Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 102/2016/06658/И |
Дугаар | 5035 |
Огноо | 2016-09-05 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 5035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 2-р хороо, 9Б байрны 131 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧЛ57122773, Монгол овогт Доржжанцангийн Сүхбаатарын нэхэмжлэлтэй,
1956-10-23 өдөр төрсөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Сүхбаатар, гэрч Д.Нямсүрэн, Д.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч 1956-10-23 өдөр төрсөн болохоо тогтоолгохыг хүссэнийг шүүх хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Би Гэндэнжамцын Доржжанцангийн 8 хүүхдийн 3 дахь нь бөгөөд аав Доржжанцан их эмч хүн байсан учир томилолтоор Дундговь аймагт ажиллаж байх үед тэнд 1956-10-23 өдөр төрсөн гэдэг юм. Би аавыг Говь-Алтай аймагт ажиллаж байх үед 1965 онд Говь-Алтай аймагт сургуульд нэгдүгээр ангид орж, 1975 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 10 жилийн дунд сургуулийг төгссөн юм.
Намайг 1956-10-23 өдөр төрсөн болохыг Улсын бүртгэлийн төв архивын газрын төрсний бүртгэлийн 2016-08-10 өдрийн 102/010046 тоот лавлагаа, олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн 053001 дэвтэр болон гэрчээр оролцож буй миний дүү нар нотолно.
Намайг 16 нас хүрээд иргэний үнэмлэх эхэлж авах үед миний төрсөн оныг 1957-12-27 гэж буруу бичсэн байх. Би одоо тэтгэврийн насанд хүрч байгаа. Иймд намайг 1956-10-23 өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү? гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн төв архивын газрын төрсний бүртгэлийн 2016-08-10 өдрийн 102/010046 тоот лавлагаа,
олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн 053001 дэвтэр, иргэний үнэмлэхүүд, Баянгол дүүргийн 2-р хорооны Засаг даргын тодорхойлолт болон гэрч Д.Нямсүрэн, Д.Лхагвасүрэн нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийг түүний иргэний үнэмлэхэд 1957-12-27 өдөр төрсөн гэж тэмдэглэсэн байх бөгөөд төрсөн уг огноогоор иргэний бүртгэлийн ЧЛ57122773 дугаар нэхэмжлэгчид олгогдсон байна.
Гэвч нэхэмжлэгч 1956-10-23 өдөр Дундговь аймагт төрснийг Дундговь аймгийн захиргааны төрөлтийн бүртгэлийн 6 дугаарт 1957-01-26 өдөр бүртгэж төрсний гэрчилгээ олгосон, энэ гэрчилгээг үндэслэн нэхэмжлэгчийг төрүүлсэн эх Гэлэгийн Тэрбишид 1972-03-24 өдөр Хөвсгөл аймгаас олгосон олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн 053001 дэвтрийн “хүүхдийн овог, нэр” гэсэн хэсгийн 1-д “Доржжанцангийн Сүхбаатар 1956-10-23 өдөр төрсөн, гэрчилгээний дугаар 6 гэж, 3 дугаарт Д.Нямсүрэн 1960-12-25 өдөр, 6 дугаарт Д.Лхагвасүрэн 1969-10-20 өдөр төрсөн гэж тэмдэглэгдсэн, гэрч Д.Нямсүрэн, Д.Лхагвасүрэн нар нэхэмжлэгчийн төрсөн дүү нар бөгөөд нэхэмжлэгчийг 1956-10-23 өдөр төрсөн болохыг мэдүүлсэн мэдүүлэг зэргээр дээрх нотлох баримтууд нэхэмжлэгчийг 1956-10-23 өдөр төрсөн байх үндэслэлтэйг нотлож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Монгол овогт Доржжанцангийн Сүхбаатар 1956-10-23 өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл бичгээр гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НАРАНЦЭЦЭГ