Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өлзийн Уянга |
Хэргийн индекс | 181/2016/00355/и |
Дугаар | 559 |
Огноо | 2016-08-26 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 559
2016 оны 08 сарын 26 өдөр Дугаар 181/ШШ2016/00559 Улаанбаатар хот
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Уянга би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Соёмбо хотхон 54 дүгээр байр, 23 тоотод оршин суух, Боржигон овогт Жадамбын Бат-Эрдэнэ /РД:УС65082733/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10-24 тоотод байрлах, “Хориотой бүс сонин” ХМХ /РД:8059918/-д холбогдох,
Эдийн бус гэм хор арилгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Хориотой бүс сонин нь 2016 оны 13 (111) дугаарын 4-р нүүрт Замын тендерийг хятадуудад өгдөг Ж.Бат-Эрдэнийг сонгох хэрэг байна уу? гэх илт худал мэдээлэл нийтэлж Улсын Их Хурлын 10 дугаар тойрогт нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнийн талаар худал мэдээллийг хэвлэн нийтлэж, түүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдаж байна.
Нийтлэлдээ “Сүүлийн үед цахим ертөнцөд өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралыг өдөр шөнөгүй шахам бичин од болохоо шахсан хүн бол “сахал” Ж.Бат-Эрдэнэ. Тэрээр 2012 онд Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын ажлаа өгснөөс хойш Булган аймагт нам гүмхэн ажиллаж амьдарсан. Харин энэ нь нутагтаа хайртай хүний шинж бус ердөө л энэ удаагийн сонгуульд өрсөлдөх жонхуугаа зуурч явсан нь тэр байж. Булган аймгаас удаа дараа сонгогддог Ё.Отгонбаярыг мөргөж, нэр дэвших эрхээ авснаас нь харахад тэрээр гайгүй сайн хор найруулсан бололтой. Гэвч үнэндээ булганчуудын сонголт нэмэгдэхүүний байрлалыг өөрчлөхөд нийлбэр өөрчлөгдөхгүй гэдэг болоод байна.
Ё.Отгонбаярын эхнэр Б.Эрдэнэсолонгын хорь гаруй дансаар хэдэн арван тэрбум төгрөг эргэлдэж байсан тухай мэдээлэл олон нийтийг цочоож байлаа. Харин энэ хэрэг өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа бөгөөд эхнэрийнхээ хэргийг удаашруулахад Ё.Отгонбаярыг оролцож байна гэсэн сэжиг таамаг хааяа нэг хэвлэлээр хөвөрдөг. Гэтэл намынхаа ерөнхий нарийн бичгийн даргыг түлхэж унаган, нэр дэвших эрхээ өвөртөлсөн Ж.Бат-Эрдэнэ ч бас л түүний өрөөсөн дугуй гэнэ. Тэрээр Зам Тээврийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа замын хамаг тендерийг хятадуудад өгсөн байна. Тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг авто замын компаниудын захирлыг дуудаж уулзахад тэдний бараг 60 хувь нь урд зүгийн хэлээр шулганаж, зарим орчуулагч нар нь нүүрээ улалзуулж суусан гэдэг. Харин энэ тухай мэдээллийг Н.Алтанхуяг нь улс орныхоо нэр сүрийг бодоод олон нийтэд ил хүргэхээс болгоомжлон хав дараад өнгөрөөсөн байна. Энэ нь Ж.Бат-Эрдэнэд ухаарал бус улам давралыг олгожээ. Аль ч яамны Төрийн нарийн бичгийн дарга нар тухайн яамныхаа хэмжээнд зарлагдсан бүх тендерийн ажлыг зохицуулдаг болохоор хатуу хучилттай авто замынхаа хамаг тендерийг ийнхүү хятадуудад өгч, дотоодынхоо хэдэн компанийг ажилгүй болгосон хүн болгон элгээр нь мөлхүүлэхэд хүргэсэн Ж.Бат-Эрдэнийг яагаад ч зөвтгөх аргагүй юм.
