Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2016/05963/и |
Дугаар | 5963 |
Огноо | 2016-09-27 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 5963
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Их Дарь эх 1 дүгээр гудамж, 48 тоотод оршин суух Бодонгууд овогт Доржпүрэвийн Жаргалсайхан /Регистрийн дугаар УХ63040870/,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Их Дарь эх 1 дүгээр гудамж, 48 тоотод оршин суух Бодонгууд овогт Жаргалсайханы Эрдэнэжаргал /Регистрийн дугаар УЮ87081431/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 хэсэг, Их Дарь Эх 1 гудамж, 79 тоотод оршин суух Чингүүнжав овогт Болдын Бат-Эрдэнэ /Регистрийн дугаар ЦА83082472/-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгэлд 8,632,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Жаргалсайхан, Ж.Эрдэнэжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Жаргалсайхан, Ж.Эрдэнэжаргал нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“Д.Жаргалсайхан миний хуурай дүү болох Б.Бат-Эрдэнэ нь түрээсийн байр барина гэдгээр 5,000,000 төгрөгийг хүнээс зээлүүлж аваад үлдэгдэл болох 1,000,000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй байгаа. Мөн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “Бэрс капитал” Банк бус санхүүгийн байгууллагад Киа Бонго маркийн УНЧ 42-99 улсын дугаартай автомашиныг маань 2,600,000 төгрөгт барьцаалуулан зээл авсан. 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү Ж.Эрдэнэжаргалын нэр дээр байдаг Киа Бонго3 маркийн УНЕ 84-08 улсын дугаартай автомашиныг “Бат Ундран мандах” Банк бус санхүүгийн байгууллагад барьцаалуулан 4,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлсэн эдгээр мөнгүүдийг Б.Бат-Эрдэнэ нь өдийг хүртэл төлөөгүй учраас би 4,000,000 төгрөгний хүү болох 720,000 төгрөг, үндсэн зээл 4,000,000 төгрөг, нийт 4,720,000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр зээлж авсан 2,600,000 төгрөг болон түүний хүү 312,000 төгрөг, нийт 2,912,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Иймд нийт дүнгээр 8,632,000 төгрөгийг хариуцагч Б.Бат-Эрдэнээс гаргуулан хохиролгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Б.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: “Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Их Дарь-Эхийн 1-79 тоотод оршин суух Болд овогтой Бат-Эрдэнэ миний бие Д.Жаргалсайханаас 2015 оны 09 дүгээр сарын 09-нд 2,600,000 төгрөгийг, 2015 оны 10 дугаар сарын 01-нд 4,000,000 төгрөгийг Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 1-79 тоотод байрлах хүнсний дэлгүүртээ эргэлтийн хөрөнгө нэмэх зорилгоор зээлэн авсан. Зээлийн төлбөрийг автомашин барьцаалан зээлдүүлэх газрын дансанд хийхээр тохиролцож, өөрийн Монголд байсан үедээ зээлийн төлөлтийг хийж, 2016 оны 10 сарын сүүлээр Казакстан улс руу ажлаар явсан. Явахдаа Монголд байсан өөрийн хамаатан саданд эргэн төлөлтийг хийхийг захисан. 2015 оны 12 дугаар сарын 24-нд хамгийн сүүлд эргэн төлөлтийг хийсэн байсан. Нийт авсан зээл болох 6,600,000 төгрөгөөс хүү болон үндсэн зээлээс 1,531,000 төгрөгийг төлсөн болно. Нэхэмжилж буй нэхэмжлэлийн дүнгээс хасаж өгнө үү” гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Жаргалсайхан, Ж.Эрдэнэжаргал нар нь Б.Бат-Эрдэнээс Зээлийн гэрээний гүйцэтгэлд 8,632,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Бат-Эрдэнэ нь нэхэмжилж байгаа үнийн дүнгээс банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үндсэн зээл болон хүүнд төлсөн 1,531,000 төгрөгийг хасуулах тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Д.Жаргалсайхан нь “Бэрс капитал” ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 2,600,000 төгрөгийг 30 хоног /1 сар/-ийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, зээлийн барьцаанд Д.Жаргалсайханы өмчлөлийн УНЧ 42-99 улсын дугаартай Киа Бонго маркийн автомашиныг барьцаалж КУ-330 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулсан байна. /хавтаст хэргийн 9-10 дахь тал/
Ж.Эрдэнэжаргал нь “Бат Ундран мандах ББСБ” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 4,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, зээлийн барьцаанд Ж.Эрдэнэжаргалын өмчлөлийн УНЕ 84-08 улсын дугаартай Киа Бонго3 маркийн автомашиныг барьцаалж ЗГ15100103 дугаартай “Зээлийн гэрээ” /хавтаст хэргийн 5 дахь тал/, БГҮ15100103 дугаартай “Барьцааны гэрээ” /хавтаст хэргийн 6 дахь тал/ тус тус байгуулсан байна.
