Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 5076

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, Амарсанаа гудамж, 36и  байр, 96 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЙЕ81041418, Чонос овогт Дашнямын Мөнхболдын нэхэмжлэлтэй,

хариуцагчаар оролцвол зохих Б.Батмягмарыг эрэн сурвалжлуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.                           

          ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас 29 380 190 төгрөгийг гаргуулахаар шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөн хариуцагчаар оролцвол зохих Б.Батмягмарыг эрэн сурвалжлуулахаар хүссэнийг шүүх хэлэлцлээ.  

 Нэхэмжлэгч  нэхэмжлэл, тайлбартаа: Би 2016-01-12 өдөр Б.Батмягмартай зээлийн гэрээ байгуулж, түүнд 12 450 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлүүлсэн. 2016-02-02 өдөр 7 812 200 төгрөгийг нэмж зээлүүлсэн.

Гэвч Б.Батмягмар зээлийн гэрээний үүргийг биелүүлэлгүй, элдэв шалтаг тоочсоор үүргээ хугацаа хэтрүүлсэн тул түүнээс 29 380 190 төгрөгийг гаргуулахаар шүүхэд анх нэхэмжлэл гаргасан.

Гэвч хариуцагч Б.Батмягмар нэхэмжлэлд заасан Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 41-р байрны 0-2 тоот хаягтаа амьдардаггүй болохыг 2-р хорооны Засаг дарга шүүхэд тодорхойлж ирүүлсэн байна.

Иймд төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагчаар оролцвол зохих Б.Батмягмарыг эрэн сурвалжлуулахаар хүсч байна гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хорооны Засаг даргын тодорхойлолт, зээлийн гэрээнүүд зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

    

        ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Батмягмараас зээлийн гэрээний үүрэгт 29 380 190 төгрөгийг гаргуулахаар Баянгол дүүрэг, 2-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 41-р байрны 0-2 тоот хаягаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч тус хороонд бүртгэлгүй болохыг хорооны Засаг дарга шүүхэд тодорхойлж ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих Б.Батмягмарыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байх бөгөөд нэхэмжлэгч өөрөө Баянгол дүүрэгт оршин сууж байгаа нь тогтоогдож байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт заасан харъяалалд нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлага хамаарч байгаа байх тул түүний хүсэлтийг тус шүүх хэлэлцэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч хариуцагчаар оролцвол зохих Б.Батмягмарын оршин суугаа газрыг мэдэхгүй, мэдэх боломжгүй байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар, бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.

Хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй болсноос нэхэмжлэгч төлбөрийн нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй болсон байх учир хариуцагчаар оролцвол зохих Б.Батмягмарыг эрэн сурвалжлуулахаар гаргасан  түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэв. 

Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 58, 60 дугаар зүйлийн 56.1, 58.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 304 850 төгрөгөөс нэхэмжлэлийн өөрчилсэн шаардлагад төлөх 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 234 650 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгийг  удирдлага болгон,

 

ТОГТООХ  нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгийг баримтлан хариуцагчаар оролцвол зохих Халтар гичийнхэн овогт Баттулгын Батмягмар /РД-ТБ83011876/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Хариуцагчаар оролцвол зохих Б.Батмягмарыг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай уулийн 56, 58, 60 дугаар зүйлийн 56.1, 58.1, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 234 650 төгрөгийг буцаан   нэхэмжлэгчид олгосугай. 

 

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл бичгээр гардаж авснаас хойш 14  хоногийн дотор давж заалдах гомдлыг  Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

  

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                Д.НАРАНЦЭЦЭГ