Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
Хэргийн индекс | 102/2016/05121/И |
Дугаар | 184/ШШ2016/00386 |
Огноо | 2016-07-25 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2016/00386
2016 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 184/ШШ2016/00386 Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ****дугаар хороо,*** тоот хаягт оршин суух, Онгод овогт Б /РД:****/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн*1 дүгээр хороо, Овоотын *-р гудамж, * тоотод оршин суух, Өрлүүд овогт Ч Б /РД:****/ холбогдох
Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 2,461,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б/ШТЭҮ №***/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, нарийн бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Б.Г миний бие 2015 оны 9-р сарын 09-ний өдөр автобуснаас буун хороолол явах замд хойноосоо урагшаа явж байтал Хюндай Соната 5 маркын УНЭ 18-59 улсын дугаартай машиныг Чойжамц овогтой Баянзүрх согтуугаар жолоодож явах үедээ урсгал сөрөн замын нөгөө урсгалд хойноосоо урагшаа замын гадна алхаж явсан Банзар овогтой Г мөргөж зүүн гуяны мах тасарсан, нуруунд суулт өгч зөөлөн эд хавчуулагдсан, тархи хөдөлж тархины хавантай юм мартдаг болсон, байнга толгой нуруу бөөр өвдөн даралт ихсэн толгой эргэж дотор муухайрдаг үе үе унаж ухаан алдддаг болсон. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул зураг авахуулж эмчилгээ хийлгэн эм тариа авсны төлбөр болох 2,375,000 төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү.
Хариуцагч Ч.Б хаяг тодорхойгүй түүнийг олж хаягийг тогтоолгохоор шүүхэд хандаж эрэн сурвалжлуулж 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01987 тоот шийдвэр гарсан. Нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хэргийн архиваас нотлох баримт гаргуулан авахад 10,000 төгрөг, нотлох баримт авахад 10,000 төгрөг, нотариатаар гэрчлүүлэхэд 6,500 төгрөг төлж нийт 86,700 төгрөгийн хохирол учирсан тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Осол болоход хариуцагч нөгөө урсгалаас гарч ирээд намайг мөргөөд би нилээн хол шидэгдсэн. Цагдаа дуудсан тухайн үед би шоконд орсон байсан. Яс хугарч гэмтээгүй ч гэсэн нуруунд их гэмтэл учирсан. Бууж ирээд эмч дуудаач гэхэд цагдаагаа дууд гээд хэнэг ч үгүй байсан. Би эмнэлэгт хүргэгдсэн. Осол болсноос хойш би эмчилгээ хийлгэж байсан. Шастины нэрэмжит эмнэлэгт 2015 оны 10 дугаар сарын 01-нд цусны шинжилгээ 12300 төгрөг, мөн 2015 оны 09 дүгээр сарын 13-нд Армон эмийн сангаас 18500 төгрөгийн үнэтэй эм, Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэгт цусны дэлгэрэнгүй шинжилгээ 09 сарын 24-нд 21,900 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 17-нд бөөрны шинжилгээ 55,000 төгрөг, СХД эрүүл мэндийн амбулторт бүтэн харалт 40,000 төгрөг би өөрөө даатгалаас 40,000 төгрөг өгсөн 2015 оны 09 дүгээр сарын 10-нд өгсөн. 2015 оны 09 дүгээр сарын 10-нд Гэмтэл согогийн эмнэлэгт толгой нурууны зураг 60,000 төгрөг, 2015 оны 09 дүэгээр сарын 10-нд Супер поро ХХК-д толгой бүсэлхийний зураг 240,000 төгрөг, Вест массажд курс эмчилгээ 2015 оны 09 дүгээр сарын 17-нд 210,000 төгрөгөөр бариулсан. Толгой хавантай байсан учраас бариа хийлгэсэн, Сэргээн засах төвд 150,000 төгрөгөөр ширэн бүс хийлгэсэн, Сарнайн тун эмийн сангаас 22,800 төгрөгийн нурууны эм, Сарнай тун эмийн сангаас 50,000 төгрөгөөр 2015 оны 09 сарын 20-нд авсан. Сарнайн тун эмийн сангаас 2015 оны 10 дугаар сарын 17-нд 19,300 төгрөгөөр эм, Тун билэг эмийн сангаас 2015 оны 09 дүгээр сарын 24-нд 71,500 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 23-нд 18,800 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 01-нд 88,600 төгрөгөөр тус тус эмчилгээ болон эм авсан.Эдгээр эм эмчилгээг эмчид үзүүлэн карт дээр бичиж өгсөний дагуу хийлгэсэн. Баянзүрх надад эхний удаад 50,000 төгрөг өгсөн нь үнэн. Нэг удаа гэрт ирээд 50,000 төгрөг өгсөн. Сүүлд нь манайд ирэхдээ 235,000 төгрөг өгнө миний машиныг гаргуулаад өгөөч зарж байгаад чиний эмчилгээний зардлыг төлнө гэсэн машинаа гаргаж аваад тэр чигээрээ алга болсонд нь гомдолтой байгаа. Нийт 285,000 төгрөг өгсөн гэж байгааг хүлээн зөвшөөрч байна. Үүнийг хасч тооцоход татгалзах зүйл байхгүй. Мөн даатгалаас гаргуулсан мөнгийг хасч тооцохыг зөвшөөрнө. Үлдэх мөнгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Баянзүрх түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашдамба нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Ч.Баянзүрх нь 2015 оны 9-р сарын 09-ний өдөр СХД-ийн 22-р хороонд байрлах Буман-Өлзий хорооллын урд зам дээр иргэн Б.Ганбаатарыг мөргөж зам тээврийн осол гаргасан. Энэ хэрэгтээ ЗХД-ийн дагуу 360,000 төгрөгөөр торгуулж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 6 сараар хасуулсан. Мөн Б.Ганбаатарт шинжилгээ, эм тариа болон эмчилгээний зардалд эхний удаад 50,000 төгрөгийг гэрт нь очиж өгсө.. Дараагийн удаа 2450,000 төгрөгийг байцаагч хошууч Тамирын дэргэд өгч иргэн Б.Ганбаатарын гомдлыг барагдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.
Нийт 285,000 төгрөг нэхэмжлэгчид төлсөн байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтуудаас 18,500 төгрөгийн 11,300 төгрөгийг даатгалаас төлсөн байгаа. 8 дах тал дээр байгаа баримтуудын тал төлбөрийг нийгмийн даатгалаас төлсөн баримтууд байна. Эдгээр даатгалаас төлсөн төлбөрийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжилсэн үнийн дүнгээс баримтаар тогтоогдож байгаа толгой нурууны зураг авахуулахад төлсөн 50,000 төгрөг, Армон эмийн сангийн /хх-ийн 5-р хуудас/ баримтаас өөрөө төлсөн 7,300 төгрөгийг нийт 57,300 төгрөгийг зөвшөөрнө. Үлдсэнийг зөвшөөрөхгүй, ослын улмаас бүс авч хийсэн, масааж хийлгэсэн, ямар эм эмчилгээг хэн гэдэг эмчийн заавраар ямар өвчинд авч хэрэглэсэн нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгч суурь өвчтэй, түүнийгээ эмчлүүлсэн байх магадлалтай, гаргаж өгсөн баримт нь нотлох баримтыг шаардлага хангахгүй, зөрүүтэй байг тул зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага хангах шаардлагагүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Ганбаатар нь хариуцагч Ч.Баянзүрхэд холбогдуулан гэм хор учруулсны хохиролд 2,375,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 86,700 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 2,461,700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Баянзүрхээс 2015 оны 10-р сарын 01-нд цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийлгэхэд төлсөн 12,300 төгрөг, 9-р сарын 13-нд Армон эмийн сангаас авсан эм тарианы 18,500 төгрөг, П.Н.Шастины нэрэмжит Төв эмнэлэгт шинжилгээ өгөхөд 9-р сарын 24-нд төлсөн 21,900 төгрөг, мөн 9-р сарын 17-ны өдөр төлсөн 55,000 төгрөг,9-р сарын 10-ны өдөр төлсөн Рентген харалт 20,000 төгрөг, хэт авиа оношилгооны 20,000 төгрөг нийт 40,000 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд 9-р сарын 10-нд толгой нурууны зураг авахуулахад төлсөн 50,000 төгрөг, толгой, бүсэлхий, нурууны КТГ хийлгэхэд төлсөн 240,000 төгрөг, 9-р сарын 15-нд зүү төөнүүр массаж хийлгэхэд төлсөн 210,000 төгрөг, ширэн бүс авсан 150,000 төгрөг, Мөнхийн тун эмийн сангаас 9-р сарын 24-нд авсан эм тарианы үнэ 228,000 төгрөг, Сарнайн тун эмийн сангаас 9-р сарын 20-нд 50,750 төгрөгийн, 10-р сарын 17-нд 193,500 төгрөгийн эм тариа авсан, Тун билэг ХХК-ийн эмийн сангаас 9-р сарын 24-нд 71,500 төгрөгийн, 9-р сарын 23-нд 18,800 төгрөгийн, 10-р сарын 01-нд 88,600 төгрөгийн эм тариа авч нийт 2,375,000 төгрөг зарцуулсан. Мөн шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжилж олоход шүүхэд материал бүрдүүлж өгөхөд гарсан зардал 16,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг нийт 86,700 төгрөгийг зарцуулсан бөгөөд нийтдээ 2,461,700 төгрөгийг харуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд үнийн дүнг буруу тооцсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээ багасгаж нийт 1,535,550 төгрөг гэж тодорхойлон нэхэмжилж байна.
2015 оны 9-р сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд байрлах, Буман Өлзий хотхоны урд талын замд жолооч Ч.Баянзүрх нь өөрийн эзэмшлийн Хюньдай Соната 5 маркийн 18-59УНЭ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчин мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөнөөс явган зорчигч Б.Ганбаатарыг мөргөж биед нь хөнгөн гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргасан ба энэ байдал нь зам тээврийн ослын үзлэг, тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №133266 тоот акт, 2015 оны 9-р сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Тээврийн прокурорын газрын 2015 оны 9-р сарын 28-ны өдрийн 2859 тоот “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол” зэрэг баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ зам тээврийн осол болсон эсэх болон өөрийн гэм буруугийн талаар хариуцагч маргаагүй болно.
Хариуцагч “ослын улмаас хохирогчид 285,000 төгрөг төлсөн, одоо төлөх төлбөргүй...гэмтлээс болж гараагүй эм, эмчилгээний зардал, даатгалаас төлсөн төлбөрийг төлөхгүй, ослын улмаас учирсан гэмтэл бэртэлд ямар эмчийн заавраар эм эмчилгээ хийлгэсэн нь нотлогдохгүй байна...” гэж нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байгаа боловч шүүх хуралдаанд мэтгэлцэх явцад нэхэмжлэгчид эм, эмчилгээний зардалд 57,300 төгрөгийг тооцон өгөхийг зөвшөөрч байна.
Бусдын эрх, амь, нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан байна.
Иймд нэхэмжлэгч уг зам тээврийн ослын улмаас өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн эм, эмчилгээний болон шинжилгээний зардалд 1,448,850 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 9-р сарын 13-нд Армон эмийн сангаас авсан эм тарианы төлбөрт 18,500 төгрөг төлснөөс хувиасаа төлсөн 7,300 төгрөгийг /хх-5/, Гэмтэл согог судлалын үндэсний төвд 9-р сарын 10-нд толгой нурууны зураг авахуулахад 50,000 төгрөг, толгой, бүсэлхий, нурууны КТГ хийлгэхэд 240,000 төгрөг, 9-р сарын 15-нд зүү төөнүүр массаж хийлгэхэд 210,000 төгрөг, ширэн бүс авахад 150,000 төгрөг, Мөнхийн тун эмийн сангаас 9-р сарын 24-нд эм тариа авахад 228,000 төгрөг, Сарнайн тун эмийн сангаас 9-р сарын 20-нд эм тариа авч 50,750 төгрөг, 10-р сарын 17-нд эм тариа авч 193,500 төгрөг, Тун билэг ХХК-ийн эмийн сангаас эм тариа авч 9-р сарын 24-нд 71,500 төгрөг, 9-р сарын 23-нд 18,800 төгрөг, 10-р сарын 01-нд 88,600 төгрөг зарцуулан нийт 1,308,450 төгрөг зарцуулсан, дээрх эм эмчилгээг нэхэмжлэгч Б.Ганбаатар нь өөрийн эмчлүүлэгчийн эмчилгээний картад бичигдсэн эмчийн зааврын дагуу авч хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан түүний эмчлүүлэгчийн карт, кассын орлогын ордер, зарлагын баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэн авах эрхтэй бөгөөд ослын улмаас эмчийн магадлагаагаар оношилгоо, эмчилгээнд зарцуулсан төлбөрийг нийгмийн даатгалын сангаас үнэ төлбөргүй үзүүлсэн үйлчилгээг хасч уг хохирлыг арилгахын тулд өөрөөс гаргасан, ирээдүйд гарах бодит зардлыг нэхэмжлэх ёстой байхад нийт гарсан зардлыг бүтнээр нь шаардсан нь буруу байна.
Иймд хэрэгт авагдсан баримтаар ослын улмаас Б.Ганбаатар нь 2015 оны 10-р сарын 01-нд цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийлгэхэд төлсөн 12,300 төгрөг /хх-4/, 9-р сарын 13-нд Армон эмийн сангаас авсан эм тарианы төлбөрт 18,500 төгрөг төлснөөс даатгалаас төлсөн 11,200 төгрөгийг /хх-5/, П.Н.Шастины нэрэмжит Төв эмнэлэгт шинжилгээ өгөхөд 9-р сарын 24-нд төлсөн 21,900 төгрөгийг /хх-6/, мөн 9-р сарын 17-ны өдөр төлсөн 55,000 төгрөгийг /хх-7/, 9-р сарын 10-ны өдөр төлсөн Рентген харалт, хэт авиа оношилгооны төлбөрт төлсөн 40,000 төгрөгийг /хх-8/ тус тус нийгмийн даатгалын сангаас төлсөн байх тул нийт 140,400 төгрөгт ногдох төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
Хариуцагч Ч.Баянзүрх нь осол болсны дараа Б.Ганбаатарт нийтдээ 285,000 төгрөг өгсөн талаар талууд маргаагүй тул уг төлбөрийг эм, эмчилгээнд зарцуулсан дээрх нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцон нийт 1,023,450 төгрөгийг хангаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч хариуцагч Ч.Баянзүрх нь оршин суух хаягтаа байхгүй тул түүний хаягийг олж тогтоохоор шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжилуулах тухай нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхэд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, шүүхэд материал бүрдүүлж өгөхөд Тээврийн прокурорын газрын архиваас Эрүүгийн хэргээс нотлох баримт бүрдүүлж авахад 10,000 төгрөг, баримт материалыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардалд 6,500 төгрөг, нийт 86,700 төгрөгийг зарцуулсан, үүнийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэйг заасан ба нэхэмжлэгчийн хариуцагчийг эрэн сурвалжилахад гаргасан болон нэхэмжлэл гаргахад гаргасан зардлыг зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд тооцон гаргуулах үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох 86,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан бол нэхэмжлэгч, хариуцагч нар тэр хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцна. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 29,112 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ч.Б 1,023,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г олгож, нэхэмжлэгчийн 512,100 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 29,112 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
Б.ХИШИГБААТАР