Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2016/06027/и |
Дугаар | 6027 |
Огноо | 2016-09-29 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 6027
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо Амины орон сууц гудамж 3-149 тоотод оршин суух /РД:АЗ73080504/ Хөххангай овогт Ламгомбын Болортуяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шархад 2 дугаар гудамж, 46 тоотод оршин суух /РД:ЧЕ61050867 /Боржигон овогт Долгорын Нямхүүд холбогдох
5,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Болортуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 2012 оны 02 дугаар сарын 10 өдөр “ДБЭ-Тэрх” ХХК-ийн мөнгө болох 1,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Мөн 2012 оны 10 сарын 25-нд 4,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай тус тус зээлсэн бөгөөд нийт 5,500,000 төгрөгийг зээлсэн юм. Ингэхдээ тухайн үед миний бие нь компанийн зээлийн ажилтан гэсэн албан тушаалтай байсан учраас дээрхи 5,500,000 төгрөгийг компанийг төлөөлж, Д.Нямхүү гэдэг хүнд зээлдүүлсэн билээ. Тухайн үед Д.Нямхүү бид хоёр хоорондоо зээлийн гэрээ байгуулалгүйгээр дээрхи мөнгийг өгч авалцсан. Зээлдэгч Д.Нямхүү нь зээл авсанаасаа хойш жил гаруйн хугацаа өнгөрөхөд ганцхан удаа л 125,000 төгрөгийг төлсөн бөгөөд үндсэн зээл болон зээлийн хүүг огт төлөөгүй. ....Иймд Д.Нямхүүгээс 5,500,000 төгрөг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Нямхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчээс 1,500,000 төгрөг зээлж аваагүй, харин 2012 оны 02 дугаар сарын 10-нд түүнээс 900,000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2 сарын хугацаатай 4,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Хүү тооцож зээлийн үүргээ бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин нэхэмжлэгч Л.Болортуяа нь хүү тооцох үндэслэлгүй байсан, дуусгавар болсон зээлийн гэрээг үндэслэн шаардлага гаргаж байгаа учир хариуцагч би өөрийн татгалзал , түүний үндэслэлийг нотлосон баримт хийгээд үүнтэй холбоотой сөрөг нэхэмжлэлээ шүүхэд гаргах болно гэжээ.
Хариуцагч Д.Нямхүү шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2012.04.03-ны өдөр “Мөстийн Өвөр булаг” ХХК-ийн зээл хариуцсан ажилтан, нэхэмжлэгч Болортуяа надтай утсаар холбогдож, намайг ажил дээрээ хүрээд ир гэж дуудсан юм. Би найз Баянзулын хамт түүний ажил руу очиход тэрээр бид хоёрт Би Компанийнхаа мөнгөнөөс зөвшөөрөлгүй 4.000.000 төгрөг хувьдаа авчихсан юм. Одоо миний ажлыг шалгана гэнэ. Та 4.000.000 төгрөг зээлж авсан гэсэн баримт надад бичээд өгөөч” гэж гуйхаар нь би түүнд “.... 2012.02.10-ны өдөр танай Компаниас авсан 900.000 төгрөгийн зээлээ би бүрэн төлөөгүй байгаа. Тийм болохоор би нэмж зээл авсан гэж яаж баримт бичиж болох юм. Чи наадхаа өөр хүнээр бичүүл” гэсэн. Тэхэд Болортуяа надад “хамт яваа хүнээрээ баримт бичүүлчих. Бичих зүйлийг би хэлээд өгье” гээд ББСБ-ын урамшууллын журам гэх бичиг гарган ирж, түүнийгээ харан Баянзулаар өргөдөл бичүүлсэн. Гэхдээ Баянзул өөрийн нэр дээр 4.000.000 төгрөгийн зээл төлнө гэсэн үүрэг хүлээсэн баримт бичихгүй гэж татгалзсан учир Болортуяа Н.Наранцэцэг гэх зохиомол нэрээр 4.000.000 төгрөгийн зээл төлөх баримтыг Баянзулаар бичүүлж авсан. |Өргөдөл гэх нэртэй| Үүнээс бараг жил орчмын дараа нэхэмжлэгч Болортуяа надтай ирж уулзаад “...4 сая төгрөгийн зээл төлөгдөхгүй удаж байна. Зээлдэгч Наранцэцэг гэж хүнээ дуудаж, уулзуул гэж захирал хэллээ. Ийм хүн байхгүй юм чинь одоо яах вэ? Та өмнөөс нь 4.000.000 төгрөгийн зээл төлөх төлбөр барагдуулах үүрэг хүлээсэн баримт бичээд өгөөч. Энэ төлбөрийг мэдээж би төлнө шүү дээ ” гэхээр нь ажил төрлийн харилцаатай байдлаа бодож, Болортуяад туслахаар шийдсэн. Ингээд Болортуяа бид 2 ярилцаж байгаад Баянзулын бичсэн зохиомол өргөдлийг үндэслэн мөн зохиомол өргөдөл бичиж, уг өргөдөлдөө Н.Наранцэцэг миний найз. Хорт хавдар өвчнөөр өвчилсөн тул 4.000.000 төгрөгийн зээлийг би хариуцаж төлнө” гэсэн агуулга бүхий төлбөр барагдуулах үүрэг хүлээсэн өргөдөл нэртэй баримт бичиж, гарын үсгээ зураад захиралд нь өгсөн. Тэхэд Болортуяа надад “Ёстой их баярлалаа. Би графикийн дагуу 4.000.000 төгрөгийг Компанидаа төлчихнө. Битгий санаа зовоорой" гэсэн юм.