Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2025/0027

 

Ч.Э-ийн нэхэмжлэлтэй,

Баянгол дүүргийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                          Ц.Цогт

Танхимын тэргүүн:                       Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                           М.Батсуурь

                                                               Х.Батсүрэн

Илтгэгч шүүгч:                               П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга:               Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2024/0793 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2024/0806 дугаар магадлалтай,

Хэргийн оролцогчид: нэхэмжлэгч Ч.Э, өмгөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т нарыг оролцуулан,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 88 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн хоёр үндэслэлээр, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/121 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах,

2.Хэргийн нөхцөл байдал: Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/795 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ч.Э нь 20 дугаар хороо, ТЭЦ-4 станцын зүүн талд, Үйлдвэрлэлийн баруун бүс-4 хаягт байрлах, 953 мкв газрыг иргэн Ш.Э-гаас “аж ахуйн зориулалтаар” шилжүүлж авсан, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/573 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасан, уг газарт 5х6 хэмжээтэй байшинтай, газрыг хашаалсан байна. Маргаан бүхий А/121 дүгээр захирамжаар “усны онцгой хамгаалалттай бүс, үерийн далангийн хамгаалалтын бүс, цахилгаан шугам, Сэлбэ, дунд голын байгалийн нөөц газартай давхацсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

3.Нэхэмжлэгчээс: “... хуулийн дагуу газрын шилжүүлж авсан, газрыг зогсоол хэлбэрээр ашиглаж амьдралаа залгуулдаг, захиргаа газар олгохдоо хууль зөрчиж олгосон бол 5 жилийн дотор хүчингүй болгох эрхтэй, 2004 онд олгосноос хойш хүчингүй болгоогүй тул төрд итгэх итгэл хамгаалагдана, нөхөх олговрын асуудлыг шийдээгүй” гэж,

4.Хариуцагчаас: “... Нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь Сэлбэ, дунд голын байгалийн нөөц газрын хамгаалалтын бүс, эрчим хүчний хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцаж байгаа, хууль тогтоомжийг зөрчиж олгосон шийдвэр учир цуцалсан нь хууль ёсных байсан, хууль бус шийдвэрийг хүчингүй болгоход хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй, Иргэдийн хурлын тогтоолыг хэрэгжүүлж байгаа, нэхэмжлэгч 2018 оноос өнөөдрийг хүртэл 6 жил газрыг зориулалтын дагуу ашиглаагүй” гэж тус тус маргажээ.

5.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Үүнд:

5.1.Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгох, хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй байгаа тохиолдолд тухайлбал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах” тухай 112 дугаар тогтоолоор баталсан Сэлбэ, Дунд голын байгалийн нөөц газар-ын бүсэд маргаан бүхий газар багтсан гэх үйл баримтыг уг тогтоол гарахаас өмнө газар эзэмших эрхтэй байсан Ч.Э-ийн хувьд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т “Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна” гэж зааснаар газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах зохицуулалтай.

5.2.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар тушаалын 2 дугаар зүйлийн 2.3-т “Онцгой хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно:”, 2.3.2-т “Гол мөрөн, горхи, булаг, шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн, намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээгээр өргөсгөж”; 2.3.6-т “Үерийн хамгаалалтын суваг, түүний хамгаалалтын далангаас 30 метр хүртэлх зайд байрлах” зэрэг асуудлыг Ч.Э-д газар эзэмших эрхийг олгохдоо судалж тогтоогоогүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй.

5.3.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл (эс үйлдэхүй)-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэсэн зохицуулалт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.8-т “хууль ёсны итгэлийг хамгаалах”, 48 дугаар зүйлийн 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэсэн зохицуулалтаар хязгаарлагдахаар байна гэжээ.

6.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

6.1.Нэхэмжлэгчийн аж ахуйн зориулалтаар эзэмшиж буй уг газар нь “Сэлбэ, Дунд голын байгалийн нөөц газар”-ын ангиллаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт багтах болсон төдийгүй түүний хамгаалалтын горим, дэглэмд нийцүүлэн явуулж болох байгаль орчны тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаанд хамаарахгүй байна.

6.2.Ийм нөхцөлд усны сан бүхий газар, түүний хамгаалалтын зурвас (тусгай хэрэгцээний газар)-тай давхцал үүссэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах буюу газар эзэмшүүлэхтэй холбоотой хориглосон хэм хэмжээг зөрчсөн шийдвэрээр хүчингүй болгох бүрэн эрх Баянгол дүүргийн Засаг даргад Газрын тухай хуулиар олгогдсон учраас Газрын тухай, Усны тухай хууль болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэн, хуульд нийцүүлэх зорилгоор өөрийн өмнө гаргасан, нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож, хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий актыг гаргасныг буруутгах үндэслэлгүй.

6.3.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл энэ маргааны үйл баримтад холбогдолгүй, нөгөөтээгүүр Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар тус хэсгээс “дүүргийн Засаг дарга” гэснийг хассан агуулгатай өөрчлөлт оруулснаар дүүргийн Засаг даргад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргах эрхгүй болсон учраас анхан шатны шүүхийн “... газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгох үндэслэл тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн учир дутагдалтай болжээ гэжээ.

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно" гэсэн заалт нь 2019 онд орсон өөрчлөлт байх тул түүнээс өмнө олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгоход хамааралгүй байна.

7.2.Маргаан бүхий захирамжид Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127-р тушаалын заалтуудыг үндэслэсэн боловч уг тушаал нь нэхэмжлэгчид газар олгосноос хойш 11 жилийн дараа гарсан учраас анх газар эзэмших эрх олгох үед хууль тогтоомж зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.

7.3.Газар эзэмших эрх олгосноос хойш гарсан эрх бүхий байгууллагын тушаал шийдвэр нь өмнө гарсан захиргааны акттай зөрчилдсөн тохиолдолд тухайн газрыг хууль ёсны дагуу анх эзэмшсэн Ч.Э-ийн эрх, хууль ёсны эрх ашиг нь хуулиар хэрхэн хамгаалагдах талаар шүүх хууль зүйн дүгнэлт хийх ёстой.

7.4.Хариуцагч тал нь 2018 онд газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан бөгөөд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 112 дугаар тогтоолоор уг газрыг тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд тогтоол гарахаас өмнө газар эзэмших эрхтэй байсан Ч.Э-ийн хувьд Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т зааснаар “нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах” гэж зааснаар газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг хангах зохицуулалттай байна.

7.5.Нэхэмжлэгч нь тухайн газар дээр 5x6м хэмжээний барилга барьж өөрөө дотор нь амьдардаг бөгөөд хашаандаа өөрийн болон 2 дүүгийнхээ эзэмшлийн авто чирэгчийг (том оврын машин) тавьж зогсоол хэлбэрээр ашиглан амьжиргаагаа залгуулдаг юм ба газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон нь Ч.Э-ийн амьдралд сөргөөр нөлөөлөх үйл явдал болж байна.

7.6.Шүүх Газрын тухай хуулийн 33.6, Усны тухай хуулийн 22.2.1 заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн боловч эдгээр заалтууд нь Газрын тухай хуулиар томьёолсон газар эзэмших эрх дуусгавар болох, хүчингүй болгох зохицуулалтад хэрхэн хамаарч хэрэглэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй атлаа захирамжийг хуульд нийцсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

7.7.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасан зохицуулалт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-ын “хууль ёсны итгэлийг хамгаалах”, 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны акт гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэсэн заалтаар хязгаарлагдахаар ойлгогдож байгаа бөгөөд шүүх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

7.8.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газрыг олгосон 2004 оноос хойш 5 жилийн дотор Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хууль бус үндэслэлээр газар олгосон захирамжийг хүчингүй болгохоор хуульчилсан байхад хуулийн энэ томьёоллыг хэрхэх талаар шүүх дүгнэлт хийгээгүй, эсхүл анзаараагүй байна. Хуулиар зохицуулсан хэм хэмжээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд шүүх хэрхэн хэрэглэж нэг мөр ойлгох талаар хуульд зүйн дүгнэлт хийх ёстой.

