Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 158/2024/0006/З |
Дугаар | 001/ХТ2025/0002 |
Огноо | 2024-12-23 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2025/0002
Д.С-ийн нэхэмжлэлтэй,
Булган аймгийн Могод сумын Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 158/ШШ2024/0025 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2024/0641 дүгээр магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 470 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Х.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.О нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/22 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох,
1.2.Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/128 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,
1.3.2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр явагдсан дуудлага худалдааг хууль бус захиргааны актад тооцуулж, хүчингүй болгуулах.
Хэргийн нөхцөл байдал:
2.Булган аймгийн Могод сумын Засаг даргаас газар эзэмших эрх олгох дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгээс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тус тус газар эзэмших эрхийн дуудлага худалдааг зохион байгуулсан байна.
2.1.Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” А/22 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн IX/07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Эрхт багийн нутаг амралтын эхэнд, амралтын зориулалтаар 100000 м.кв газрыг дуудлага худалдааны ялагчаар тодорсон “Х” ХХК-д 15 жилийн хугацаагаар,
2.2.Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” А/128 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн XI/06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Эрхт багийн нутаг амралтын эхэнд, амралтын зориулалтаар 149998 м.кв газрыг дуудлага худалдааны ялагчаар тодорсон “Х” ХХК-д 15 жилийн хугацаагаар тус тус эзэмшүүлжээ.
3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Газрын дуудлага худалдааг зохион байгуулахдаа Газрын тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ыг зөрчин Газрын биржийн цахим системд мэдээлэлгүй, нийтэд ил тод байх, тэгш шударга оролцоог хангаагүй” гэж,
4.Хариуцагч Булган аймгийн Могод сумын Засаг даргаас “... Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах захирамж гарч ... танхим хэлбэрээр зохион байгуулсан. Мэдээллийг Засаг даргын Тамгын газрын мэдээллийн самбар болон Булган аймгийн Могод сум гэсэн нэртэй фейсбүүкт зар мэдээг тус тус байршуулсан. Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 5.1-т заасны дагуу дуудлага худалдааг явуулсан” гэж,
5.Гуравдагч этгээд “Х” ХХК-аас “... Бид хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмших эрхтэй болсон гэх хууль ёсны итгэлээр ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн. Нэхэмжлэгч нь дуудлага худалдаанд оролцох хүсэл зоригтой байсан гэдэг нь тогтоогдохгүй. Дуудлага худалдаанд оролцох хүсэл зоригоо хуульд заасан журмын дагуу мэдүүлсэн байхад түүнийг дуудлага худалдаанд оролцуулаагүй тохиолдолд түүний эрхийг зөрчсөн эсэх тухай асуудал яригдана. ... Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо хуульд заасан ямар үндэслэлээр илт хууль бус гэж үзэж байгаагаа тодорхой дурдаагүй. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол тус дуудлага худалдааны улмаас хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй” гэж тус тус маргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
6.Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 158/ШШ2024/0025 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С-ийн Булган аймгийн Могод сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/16, 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/111 дүгээр захирамжуудаар байгуулагдсан Ажлын хэсгүүдийн “2023 оны 02 дугаар сарын 10-ны болон 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулж, явуулсан дуудлага худалдаануудыг хууль бус захиргааны актад тооцуулан, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.3, 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.2-т заасныг үндэслэн Д.С-ийн “Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/22 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/128 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
7.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2024/0641 дүгээр магадлалаар Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 158/ШШ2024/0025 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.3, 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.2” гэсний дараа “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1” гэж нэмж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
8.Нэхэмжлэгч Д.С магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
8.1.Хэргийн үйл баримтын тухайд: Миний бие Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд газрын дуудлага худалдаатай холбоотой мэдээллийг цахимаар авдаг байсан. Улмаар Булган аймгийн Могод суманд 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан газрын дуудлага худалдаанд оролцож, тус сумын Эрхт багт 5 га газрыг худалдан авсан байдаг.
8.2.Гэтэл цахим дээр ямар ч мэдээлэл байхгүй 10 га газрыг худалдаалсан байсан. Дуудлага худалдааг олон нийтэд мэдээлсэн зар тавиагүй байсан атлаа дуудлага худалдааг зохион байгуулсан мэтээр захирамж гаргаж, газар эзэмших эрхийг “Х” ХХК-д олгосон байсан.
