Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 102/2016/06810/И |
Дугаар | 5085 |
Огноо | 2016-09-12 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 5085
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 20-р хороо, өөрийн байр, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хүсэлттэй,
гуравдагч этгээд- Баянгол дүүрэг, 10-р хороо, Зүүн наран 14-р гудамж, 73 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧН75020679, Дархан овогт Сангидоржийн Дамдиндоржийг архины албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч хэсгийн байцаагч, дэслэгч Н.Эрдэнэбилэг, гуравдагч этгээд С.Дамдиндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч хүсэлт, тайлбартаа: С.Дамдиндорж нь байнга архидан согтуурч иргэд, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг. 2009 оноос архи ихээр ууж, архины хамааралтай болсон. С.Дамдиндорж нь 2011 оноос хойш 13-14 удаа эрүүлжүүлэгдсэн тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд С.Дамдиндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 онд тархины хагалгаанд орсон. Хаяа толгой өвдөхөөр архи уудаг. Би байнга архи уудаггүй тул архины эмчилгээнд явмааргүй байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс С.Дамдиндоржийг архины албадан эмчилгээ хийлгүүлэх тухай хүсэлтийг гаргажээ.
С.Дамдиндорж нь 2009 оноос эхлэн архи ууж, олон нийтийн газар бусдын амгалан тайван амьдрах нөхцлийг алдагдуулж, агсам тавьж зөрчил удаа дараа гаргаж, эрүүлжүүлэгдсэн, баривчлагдсан, архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй, архины хамааралтай байдалд байгаа болох нь тогтоогдсон байх тул архины албадан эмчилгээ хийлгүүлэх тухай Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хүсэлтийг хангах үндэстэй байна.
Иймд С.Дамдиндоржийг албадан эмчилгээ хийлгэхээр тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг баримтлан Дархан овогт Сангиндоржийн Дамдиндожийг архины албадан эмчилгээнд хамруулсугай.
2. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар С.Дамдиндоржийг албадан эмчилгээ хийлгэх газарт хүргэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3. Тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НАРАНЦЭЦЭГ