Тэрээр хятадын компаниудад тендер өгөхийн зэрэгцээ өөрийнхөө хувийн компани руу ч гулсуулахаа мартсангүй. Р.Эрхэмсайхан захиралтай “Рес” компани нь түүнийх гэж яригддаг бөгөөд их хэмжээний мөнгө шилжүүлэхийг ажилтандаа үүрэгджээ. Замын ажлын ямар ч туршлагагүй ийм компанид шууд мөнгө шилжүүлэх нь хууль зөрчиж байсан тул ажилтан нь эсэргүүцэхэд тэрээр элдэв арга саам хайж байгаад ажлаас нь халаад, дараа нь өөрийнхөө санааг гүйцэлдүүлж байжээ. Ингээд 2012 онд төрөөс их мөнгө завшсан тэрээр Америк руу сурахаар явсан гэдэг. Гэвч хэрэг нь ердөө мөсөн уулын орой нь байж. “Сахал Ж.Бат-Эрдэнэ үүнээс том хэрэгт орооцолдсон байдаг. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн ТУЗ-ын дарга асан Б.Батзаяаг баривчилж, Зайсан дахь хорих ангид саатуулсан билээ. Б.Батзаяа нь 2012-2013 оны хугацаанд дээрх албан тушаалыг хашиж байсан билээ.
Харин 2008-2012 оны хооронд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын алба хашиж байв. Түүнийг “Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Төмөр зам барих” төсөл хэрэгжүүлж, төслийн зөвлөхөөр авсан “МкКинсэй энд Компани” нь хуурамч байсан гэж буруутгаж баривчилсан” гэж хэвлэлүүд мэдээлж буй. Гэтэл “Төмөр замын зөвлөхөөр “МкКинсэй энд Компани’’-г сонго” гэсэн үүргийг тухайн үед Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан “сахал” Ж.Бат-Эрдэнэ өгсөн байна. Тэрээр ямар учраас энэ компанийг сонгосон нь анхаарал татаж байгаа юм. Уг нь олон сая төгрөгийн өртгөөр яригдаж буй төслийг заавал сонгон шалгаруулалтаар сонгодог гэдгийг тэрээр энэ олон жил төрд ажилласныхаа хувьд хэнээр ч заалгалтгүй мэдэх хүн. Гэвч түүнд ямар нэгэн ашиг хонжоо амласан болоод л ийнхүү шууд сонгосон гэх таамаг байна. Энэ тухай бүр баримт нотолгоотойгоор хүргэе. Ж.Бат-Эрдэнэ 2011 оны гуравдугаар сарын 01-ний өдөр гаргасан “Зөвлөх үйлчилгээг сонгох тухай тогтоолдоо:
3. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх тухай Засгийн газарт танилцуулахыг “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал /Б.Батзаяа/-д үүрэг болгосугай гэжээ.
Дээрх тогтоолоос үзвэл өнөөдөр буруутгагдаж, хоригдоод буй Б.Батзаяа нь Ж.Бат-Эрдэнийн өгсөн үүрэг, даалгаврыг л биелүүлсэн, жижиг гар болох нь харагдаж байна. Харин цагдаагийн байгууллага “Төмөр замын зөвлөхөөр “МкКинсэй энд Компанийг сонго” гэж үүрэг өгсөн Ж.Бат-Эрдэнийг биш тушаал гүйцэтгэсэн Б.Батзаяаг хорьж цагдан шалгаж байгаа нь “бай”-гаа оноогүй баривчилгаа хийж, улс төржиж байна гэсэн хардлагыг нийгэмд төрүүлээд байна. Яагаад өдийг хүртэл Ж.Бат-Эрдэнийг дур мэдэн сонгон шалгаруулалтгүйгээр шууд нэр цохон тендер өгснийг шалгахгүй байна вэ. Хэдхэн хоногийн дараа болох сонгуулиар тэрээр ялалт байгуулчихвал Улсын Их Хурлын гишүүний халдашгүй дархан эрхтэй болчихно. Иймд нэн даруй энэ хэргийг шалгахгүй бол дахин дөрвөн жилээр сунжирч магадгүй шинжтэй. Б.Батзаяа ч удаа дараа мэдүүлэхдээ “Би тухайн үеийн төрийн нарийн бичгийн даргын тогтоолыг л хэрэгжүүлсэн болохоос бус дур мэдэн сонгон шалгаруулалт хийгээгүй” гэж үнэнийг өчсөн боловч Ж.Бат-Эрдэнийг өнөөг хүртэл хуулийн өмнө дуудаж асуугаагүйд тун их гомдолтой байгаа аж.” гэх худал мэдээлэл нийтэлж Ж.Бат-Эрдэнийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон байна
Мөн түүнчлэн тус нийтлэлд “Булган аймгийг төлөөлөн Улсын Их Хуралд сонгогдсон Ё.Отгонбаяр нь энэ нутгийн хүүхэд атлаа нутаг орныхоо төлөө юу ч хийгээгүй юм чинь хаа холын доншуур Ж.Бат-Эрдэнийг нутгийнхаа төлөө ажиллана гэдэгт булганчууд итгэхгүй байна. Тус аймгийн сансрын нисгэгч, олимпын аварга зэрэг Монголдоо анхдагчдыг төрүүлсэн гэдгээрээ бахархан, нутаг орноо өнгөтэй өөдтэй болгох гэж хичээдэг ч тэднийг төлөөлж буй түшээд нь хуруугаа ч хөдөлгөлгүй өдийг хүрсэн байна. Иймээс булганчууд өнгөрсөн жилүүдэд нутагтаа элэггүй хандсан унаган хөвгүүддээ итгэл үзүүлээд аймгаа хөгжүүлж бараагүй болохоор энэ нутагт төрж өсөөгүй Ж.Бат-Эрдэнийг нэг нүдээрээ ч тоож харахгүй байгаа гэнэ.” гэж нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнийг үндэс, угсаагаар нь ялгаварлан гадуурхаж, худал мэдээллийг сонгогч олонд тарааж, түүний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдаж байна.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 511 дугаар зүйлийн 511.1 -д бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд “нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ”, 511.2-д мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно” гэж тус тус заажээ.