Хариуцагч Б.Бат-Эрдэнэ нь Д.Жаргалсайхан, Ж.Эрдэнэжаргал нар 2,600,000 төгрөг, 4,000,000 төгрөг, нийт 6,600,000 төгрөгийг зээлж түүнд өгсөн, эдгээр зээлийг хүүгийн хамт зээлдүүлэгчид төлөх үүрэг хүлээсэн болохоо хүлээн зөвшөөрч, зээлийн эргэн төлөлтийг хийж байсан болох нь зохигчдын тайлбар, мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна.
Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу бүрджээ.
Зохигчдын хооронд гэрээ байгуулагдаагүй боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч 6,600,000 төгрөгийг хүлээн авсанаар тухайн мөнгийг захиран зарцуулах эрх үүсч, энэ үеэс зээл, зээлийн хүүг төлөх үүрэг бий болно.
“Бэрс капитал” ХХК нь 2,600,000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 30 хоног /1 сар/-ийн хугацаатай зээлэхээр заасны дагуу үндсэн зээлд 2,600,000 төгрөг, 1 сарын хүү 156,000 төгрөг, нийт 2,756,000 төгрөгийг зээлдэгч төлөх үүрэгтэй байна. “Бат Ундран мандах ББСБ” ХХК нь 4,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэхээр заасны дагуу үндсэн зээлд 4,000,000 төгрөг, 3 сарын хүү 720,000 төгрөг, нийт 4,720,000 төгрөгийг зээлдэгч төлөх үүрэгтэй байна.
Б.Бат-Эрдэнэ нь зээлдэгч Д.Жаргалсайхан, Ж.Эрдэнэжаргал нарын нэр дээрх зээлийн төлбөрт “Бэрс капитал” ХХК-д үндсэн зээлд 2,600,000 төгрөг, 1 сарын хүү 156,000 төгрөг, нийт 2,756,000 төгрөг, “Бат Ундран мандах ББСБ” ХХК-д үндсэн зээлд 4,000,000 төгрөг, 3 сарын хүү 720,000 төгрөг, нийт 4,720,000 төгрөг тус тус төлөх үүргийг хүлээсэн байна.
Б.Бат-Эрдэнэ нь “Бэрс капитал” ХХК-д Д.Жаргалсайханы нэр дээрх зээлийн эргэн төлөлтөд 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 170,000 төгрөг, 09 дүгээр сарын 24-ний өдөр 170,000 төгрөг, 10 дугаар сарын 06-ны өдөр 170,000 төгрөг, 10 дугаар сарын 10-ны өдөр 166,000 төгрөг, 11 дүгээр сарын 20-ны өдөр 170,000 төгрөг, 12 дугаар сарын 07-ны өдөр 105,000 төгрөг, 12 дугаар сарын 24-ний өдөр 100,000 төгрөг, нийт 1,051,000 төгрөг, “Бат Ундран мандах ББСБ” ХХК-д Ж.Эрдэнэжаргалын нэр дээрх зээлийн эргэн төлөлтөд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 240,000 төгрөг, 12 дугаар сарын 03-ны өдөр 120,000 төгрөг, 12 дугаар сарын 04-ний өдөр 120,000 төгрөг, нийт 480,000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны орлогын мэдүүлгүүдээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 22-31 дэх тал/ Нэхэмжлэгч нар Б.Бат-Эрдэнэ зээлийн хүүг л төлж байсан гэж маргасан боловч Б.Бат-Эрдэнэ нийт 10 удаагийн шилжүүлгээр 1,531,000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд төлсөн талаар маргаагүй.
“Бэрс капитал” ХХК-д нийт 2,756,000 төгрөг төлөхөөс 1,051,000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 1,705,000 төгрөгийг, “Бат Ундран мандах ББСБ” ХХК-д нийт 4,720,000 төгрөг төлөхөөс 480,000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 4,240,000 төгрөгийг, зээлийн үлдэгдэл нийт 5,945,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгч нар зээлийн үлдэгдэл төлбөрийг өөрсдөө төлж барагдуулсан тул уг мөнгийг Б.Бат-Эрдэнээс гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Д.Жаргалсайхан нь “...Б.Бат-Эрдэнэ нь түрээсийн байр барина гэдгээр 5,000,000 төгрөгийг хүнээс зээлүүлж аваад үлдэгдэл болох 1,000,000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй байгаа...” гэж 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч уг шаардлагатай холбогдох баримтыг ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлоогүй болно.
Энэ хэргийн хариуцагчаар иргэн Б.Бат-Эрдэнэ татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан бөгөөд хариуцагч Б.Бат-Эрдэнэ нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч нар хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.
Хариуцагч Б.Бат-Эрдэнээс зээлийн гэрээний үүрэгт нийт 5,945,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2,687,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан, хариуцагч Б.Бат-Эрдэнээс зээлийн гэрээний үүрэгт 5,945,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Жаргалсайхан, Ж.Эрдэнэжаргал нарт олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагаас 2,687,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бат-Эрдэнээс 110,070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Жаргалсайхан, Ж.Эрдэнэжаргал нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР