд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10.000.000 төгрөг гаргуулах тухай Б.Сүнжидмаагийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийн 50 хувь буюу 87.475 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнгийн 50 хувь буюу 55.475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Б.Сүнжидмаад олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