8.3.Миний бие 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт “10 га болон 15 га газрыг эзэмшсэн үйл явц нь хуулийн хүрээнд явагдсан эсэхийг шалгаж өгч тусална уу” гэх агуулгаар гомдол гаргасан. Ийнхүү дээрх газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/2516 дугаар “Арга хэмжээ авах тухай” албан бичгээр “Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 7.1-т заасны дагуу дуудлага худалдааны зарыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, чөлөөт бүсийн захирагчийн албаны болон сумын нутгийн захиргааны байгууллагын цахим хуудсаар болон Газрын биржийн цахим системээр нийтэд мэдээлэхээр заасан. Могод сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/22 дугаар захирамжаар “Х” ХХК-д амралтын зориулалтаар 10 га газрыг эзэмшүүлсэн дуудлага худалдааг зохион байгуулахдаа Газрын биржийн цахим систем болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл (өдөр тутмын сонин, сэтгүүл, радио, телевиз)-ээр нийтэд мэдээлээгүй байх бөгөөд энэ нь дээрх журмын 2.1-т заасан нээлттэй, ил тод байх, тэгш, шударга оролцоог хангасан байх зарчмыг хангаагүй байна” гэх хариуг ирүүлсний дагуу миний бие хууль журмыг мөрдөлгүй, дуудлага худалдааг хууль бусаар зохион байгуулсан талаар олж мэдсэн.
8.4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд: “Х” ХХК-д хууль бусаар, давуу байдал бий болгож 2 газар олгосон байдаг.
8.5.Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон ...”, “нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно” гэж, мөн хуульд “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж тус тус заасны дагуу давуу байдал олгосон гэж үзэхээр байна.
8.6.Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно” гээд 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1.-т заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” гэж тайлбарласан байна.
8.7.Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/111 дүгээр “Газрын дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, хууль эрх зүйн мэргэжилтэн Ш.Н, нарийн бичиг, архивын сан хөмрөгч Л.Э, хөтлөгч, газрын даамал Н.Г нар нь хууль бусаар “Х” ХХК-д давуу байдал бий болгож 2 газар олгосон.
8.8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухайд: Булган аймгийн Могод сумын цахим хуудаст 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Иргэдийн анхааралд: Газрын кадастрын хэмжилт зураглалын ажил 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Могод суманд хийгдэх тул кадастрын хэмжилт зураглалд газраа хамруулах иргэд бүртгэлээ газрын даамалд хийлгэнэ үү. Засаг даргын Тамгын газар утас: ***” гэсэн нийтлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Газрын дуудлага худалдааны зарлал: ...” гэж өөрчилсөн байна. Өөрөөр хэлбэл, 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өөр нийтлэл оруулчхаад намайг газрын дуудлага худалдаатай холбоотой гомдол гаргаж эхлэхэд тус өдөр нийтэд мэдээлсэн мэтээр харагдуулах зорилгоор газрын дуудлага худалдааны зар гэж засаж өөрчилжээ. Түүнчлэн, дээрх зартай холбоотойгоор анхан шатны шүүхээс үзлэг хийх явцдаа хэзээ нийтлэлийг нийтэлсэн, түүнийг хэзээ зассан зэрэгт дутуу ажиллагаа явуулсан.
8.9.Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Магадлалын хянавал хэсгийн 11-т “... маргаан бүхий 2023 оны А/22, А/128 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамж нь дуудлага худалдааны ялагчаар тодорсон гуравдагч этгээд “Х” ХХК-д газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1-т “... энэ хуулийн 33.1.1-т зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Булган аймгийн Могод сумын Засаг дарга нь эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар илт хууль бусд тооцох үндэслэлгүй байна” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Дээрх Булган аймгийн Могод сумын цахим хуудаст нийтлэлийг өөрчилсөн үйл баримтыг нэхэмжлэгч миний бие давах гомдол гаргах үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мэдсэн болно.
8.10.Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/22 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа хамаардаггүй болно.
8.11.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасан үндэслэл тогтоогдоод байна. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
9.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 470 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
10.Дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
11.Булган аймгийн Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн IX/07 дугаар “2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолоор тус сумын Эрхт багийн нутаг, Амралтын эхэнд 10 га талбай бүхий газрыг амралтын газрын зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөжээ.
12.Улмаар Засаг дарга нь 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/07 дугаар “Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай” захирамжаар 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 2 нэгж талбар, тухайлбал Эрхт багийн Амралтын эхэнд 10 га талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12 цагт Засаг даргын Тамгын газрын 2 давхарт Иргэний танхимд зохион байгуулахыг газрын даамалд зөвшөөрч, дуудлага худалдаа явуулах тухай зар мэдээг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс олон нийтэд зарлахаар шийдвэрлэсэн байна.
12.1.Уг дуудлага худалдаа явуулах зарыг Засаг даргын Тамгын газрын фейсбүүк хаяг болон мэдээллийн самбарт байршуулсан талаарх гэрэл зургууд хэрэгт авагджээ.
12.2.Дуудлага худалдааг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд “Х” ХХК-ийн захирал Б.Г болон иргэн С.Г нарыг оролцуулан явуулж, “Х” ХХК 90 сая төгрөгийн үнийн санал гаргаснаар ялагч болсон байх бөгөөд Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/22 дугаар захирамжаар “Х” ХХК-д Эрхт багийн нутаг Амралтын эхэнд амралтын газрын зориулалтаар 10 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.
13.Үүний дараа Булган аймгийн Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн XI/06 дугаар “2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотгол оруулах тухай” тогтоолоор мөн Эрхт багийн нутаг, Амралтын эхэнд 15 га талбай бүхий газрыг аялал, жуулчлалын баазын зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөжээ.
14.Улмаар Засаг дарга нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/99 дүгээр “Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай” захирамжаар 14 нэгж талбарын газар, тухайлбал Эрхт багийн Амралтын эхэнд 15 га талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагт Иргэний танхимд зохион байгуулахыг зөвшөөрч, дуудлага худалдаа явуулахыг олон нийтэд зарлахаар шийдвэрлэсэн байна.
14.1.Уг дуудлага худалдаа явуулах зарыг Засаг даргын Тамгын газрын фейсбүүк хаяг болон мэдээллийн самбарт байршуулсан талаарх гэрэл зургууд хэрэгт авагджээ.
14.2.Дуудлага худалдааг 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Иргэний танхимд “Х” ХХК-ийн захирал Б.Г болон иргэн М.Ч нарыг оролцуулан явуулж, “Х” ХХК 140 сая төгрөгийн санал гаргаснаар ялагч болсон байх бөгөөд Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/128 дугаар захирамжаар “Х” ХХК-д Эрхт багийн нутаг Амралтын эхэнд 15 га газрыг эзэмшүүлж шийдвэрлэжээ.
Энэ хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:
-Газрын дуудлага худалдаа явуулахдаа Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын дуудлага худалдааны зарыг нийтэд мэдээлэх шаардлагыг зөрчсөн эсэх, мөн нээлттэй ил тод байх, тэгш шударга оролцоог хангах зарчмыг хангасан эсэх тухай байна.
Хууль хэрэглээний хувьд:
15.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т дуудлага худалдааны зарчмаар газар эзэмшүүлэх үндэслэлийг зохицуулж, тус дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар батлахаар хуульчилжээ. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-аар дуудлага худалдаа явуулахад баримтлах зарчим, дуудлага худалдааг зарлан мэдээлэх зэрэг харилцааг нарийвчлан зохицуулжээ.
16.Уг журмын 7.1-т “Дуудлага худалдааны зар (цаашид “зар” гэх)-ыг уг дуудлага худалдаа явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө дараах байдлаар нийтэд мэдээлнэ” гээд, 7.1.1-т “олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр” гэж, 7.1.2-т “аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, чөлөөт бүсийн захирагчийн албаны болон сумын нутгийн захиргааны байгууллагын цахим хуудсаар” гэж, 7.1.3-т “Газрын биржийн цахим системээр” гэж дуудлага худалдааны зарыг нийтэд мэдээлэх хэлбэрийг тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдааны зарыг уг журмын 7.1.1-ээс 7.1.3-т заасан зэрэгцээ гурван хэлбэрээр нийтэд мэдээлэхээр байна.
17.Маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагч сумын Засаг дарга 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр болон 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тус тус зохион байгуулсан дуудлага худалдааны зарыг өөрийн Тамгын газрын фейсбүүк хаяг болон мэдээллийн самбарт байршуулсан нь дээрх дуудлага худалдааны зарыг нийтэд мэдээлэх журмыг зөрчөөд зогсохгүй журмын 2.1.3-т заасан нээлттэй ил тод байх, 2.1.4-т заасан тэгш шударга оролцоог хангах зарчмуудыг хангаагүй байна. Тодруулбал, фейсбүүк хаяг болон мэдээллийн самбарт дуудлага худалдааны зарыг байршуулсан нь журмын 7.1.1-т заасан “олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр” гэх, 7.1.2-т заасан “аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, чөлөөт бүсийн захирагчийн албаны болон сумын нутгийн захиргааны байгууллагын цахим хуудсаар” гэх хэлбэрээр нийтэд мэдээлэх шаардлагад нийцэж буй эсэх, түүнчлэн тухайн цаг хугацаанд уг зарыг нийтэлсэн эсэх нь эргэлзээтэй байхын зэрэгцээ, гол нь журмын 7.1.3-т заасны дагуу дуудлага худалдааны зарыг Газрын биржийн цахим системээр нийтэд мэдээлээгүй нь тогтоогдож байна.
18.Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас хариуцагч нь дуудлага худалдааг зохион байгуулахдаа Газрын биржийн цахим систем болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл (өдөр тутмын сонин, сэтгүүл, радио, телевиз)-ээр нийтэд мэдээлээгүй, нээлттэй ил тод байх, тэгш шударга оролцоог хангасан байх зарчмыг баримтлаагүй талаар хариуцагч болон нэхэмжлэгчид мэдэгдэж байжээ. Үүнээс нэгтгэн дүгнэвэл, хариуцагч нь дуудлага худалдааны зарыг нийтэд мэдээлэх журмыг зөрчсөн нь дуудлага худалдаанд зайлшгүй баримтлах нээлттэй ил тод байх, тэгш шударга оролцоог хангах зарчимд нийцээгүй, нэхэмжлэгчийн дуудлага худалдаанд оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.
19.Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо 2022 онд зохих журмын дагуу дуудлага худалдааны зарыг тавьдаг байснаа 2023 онд зарлахгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулсан, фейсбүүк хаягт байршуулсан гэх дуудлага худалдааны зар нь хожим өөрчлөгдсөн зар гэж тайлбарласныг хүлээн авах үндэслэлтэй.
20.Хариуцагч дээрх байдлаар нээлттэй ил тод байх, тэгш шударга оролцоог хангах зарчимд нийцээгүй, өөрөөр хэлбэл, дуудлага худалдааны зорилгод нийцээгүй хэлбэрийн төдий дуудлага худалдааг зохион байгуулсныг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан шаардлага хангасан дуудлага худалдаа гэж үзэхгүй бөгөөд ерөөс тус зүйлд заасан дуудлага худалдааны үндсэн дээр газрыг эзэмшүүлэх урьдчилсан нөхцөл хангагдаагүй байна. Улмаар хариуцагч нь тус зүйлд заасан үндэслэл бүрдээгүй байхад 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/22 дугаар захирамж, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/128 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” илт хууль бус захиргааны акт болно.
21.Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн “Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/22 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хангаж, уг захирамжийг илт хууль бус болохыг шүүхээс тогтоох үндэслэлтэй. Мөн нэхэмжлэлийн “Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/128 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын хүрээнд шүүхээс тус захирамжийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна. Улсын дээд шүүхийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолд хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүхээс илт хууль бус болохыг тооцох нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэнд хамаарахгүй гэж тайлбарласан.
22.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэлээ тайлбарлаагүй тул шүүх дүгнэлт хийх боломжгүй, гуравдагч этгээдийн хууль ёсны итгэл хамгаалагдах учиртай зэргээр дүгнэж, Газрын биржийн цахим системээр мэдээлээгүй илэрхий зөрчлийн талаар дүгнэлт өгөөгүй, дуудлага худалдааг явуулах зарчим, зорилгыг анхаарч үзээгүй нь учир дутагдалтай болжээ.
23.Харин нэхэмжлэлийн “2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр болон 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд явагдсан газар эзэмших эрх олгох дуудлага худалдаануудыг тус тус хууль бус захиргааны актад тооцуулан хүчингүй болгуулах” шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна. Учир нь тухайн дуудлага худалдаануудын эцсийн үр дагавар нь газар эзэмших эрх олгосон 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/22 дугаар захирамж, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/128 дугаар захирамжаар илрэн гарч байх тул энэ тохиолдолд тухайн дуудлага худалдаанууд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан бие даасан “захиргааны акт”-ын шинжийг агуулаагүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т заасан “хүчингүй болгох” нэхэмжлэлийн зүйл болохгүй тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т зааснаар “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй.
24.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн дээрх шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу. Учир нь нэхэмжлэгчид нэгэнт дуудлага худалдааны талаар мэдэгдээгүй гэж маргаж буй тохиолдолд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан “... шийдвэрийг мэдэгдсэнээс хойш ...” гэх нөхцөлийг тогтоох боломжгүй бөгөөд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахаар байгааг анхаарах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 158/ШШ2024/0025 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2024/0641 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг баримтлан иргэн Д.С-аас Булган аймгийн Могод сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/22 дугаар захирамж, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/128 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан иргэн Д.С-аас Булган аймгийн Могод сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр болон 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулж, явуулсан дуудлага худалдаануудыг хууль бус захиргааны актад тооцуулж, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