Иймд Ж.Бат-Эрдэнийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, илт худал мэдээ нийтлэсэн “Хориотой бүс сонин”-ны газрыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар эдийн бус гэм хорыг арилгах арга хэмжээг мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Хориотой бүс” сонин нь 2016 оны 13/111/ дугаартаа “Замын тендерийг хятадуудад өгдөг Ж.Бат-Эрдэнийг сонгох хэрэг байна уу” гэх мэдээллийг нийтлэсэн билээ. Үүнтэй холбогдуулан Ж.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга нь манай сониныг Ж.Бат-Эрдэнийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан хэмээн үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар эдийн бус гэм хорыг арилгах арга хэмжээ авч өгөхийг хүсэн тус шүүхэд хандсан байна.
Манай сонинд уг мэдээлэл нь гаднаас ирсэн материал байсан бөгөөд манай сонины зүгээс Ж.Бат-Эрдэнийн нэр хүндэд санаатайгаар халдах санаа огт агуулаагүй болно. Тухайн үед Улсын Их Хурлын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшиж байсан явцтай нь цаг хугацааны хувьд давхацсан нь захиалгат нийтлэл шиг харагдаж байгаа бөгөөд уг мэдээллийг хүлээж авсан манай сэтгүүлч нь мэдээллийг нягталж шалгалгүй нийтлэсэнд гүнээ хүлцэл өчиж байна. Сонины зүгээс мэдээллийг нягтлан шалгаагүй нийтлэсэн сэтгүүлчдээ арга хэмжээ авсан бөгөөд цаашид ийм баталгаагүй, ор үндэслэл муутай мэдээллийг гаргахгүй байхыг хатуу анхааруулсан болно.
Иймд Ж.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянгын санал болгосноор “Хориотой бүс” сонин нь эдийн бус гэм хорыг арилгах арга хэмжээг хүлээн зөвшөөрч, сонин дээрээ залруулга гаргахад татгалзах зүйлгүй болно. Бидний зүгээс ойрын хугацаанд сонин дээрээ уг мэдээлэлтэй холбогдуулан няцаалт залруулгаа гарган, Ж.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянгад мэдэгдэх учир шүүхийн зүгээс энэ асуудлыг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү хэмээн хүсч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Бат-Эрдэнэ нь хариуцагч Хориотой бүс сонины газарт холбогдуулан эдийн бус гэм хор арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Хориотой бүс сонины газар нь нэхэмжлэлийн шаардлага болох эдийн бус гэм хорыг арилгаж, мэдээ тараасан хэлбэрээр няцаалт хийхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Хориотой бүс сонины газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Хориотой бүс сонины газар нь тус сонины 2016 оны 13 (111) дугаарын 4-р нүүрт “Замын тендерийг хятадуудад өгдөг Ж.Бат-Эрдэнийг сонгох хэрэг байна уу?” гэх нийтлэлээр нэхэмжлэгч Ж.Бат-Эрдэнийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, илт худал мэдээ нийтлэснээ хүлээн зөвшөөрч, мэдээ тараасан хэлбэрээр няцаалт хийхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас 35,100 төгрөгийг, хариуцагч Хориотой бүс сонины газраас 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ө.УЯНГА