ХЯНАВАЛ:

8.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж, хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинээр акт үйлдэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Тогтоогдсон үйл баримтын тухайд,

9.Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 станцын зүүн талд, үйлдвэрлэлийн баруун бүс-4 хаягт байрлах, 953 мкв газрыг анх дүүргийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 275 дугаар захирамжаар “хүнсний ногоо тарих” зориулалтаар иргэн Э.Э-д олгосон, нэхэмжлэгч Ч.Э нь 2013 онд уг газрыг шилжүүлэн авсан, энэхүү газарт 5х6 хэмжээтэй байшин барьсан, хашаалсан байх бөгөөд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 112 дугаар тогтоолоор Сэлбэ, Дунд голын хамгаалалтын бүсийг байгалийн нөөц газрын ангиллаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, хил зааг солбицлыг тогтоосны дотор Ч.Э-ийн эзэмшиж байсан газар бүхэлдээ хамрагдсан, харин актын бусад үндэслэл, тухайлбал, “усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, үерийн далангийн хамгаалалтын бүс, цахилгаан шугамын хамгаалалтын бүстэй давхцалтай” гэх үйл баримт бүрэн тогтоогдоогүй,  маргаан бүхий газрын хаана нь усны онцгой хамгаалалтын бүс, цахилгаан шугам,  үерийн далангийн хамгаалалт байрлаж байгаа болох, давхцал нь хэдий хэмжээний газраар давхцал үүссэн болох нь тодорхойгүй байна.

10.Энэ хэргийн тухайд, хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь маргаан бүхий газар усны онцгой хамгаалалтын бүс, үерийн далан, цахилгаан шугамын хамгаалалтын бүстэй давхцалтай эсэх, хэрэв давхцал үүссэн бол хэзээ үүссэн, захиргааны байгууллага нөхөх олговор олгох үүрэгтэй эсэх байна.

Хууль хэрэглээний тухайд:

11.Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэж, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж зааснаар усны онцгой хамгаалалтын бүсэд газар тариалан эрхлэх, барилга байгууламж барих зэрэг үйл ажиллагаа явуулж болохгүй.

12.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд нэхэмжлэгчийн эзэмшил газартай усны онцгой хамгаалалтын бүс давхцаж байгаа бол уг давхацсан хэмжээгээр нэхэмжлэгч газар эзэмших эрхгүй, харин давхцаагүй үлдэх хэсэгтээ газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр шаардах эрхтэй.

13.Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа 953 мкв газрын хаагуур нь усны онцгой хамгаалалтын бүс байрлаж байгаа, энэ давхцалын хэмжээ нь тодорхойгүй, энэхүү нөхцөл байдлыг тодруулж шалгах нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг, нөгөө талаас онцгой хамгаалалтын бүсийг хасаад үлдэх газар нь хэдий хэмжээтэй болох, түүнийг ямар зориулалтаар эзэмшүүлэх боломжтой болохыг тогтоох нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар маргаан бүхий захирамжийг түдгэлзүүлж, хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулж, шинээр акт гаргахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.

14.Учир нь маргаан бүхий газрыг 2004 оноос эхлэн нэр бүхий иргэдэд эзэмшүүлэх шийдвэрийг захиргааны байгууллага гаргаж байсан, энэ утгаараа нэхэмжлэгчийн эрх хамгаалагдах хэдий ч нөгөө талаас газрын төлөв байдал, нөөц, шинж чанарын өөрчлөлтийг харгалзан захиргааны байгууллагаас онцгой хамгаалалтын бүс, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хориглолт, хамгаалалт, хязгаарлалтын бүс тогтоох, геодезийн солбицол, цэгийг өөрчлөх бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий захиргааны акт хууль ёсны байж болох тул анхан шатны шүүхийн “ ... Ч.Э-д газар эзэмших эрхийг олгохдоо судалж тогтоогоогүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй” гэх дүгнэлтээр нэхэмжлэлийг хангах нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй.

15.Тодруулбал, захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгосон шийдвэрээ хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй хэдий ч тийнхүү шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуульд заасны дагуу бодит нөхцөл байдлыг судалж, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгодоо хүрэх аргаа зөв сонгох, тухайлбал, хуульд заасан ямар аргаар захиргааны байгууллагын өмнөх эрх олгосон шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа газар эзэмшигч этгээдэд дарамт багатайгаар нөлөөлөх шийдвэрийн боломжит хувилбарыг судалсны эцэст хамгийн багаар эрхийг нь хөндөх шийдвэр гаргах ёстой.

16.Энэхүү маргааны тухайд, усны онцгой хамгаалалтын бүстэй давхцалгүй хэсэгт нэхэмжлэгч газрыг эзэмших боломжтой эсэх, хэрэв боломжтой бол газрын зориулалт ямар байх, мөн үерийн хамгаалалтын бүс, цахилгаан шугамын хамгаалалтын бүстэй давхцалтай бол хэрхэн шийдвэрлэх, эсхүл эзэмшил газрыг сольж өөр газар эзэмшүүлэх, эсхүл нөхөн олговор олгох зэрэг боломжит шийдвэрийн хувилбар байгаа эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай байна.

17.Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 20.2.5-д “газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг газар эзэмшигч болон тухайн шатны Засаг даргатай тохиролцсоны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” гэж зааснаар нэхэмжлэгч Ч.Э-ийн эзэмшиж байгаа газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах бол эхлээд газар эзэмшигчтэй тохиролцох үүрэгтэй, гэтэл энэ тохиолдолд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 112 дугаар тогтоолоор Сэлбэ, Дунд голын хамгаалалтын бүсийг байгалийн нөөц газрын ангиллаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, хил зааг солбицлыг тогтоохдоо захиргааны байгууллага нь нэгэнт эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр газар эзэмших эрх олж авч, үйл ажиллагаа явуулж байгаа газар эзэмшигчийн эрх, захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа тогтвортой байдалд итгэх итгэлийг хамгаалах зарчмыг харгалзаагүй, нөхөх олговрын асуудлыг урьдчилан тохиролцоогүй буруутай байна.

18.Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 20.1.4-т “бусдын эзэмшил газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах” гэж зааснаас үзэхэд олгох нөхөн олговрыг газар эзэмшигчтэй тохиролцож, дараа нь иргэдийн Төлөөлөгчийн Хуралд санал оруулж, шийдвэрлүүлэх нь дүүргийн Засаг даргын хуулиар хүлээсэн үүрэг байх тул хариуцагчийн “манайхаас зөвхөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хэрэгжүүлж байгаа” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

19.Хариуцагчийн “хууль тогтоомжийг зөрчиж олгосон шийдвэр учир цуцалсан нь хууль ёсных байсан” гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нөгөө талаар “газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаагүй” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй, учир нь маргаан бүхий акт ийм үндэслэлээр гараагүй болно.

20.Нэхэмжлэгчийн “захиргаа газар олгохдоо хууль зөрчиж олгосон бол 5 жилийн дотор хүчингүй болгох эрхтэй, 2004 онд олгосноос хойш хүчингүй болгоогүй тул төрд итгэх итгэл хамгаалагдана” гэх гомдлоор, түүнчлэн “Газрын тухай хуулийн 61.1 нь Захиргааны ерөнхий хуулийн 48.3-т заасан зохицуулалтаар хязгаарлагдах” агуулгаар захиргааг буруутгаж, нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх хууль зүйн боломжгүй байна.

21.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаар захиргааны байгууллага нийтийн эрх ашгийг хамгаалах, усны онцгой хамгаалалтын дэглэм зөрчигдөх, үерийн усны хамгаалалт тогтоох зэрэг нийтийн эрх ашгийн үүднээс урьд нь гаргасан шийдвэрээ өөрчлөх, хүчингүй болгох бүрэн эрхтэй, тухайн маргааны тухайд хариуцагч “хууль тогтоомж зөрчсөн” гэх үндэслэлээ “усны онцгой хамгаалалтын бүс, үерийн далангийн хамгаалалт зөрчигдсөн, хуулиар хориглосон газар эзэмшүүлсэн” гэж тодорхойлж, газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо зөвхөн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гаргаад орхих биш, үүсэх үр дагаврыг зохицуулж, нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх ёстой.

22.Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэсэн ерөнхий зарчмын хүрээнд захиргааны байгууллагын бүрэн эрх 5 жилийн хугацаагаар хязгаарлагдана. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагаас өөрийн санаачилгаар эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг 5 жилийн дотор хүчингүй болгох эрхтэй, тухайн тохиолдолд 5 жилийн хугацаа өнгөрсөн хэдий ч хуулиар нэгэнт хориглосон, (хянах хэсгийн 14, 15) тухайлбал, усны онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих хориотой тул нэхэмжлэгч газрыг үргэлжлүүлэн ашиглах, барилга байгууламж барих, барьсан байшинг буулгахгүй байхыг шаардах эрхгүй, харин нөхөх олговор шаардах, барилга буулгаснаас үүсэх хохирол шаардах, эсхүл өөр газар эзэмшихээр шаардах эрхтэй.

23.Маргаан бүхий газрыг анх Баянгол дүүргийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 275 дугаар захирамжаар Э.Э-д олгосон, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Усны тухай (2004 он) хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.1-т зааснаар усны онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлэхийг хориглосон, энэхүү усны онцгой хамгаалалтын бүс 2004 онд газрын солбицлын хувьд маргаан бүхий газартай давхцалтай байсан эсэх нь тодорхойгүй, хэрэв 2004 онд давхцалтай байсан бол хууль зөрчиж газар эзэмшүүлсэн нь захиргааны байгууллагын буруу боловч энэ нь дээр дурдсанаар нэхэмжлэгчид газар эзэмшихийг шаардах эрх үүсгэхгүй, харин захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг шаардах эрх үүсгэхээр байна.

24.Иймээс захиргааны байгууллага эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг 5 жил өнгөрсний дараа өөрийн санаачилгаар хүчингүй болгох эрхгүй, харин нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэж, газрыг эргүүлэн авах шийдвэр гаргах үүрэгтэй гэж Газрын тухай хуулийн 61.1 болон Захиргааны ерөнхий хуулийн 48.3-т заасныг системчлэн тайлбарлаж, хууль хэрэглээний нэгдмэл байдал тогтоох нь зүйтэй.

25.Давж заалдах шатны шүүхээс “… нөхөх олговортой холбоотой шаардлага гаргаагүй, захиргааны байгууллагаас нөхөн олговор шаардах нэхэмжлэгчийн эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

26.Учир нь нэхэмжлэгчийн тухайд, эхний ээлжинд хориглосон газрыг хасуулж, үлдэх газрыг хуульд нийцүүлэн эзэмших боломж олгохыг шаардах эрхтэй, хэрэв боломжгүй бол газрыг солих, нөхөх олговрын асуудал үүсэх зарчимтай, энэхүү дарааллыг, нэхэмжлэгчийн эрхийг хамгийн багаар хөндөх шийдвэр гаргах ажиллагааг захиргаа хэрэгжүүлээгүй, орон нутгийн тусгай хэрэгцээнд газрыг шилжүүлэн авах шийдвэр гаргахаас өмнө газрын хууль ёсны эзэмшигчтэй тохиролцох, нөхөх олговор олгох асуудлыг урьдчилан шийдвэрлээгүй үйл баримт илэрхий байгаа тохиолдолд заавал зэрэгцүүлэн “нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах байсан” гэж нэхэмжлэгчийг буруутгаж болохгүй.

27.Шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга журмын тухайд, энэхүү тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дахин шинээр акт гаргах 6 сарын хугацааг тоолж эхлэх бөгөөд маргаан бүхий газарт байрлах усны хамгаалалтын онцгой бүс, үерийн хамгаалалтын далан, цахилгаан шугамын давхцалыг тодорхойлж, хэмжээг тогтоосны дараа газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх боломжтой эсэх, газрын зориулалт өөрчлөх эсэхийг судалж, хэрэв боломжгүй бол өөр газар олгох, эсхүл нөхөх олговрыг олгох шийдвэр гаргах замаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлнэ.

28.Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2024/0793 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2024/0806 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, 20 дугаар зүйлийн 20.2.5, 61 дүгээр зүйлийн 61.1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/121 дүгээр захирамжийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгасугай. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол А/121 дүгээр захирамж хүчингүй болохыг дурдсугай” гэж өөрчилсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ЦОГТ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                          М.БАТСУУРЬ

Х.БАТСҮРЭН

П.СОЁЛ-ЭРДЭНЭ