Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2016/00054

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 6 сарын 13 өдөр

            Дугаар 101/ШШ054

              Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “Хан трэйвэл энд сервис” ХХК-ийн /Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Олимп гудамж 6 байр 402 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаар 9011064118, РД:2696681/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Хан” ХХК-д /Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Олимп гудамж Нью хоринзон төв 502 тоотод байрлаход байрлах, улсын бүртгэлийн дугаар 9011049094, РД:2091437/ холбогдох,

Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Их засгийн өргөн чөлөө-6 дугаар бүхий 5 давхар барилгын 1 дүгээр давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-2203008727 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай, 246.6 м.кв талбай бүхий байрын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхмаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /ирээгүй/

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золбоо нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Хан трэйвэл энд сервис” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа- “Хан трэйвэл энд сервис” ХХК нь 2002 оны 01 сарын 14 өдөр нийт 190.339.300  төгрөгийн дүрмийн сантайгаар үүсгэн байгуулагдсан. Компанийн дүрмийн сан бүрдүүлэхдээ, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Их засгийн өргөн чөлөө-6 дугаар бүхий 5 давхар барилгын 1 дүгээр давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-2203008727 дугаарт бүртгэлтэй, 246.6 мкв талбай бүхий үйлчилгээний байр, мөн уг барилгын 2 дугаар давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-2203008728 дугаарт бүртгэлтэй, 246.6 мкв талбай бүхий үйлчилгээний байр зэрэг эд хөрөнгөөр бүрдүүлсэн.

Тухайн үед эдгээр хөрөнгүүд нь “Хан” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд “Хан трэйвэл энд сервис” ХХК үүсгэн байгуулагдсанаар тус компаний өмчлөлд уг үл хөдлөх хөрөнгө шилжин компанийн тайлан, балансад үндсэн хөрөнгөөр тусгагдаж бүртгэгдсэн.

“Хан трэйвэл энд сервис” ХХК -ийн дүрмийн сангийн 50 хувийг бүрдүүлсэн, улсын бүртгэлийн Ү-2203008728 дугаарт бүртгэлтэй, 246.6 мкв талбай бүхий үйлчилгээний байр буюу 2 дугаар давхар нь одоо компаний нэрээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон ямар нэг маргаангүй. Харин 1 дүгээр давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-2203008727 дугаарт бүртгэлтэй, 246.6 мкв талбай бүхий үйлчилгээний байрын гэрчилгээ нь эх хувиараа “Хан трэйвэл энд сервис” ХХК-д хадгалагдан, компанийнхаа тайлан балансад албан ёсоор бүртгэн, холбогдох бүхий л татвар хураамжийг төлж ирсэн бөгөөд улсын бүртгэлийг хараахан шилжүүлээгүй байсан юм.

Иймээс уг байрныхаа өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлэх гэтэл “Хан” ХХК 2012 оны 12 сарын 17 өдөр уг байранд дахин гэрчилгээ гаргуулан авсан байснаас үүдэн бүртгэлийн маргаан үүссэн. Энэ асуудлыг шийдвэрлэх талаар тус компанид хандан шаардлага тавьсан боловч үл хөдлөх хөрөнгийг маань өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй байгаа тул арга буюу шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

 Иймд Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Их засгийн өргөн чөлөө-6 дугаар бүхий 5 давхар барилгын 1 дүгээр давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-2203008727 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай, 246.6 м.кв талбай бүхий байрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч “Хан” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа- “Хан Трэйвэл Энд Сервис” ХХК нь манай компанид холбогдуулан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Их засгийн өргөн чөлөө-6 хаягт байрлах, 5 давхар барилгын 1 дүгээр давхрын, улсын бүртгэлийн Ү-2203008727 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай, 246.6 мкв талбайтай барилгын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

“Хан” ХХК нь 2002 онд “Хан трэйвэл энд Сервис” ХХК-ийг өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтайгаар үүсгэн байгуулсан бөгөөд ингэхдээ тус компанийн дүрмийн сангийн 190.339.300 төгрөгийг бүрдүүлэхдээ хоёр үл хөдлөх эд хөрөнгөөр бүрдүүлсэн юм. Үүний нэг нь дээрх үл хөдлөх хөрөнгө юм.

2013 онд “Хан трэйвэл энд Сервис” ХХК-ийн хувьцааг иргэн Д.Наранмандах, Ө.Амар нарын өмчлөлд шилжүүлсэн бөгөөд ингэхдээ компанийн хөрөнгө болон дүрмийн санд өөрчлөлт ороогүй. Компанийн хувьцаа эзэмшигч болон захирал, удирдлагад өөрчлөлт орсонтой холбоотойгоор уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж бүртгүүлэх ажил хийгдээгүй байсан.

Өөрөөр хэлбэл уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь “Хан трэйвэл энд Сервис” ХХК мөн бөгөөд тус компаний үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхтэй эсэхэд ямар нэгэн маргаан байхгүй, манай компаний хувьд 2002 оноос хойш уг үл хөдлөх хөрөнгийн татвар болон газрын төлбөр, ашиглалтын зардлыг төлж байгаагүй гэжээ.

Хэрэгт байгаа бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

“Хан трэйвэл энд сервис” ХХК нь “Хан” ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Их засгийн өргөн чөлөө-6 дугаар бүхий 5 давхар барилгын 1 дүгээр давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-2203008727 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай, 246.6 м.кв талбай бүхий байрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг  шүүхэд гаргажээ.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтаар дараах байдал тогтоогдлоо.

“Хан” ХХК нь 2002.01.14 өдрийн тушаалаар “Хан” ХХК-ийн охин компани “Хан трейвэл энд сервис” ХХК-ийг 2002.01.13 өдрөөс үүсгэн байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэх, “Хан” ХХК-ийн баланс дахь үл хөдлөх хөрөнгөөс 190.339.302 төгрөгийн өртөг бүхий конторын барилгаар хөрөнгө оруулалт хийж “Хан трейвэл энд сервис” ХХК-ийн дүрмийн санд тусгах, тус компаний ерөнхий захирлаар Н.Наранмандахыг томилжээ. /х.х. 14 тал/

“Хан трейвэл энд сервис” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компаний дүрэм хэрэгт авагдсан байна.  Компаний эхлэлтийн тайлангаар үндсэн хөрөнгийн дүн 190.339.302 төгрөг гэж бүртгэгдэж, /х.х. 13 тал/ 2003 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайланд 190.89.366 төгрөгийн барилга байгууламжийг үндсэн хөрөнгөд тусгасан байна. /х.х. 16 тал/

Мөн Нийслэлийн газрын албанд, газрын төлбөр төлсөн баримтууд, үл хөдлөх хөрөнгийн татвар төлсөн жагсаалтыг ирүүлсэн байна. /х.х.27-58 тал/

Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Их засаг өргөн чөлөө-6 дугаар бүхий 5 давхар барилгын 1 дүгээр давхарын  үйлчилгээний зориулалттай, 246.6 мкв талбайтай барилгын өмчлөх эрхийн гэрчилгээ “Хан” ХХК-д бүртгэлтэй болох нь Ү-2203008727  дугаар бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

/х.х. 62 тал/

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” хэмээн заажээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Их засгийн өргөн чөлөө-6 дугаар бүхий 5 давхар барилгын 1 дүгээр давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-2203008727 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай, 246.6 м.кв талбай бүхий байрын өмчлөгч нь “Хан трейвэл энд сервис” ХХК болох нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй байна.

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2016.06.13 өдрийн 16.00 цагт товлосон, шүүх 2016.06.09 өдөр “Хан” ХХК-д шүүх хуралдааны товыг хүргүүлснийг 2016.06.09 өдөр П.Өлзийбаяр гэх ажилтан хүлээн авсан, мөн өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Наранхүүд шүүх хуралдааны товийг мэдэгдэж гарын үсэг зуруулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар “зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ” гэсний дагуу хариуцагч “Хан” ХХК-д хурлын товыг мэдэгдсэн.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д “хариуцагч, түүний төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно.Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” хэмээн заасан тул хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ НЬ: 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар “Хан” ХХК-д холбогдох Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Их засгийн өргөн чөлөө-6 дугаар бүхий 5 давхар барилгын 1 дүгээр давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-2203008727 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай, 246.6 м.кв талбай бүхий байрын өмчлөгч нь “Хан трейвэл энд сервис” ХХК болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар “Хан трэйвэл энд сервис” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 633.798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хан” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 633.798 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хан трэйвэл энд сервис” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

 

 

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.СОЛОНГО