Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2016/00757

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 18 дугаар байр 18 тоотод оршин суух, Дуутан  овогт Галбадрахын Очгэрэлийн нэхэмжлэлтэй

хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг  оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Очгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Д.Энхтуяад холбогдуулан гэрээний үүргийг хангуулж 5 365 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гаргасан. Гэвч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Д.Энхтуяагийн гэрийн хаягаар мэдэгдэх хуудас явуулсан боловч Засаг даргын тодорхойлолтоор бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн тодорхойлолт ирснээр миний нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШЗ2016/00953 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд УХ61061905 регистрийн дугаартай, эмэгтэй Боржигон овогт Доржпаламын Энхтуяаг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Очгэрэл нь Д.Энхтуяад 3 700 000 төгрөгийг зээлсэн, зэээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй ба түүний оршин байгаа газар мэдэгдэхгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

Д.Энхтуяа нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, шүүхийн мэдэгдэх хуудас, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШЗ2016/00953 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан  буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иймд Г.Очгэрэлийн Д.Энхтуяаг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь Д.Энхтуяагийн хаягийг тодруулах өөр баримт байхгүй гэж  тайлбарласан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтийг  ирүүлсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар  Боржигон овогт Доржпаламын Энхтуяаг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               С.ОЮУНЧИМЭГ