Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 5194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатар талбай-02, Сэнтрал Тауэр 8 давхарт байрлах, “Юнител” ХХК /РД:5036895/,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, Өнгөт хэвлэлийн байр, 2 давхарт байрлах, “Ард даатгал” ХХК /РД:2062089/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 хороолол, 38 байр, 13 тоотод оршин суух, Хабчин овогт Хүрэлбаатарын Энхчимэг /РД:ЧЖ84051806/,

            Гэрээний үүрэг, зардал 1.092.500 төгрөг гаргуулахыг шаардсан иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эй эс партнёрс ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Мандах, хариуцагч Х.Энхчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Эй эс партнёрс ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Мандах шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.Энхчимэг нь 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Юнител ХХК-тай үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулж 89004125 дугаар дээр 12 сарын хугацаатайгаар 720.000 төгрөгийн үнэтэй самсунг галакси note-2 гар утас зээлээр худалдан авч сар бүр 60.000 төгрөгийн суурь хураамж төлөх үүрэг хүлээсэн. Х.Энхчимэг үүргээ зөрчиж төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний  хугацаа дууссан бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл нь 720.000 төгрөг байна. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн өдрийн 0,3 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Ард даатгал ХХК нь Юнител ХХК-тай төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Юнител ХХК-ийн хэрэглэгч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд даатгалын тохиолдолд үүсч даатгалын нөхөн төлбөр олгоно гэжээ. Ард даатгал ХХК даатгалын нөхөн төлбөрт 648.000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр болох 72.000 төгрөгийг үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээний дагуу Юнител ХХК-д төлөх үүрэгтэй. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу даатгалын нөхөн төлбөрийг даатгагч даатгуулагчид төлснөөр буруутай этгээдээс төлбөрийг нэхэмжлэн шаардах эрх Ард даатгал ХХК-д шилжсэн. Иймд хариуцагч Х.Энхчимэгээс төлбөрийн үлдэгдэл алдангийн хамт 1.008.000 төгрөг, нотлох баримтыг, нотариатаар баталгаажуулахад гарсан зардал 12.500 төгрөг нийт 1.020.500 төгрөгийг Ард даатгал ХХК-д, үлдэгдэл төлбөр 72.000 төгрөгийг Юнител ХХК-д тус тус гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.Энхчимэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Юнител ХХК-тай гэрээ байгуулаагүй. Би 2013 оны 08 дугаар сард Хятад улсын Эрээн хотод байсан. Хэрэв би ийм өр төлбөртэй, дугаартай байсан бол одоог болтол миний нэр дээр яагаад байхгүй байгаа юм. Өртэй байсан бол надтай холбоотой бүх баримтыг хадгалж байх ёстой бөгөөд дугаар зарагдахгүй байсан. Би энэ гар утас дугаарыг аваад өөр хүнд шилжүүлсэн зүйл байхгүй. Би хэзээ ч Юнителийн дугаар барьж байгаагүй. Дугаар барьлаа гэхэд ийм сонин тоотой хачин дугаар барихгүй. Би өөрөө Мобикомын дугаар барьдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.   

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад               

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Ард даатгал ХХК, Юнител ХХК нь хариуцагч Х.Энхчимэгт холбогдох гэрээний үүрэг, зардалд 1.092.500 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Х.Энхчимэг 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Юнител ХХК-тай  үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулж 89004125 дугаар дээр 12 сарын хугацаатай 720.000 төгрөгийн үнэтэй самсунг галакси note-2 гар утас зээлээр худалдан авч сар бүр 60.000 төгрөг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, №2 дугаартай үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Хариуцагч Х.Энхчимэг нэхэмжлэгч Юнител ХХК-тай гэрээ байгуулаагүй гэж тайлбарладаг боловч гэрээнд зурагдсан гарын үсэг түүнийх болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 4672 дугаартай шинжээчийн “түүний бичсэн гар бичвэр болон гарын үсгийн загвартай тохирч байна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүх хуралдаанд хариуцагч Юнител ХХК-тай гэрээ байгуулаагүй гэж тайлбарлан маргаж, нэхэмжлэлийн үнийн дүнд маргаагүй болно.

Х.Энхчимэг нь үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээний 2.2 хэрэглэгч нь Юнителийн дугаарыг эзэмшиж, урт хугацааны гэрээ байгуулснаар үйлчилгээний төлбөрийг энэхүү гэрээнд заасан хугацаанд Юнителд төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй тул, 5.4-т зааснаар хэрэглэгч нь төлбөрийн нэхэмжлэлд заасан төлбөр төлөх эцсийн хугацааны дотор төлбөрөө төлөөгүй бол Юнител нь хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс 0,3 хувиар алданги тооцож хэрэглэгчээс нэхэмжлэх эрхтэй байна.

Ард даатгал ХХК нь Юнител ХХК-тай 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээний төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ  байгуулж даатгуулагч Юнител ХХК гэрээний хугацаанд үүссэн төлбөрийн тасалдлын улмаас үүссэн авлагыг даатгуулж даатгагч Ард даатгал ХХК-нд даатгалын хураамж төлөх, нөгөө талаас даатгагч нь даатгалын тохиолдол болсон нөхцөлд даатгалын зүйлд учирсан хохиролыг даатгуулагчид нөхөн төлөхөөр тохиролцон гэрээ байгуулсан байна.

Иймд хариуцагч Х.Энхчимэгээс төлбөрийн үлдэгдэл алдангийн хамт 1.008.000 төгрөг, нотлох баримтыг нотариатаар баталгаажуулсан зардал 12.500 төгрөг нийт 1.020.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ард даатгал ХХК-д, 72.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Юнител ХХК-д тус тус олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон     

ТОГТООХ нь:

         

            1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Энхчимэгээс  1.020.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ард даатгал ХХК-д, 72.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Юнител ХХК-д тус тус олгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.770 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Х.Энхчимэгээс 30.770 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ард даатгал ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.КУЛЬДАНА