Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 00278

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1983 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, ам бүл 2, хүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Баянхангайн 38-2-10 тоотод оршин суух, Боржигон овогт Хишигдэлгэрийн О /МЭ:83021964/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1982 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, охины хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Спиртийн 8-5-221 тоотод оршин суух, Монгол овогт Баярсайханы Т /МЗ:82121875/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.О, хариуцагч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Х.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Б.Ттай 2004 онд анх танилцаж улмаар хамт амьдарч байгаад 2005 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлсэн. Бидний дундаас 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүү Ундралболд төрсөн. Тухайн үед гэр бүл болоод эхний үед бусдын л адил амьдарч байсан юм. 2007 онд хоорондын үл ойлголцлоос болоод салсан. 2008 онд эргээд эвлэрье гээд буцаад нийлсэн боловч бүтээгүй. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байна. Одоо Б.Т нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болж хүүхэдтэй болсон. Цаашид Б.Ттай хамтран амьдрах боломжгүй байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Ундралболдыг миний асрамжинд үлдээж, эцэг Б.Таас хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч Б.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие нь Х.Отай 2004 онд анх танилцаж улмаар хамт амьдарч байгаад 2005 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлсэн. Бидний дундаас 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүү Ундралболд төрсөн. 2008 онд гэр бүлийн хоорондын таарамжгүй харьцааны улмаас болоод салсан. Одоо миний бие нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.О, хариуцагч Б.Тд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Х.О, хариуцагч Б.Т нар нь 2004 онд танилцаж, гэр бүл болж хамтран амьдарч байгаад 2005 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэрчилгээ авсан ба тэдний дундаас 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүү Ундралболд төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа /ХХ-н 4-р тал/, 2005 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /ХХ-н 5-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэр бүлийн хамтын амьдралын хугацаанд зохигч нар нь үзэл бодол болон бусад байдлын талаар таарч тохирохгүй байсан учир 2008 оноос хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байгаа, энэ хугацаанд Б.Т нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болсон, гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байх тул Х.О, Б.Т нарын гэрлэлтийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Мөн 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Ундралболдыг эх Х.Оын асрамжинд үлдээж эцэг Б.Таас сар бүр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн Б.Тгаас ИХШХШТХуульд зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 21470 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн нэгдсэн сангийн 130400941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овогт Хишигдэлгэрийн О, Монгол овогт Баярсайханы Т  нарын гэрлэлтийг цуцалсугай.     

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Ундралболдыг эх Х.Оын асрамжинд үлдээсүгэй.                                

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Т.Ундралболдыг  11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан Т.Ундралболдыг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Таас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй. 

4. Зохигч эд хөрөнгийн талаар маргаан байхгүйг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Х.Оаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Таас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.От олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч Б.Таас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 21470 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 130400941 тоот дансанд оруулсугай.  

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.