Гэтэл нэхэмжпэгч Болортуяа өөрийн ажиллаж байгаа Компанийхаа 4.000.000 төгрөгийг хувьдаа завшсан байж, энэ мөнгийг өөрөө төлөх байтал төлөхгүй, харин ч бүр Компанидаа итгэл олж авахын тулд зохиомол өргөдөл бүхий баримт сэлтүүдийг үндэслэн 4.000.000 төгрөгийг надаар төлүүлэх гэж олон жил намайг гүтгэж, үндэслэлгүйгээр Цагдаагийн байгууллагад хандаж, өргөдөл, гомдол гаргасан, мөн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.Нөгөө талаар Н.Наранцэцэг гэх зохиомол нэр бүхий этгээдэд зохиомлоор үүсгэсэн зээлийн гэрээний үүрэг нь бодитой биш. мөн нэхэмжпэгч Болортуяа нь Н.Наранцэцэг гэх хүнд 4.000.000 төгрөгийн зээл бодитой олгоогүй бөгөөд уг баримтыг миний найз Баянзулаар хуурамчаар үйлдүүлсэн, түүнчлэн Болортуяа нь ажлаасаа халагдахгүйн тулд, мөн хэрэгт холбогдохгүйн тулд надаар хуурамч өргөдөл бичүүлж, хорт хавдраар өвчилсөн гэх зохиомол нэр бүхий Н.Наранцэцэг гэх хүний 4.000.000 төгрөгийн зээлийг надаар төлүүлэх баримт үйлдүүлсэн. Энэ бүхэн нь үнэнд нийцэхгүй, уулаасаа бодитой биш байтал нэхэмжлэгч Болортуяа эдгээр хуурамч баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох гэж оролдож байгаа нь илтэд үндэслэлгүй байна.Иймд Н.Наранцэцэг гэх зохиомол нэр бүхий этгээд зээлийн үүрэгт 4.000.000 төгрөг төлнө гэж үүрэг хүлээсэн 2012.04.03-ны өдрийн баримт |өргөдөл гэх нэртэй|, мөн хариуцагч Д.Нямхүү би зохиомол нэр бүхий Н.Наранцэцэг гэгчийн өмнөөс түүний зээлийг төлж барагдуулна гэж үүрэг хүлээсэн 2013 оны төлбөр барагдуулах баримтыг |өргөдөл гэх нэртэй| тус тус. хүчингүй төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Л.Болортуяа нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Д.Нямхүү нь зээлийн үүрэгт 4 сая төгрөг төлөхөөр хүлээсэн баримт, мөн 4 сая төгрөгийн төлбөр барагдуулах үүрэг хүлээсэн баримтуудыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулъя гэжээ. Энэ 2 баримт бичгийг Д.Нямхүү нь өөрийн гараар манай байгууллагад бичиж өгч байсан. Дээрхи 2 баримтуудыг манай компанийн захирал Д.Доохүү гэдэг хүнтэй Д.Нямхүү нь өөрөө ирж уулзаад, бичиж өгч байсан. Иймд Д.Нямхүүгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Болортуяа нь хариуцагч Д.Нямхүүд холбогдуулан 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч Д.Нямхүү нэхэмжлэгч Л.Болортуяад холбогдуулан зээлийн үүрэгт 4 сая төгрөг төлөхөөр хүлээсэн баримт, 4 сая төгрөгийн төлбөр барагдуулах үүрэг хүлээсэн баримтуудыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Нямхүү нь сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ. Үүнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 5,500,000 төгрөгийн 3,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2,500,000 төгрөгийг хариуцагч Д.Нямхүү нь 2019 оны 09 сарын 29-ний өдрийн дотор нэхэмжлэгч Л.Болортуяад төлөх үүрэг хүлээж байна. Нэхэмжлэгч Л.Болортуяа нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс өмнө 2,500,000 төгрөгийг хариуцагч Д.Нямхүүгээс шаардах эрхгүй болно. Талууд бидний хооронд өөр бусад зээлийн үүрэг үүсээгүй болохыг нотолж байна. Бид энэхүү эвлэрлийн гэрээг өөрсдийн хүсэл зоригийн дагуу харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно. Иймд талууд бидний хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Д.Нямхүүд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Л.Болортуяа нь нэхэмжлэлийн шаардлага 5,500,000 төгрөгийн 3,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2,500,000 төгрөгийг хариуцагч Д.Нямхүү нь 2019 оны 09 сарын 29-ний өдрийн дотор нэхэмжлэгч Л.Болортуяад төлөхөөр, нэхэмжлэгч Л.Болортуяа нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс өмнө 2,500,000 төгрөгийг хариуцагч Д.Нямхүүгээс шаардах эрхгүйгээр зохигчид эвлэрснийг баталж, Д.Нямхүүд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Д.Нямхүү нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
3. Нэхэмжлэгч Л.Болортуяа, хариуцагч Д.Нямхүү нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР