Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Занагийн Доржнамжин |
Хэргийн индекс | 102/2016/05185/и |
Дугаар | 5286 |
Огноо | 2016-10-05 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 5286
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум, 2 дугаар баг, Хуурч 1 хэсэг Баруун Булаг 6 дугааргудамж, 33 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар МХ 97010901, Таван Хонгор овогт Гантөмөрийн Наранжаргалын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум, 3 дугаар баг, 2 хэсэг, Усан сан-5 гудамжны 43 тоотод оршин суух хаягтай боловч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельс гудамж 16 дугаар байрны 242 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ВЮ 44062062, Тангуд овогт Түмэн-Өлзий Тогтохбаярт холбогдох
Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельс гудамж 16 дугаар байрны 242 тоот орон сууцнаас албадан гаргуулж, орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй,
Т.Тогтохбаярын 10 270 000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Г.Наранжаргал, түүний өмгөөлөгч О.Чулуунчимэг, хариуцагч Т.Тогтохбаяр, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Наранжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Миний аав О.Гантөмөр 2015 онд нас барсан бөгөөд түүний эзэмшилд байсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж 16 дугаар байрны 242 тоотод байрлах 41 метр квадрат байр хууль ёсны дагуу миний өмчлөлд шилжиж ирсэн бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээг 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр авсан.Гэтэл Т.Тогтохбаяр нь зөвшөөрөлгүй миний өмчлөлийн байранд амьдарч байгаа ба түүнийг байрнаас гарахыг шаардахад үг хэлээр доромжилж гарахгүй байгаа тул Т.Тогтохбаярыг миний өмчлөлийн орон сууцнаас албадан гаргуулж, уг орон сууцыг чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Наранжаргалын эцэг О.Гантөмөр 2015 онд нас барсан бөгөөд түүнд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж 16 дугаар байрны 242 тоотод байрлах 41 метр квадрат бүхий орон сууц, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн 1 дүгээр хэсэг Баруун булагийн 6-33 тоотод байрлах хашаа, байшин, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын захирамжаар олгогдсон 60 га газар, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах захиалга хийсэн орон сууц зэрэг хөрөнгө байсан.Талийгчийн эхнэр болон охин Наранжаргал нар Баянзүрх дүүрэгт байрлах захиалсан орон сууцыг өвлөхөөс татгалзаж, бусад хөрөнгийг Наранжаргал өвлөж өв залгамжлах эрхийн гэрчилгээ авсан байдаг.Ингэж Наранжаргал хуульд зааснаар өмчлөгч болсон байхад түүний эмээ буюу аавынх нь ээж тухайн орон сууцанд 2015 оны 6 сараас хойш амьдраад чөлөөлж өгөхгүй байна.Уг орон сууц нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар Мягмараас талийгч Гантөмөрийн өмчлөлд шилжиж ирсэн бөгөөд нэхэмжлэгчид өмчлөх эрхийн гэрчилгээ байгаа тул Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж 16 дугаар байрны 242 тоот орон сууцнаас Т.Тогтохбаярыг албадан гаргаж, уг орон сууцыг чөлөөлж өгөхийг хүсэж байгаа гэв.
Хариуцагч Т.Тогтохбаярын төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Тогтохбаярын хүү О.Гантөмөр эхнэр хүүхэдтэйгээ таарахгүй болоод хотод байх хугацаандаа Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж 16 дугаар байрны 242 тоотод байрлах орон сууцыг худалда авсан ба байр нь 70 000 000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд ээж нь Төрийн банкны хадгаламжаасаа 10 000 000 төгрөг авч орон сууцыг худалдаж авахад нэмэрлэсэн байдаг.Тогтохбаяр хүүгээ нас барах хүртэл хамт амьдарч байгаад одоо ч амьдарч байна.Ач охин Наранжаргал нь аавыгаа нас барсны дараа байрыг өөрийнхөө нэр дээр болгох хүсэлтэй байсан болохоор Тогтохбаярын байранд оруулсан 10 000 000 төгрөгийг өөрт ногдох хэсгийн хамт өгөх юм байна гэж бодоод түүнд итгэж гарын үсэг зурсан.Тогтохбаяр нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж 16 дугаар байрны 242 тоотыг хамтран эзэмших эрхтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Т.Тогтохбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Баянзүрх дүүрэгт байрлах Олимп хотхоны байр өөр хүний өмч юм.Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж 16 дугаар байрны 242 тоот орон сууцыг би хүүтэйгээ хөрөнгө оруулаад худалдаж авсан байр юм.Би энэ байрыг худалдаж авахад оруулсан мөнгийг авна.Энэ мөнгийг надад өгчихвөл байрыг суллаж өгнө гэв.
Хариуцагч Т.Тогтохбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж 16 дугаар байрны 242 тоотод байрлах 41 метр квадрат бүхий орон сууц, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн 1 дүгээр хэсэг Баруун булагийн 6-33 тоотод байрлах хашаа, байшин, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын захирамжаар олгогдсон 60 га газар зэргийг өвлөхөөс татгалзсан байгаа.Анх Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж 16 дугаар байрны 242 тоот орон сууцыг 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр худалдаж авахад би хадгаламжид байсан мөнгөнөөсөө 10 000 000 төгрөг өгсөн, мөн хугацаатай хадгаламжийг хугацаанаас нь өмнө цуцлахад банк 270 000 төгрөгийн торгууль авсан.Энэ 10 270 000 төгрөгийг Наранжаргалаас нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгч Г.Наранжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 10 270 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул төлөхгүй гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Наранжаргал хариуцагч Т.Тогтохбаярыг Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж 16 дугаар байрны 242 тоот орон сууцнаас албадан нүүлгэж, орон сууц чөлөөлүүлэх тухай шаардлагыг шүүхэд гаргаж байна.
Хариуцагч Т.Тогтохбаяр нь Г.Наранжаргалаас Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж 16 дугаар байрны 242 тоот орон сууцыг худалдаж авахад оруулсан 10 000 000 төгрөг, Төрийн банкны хугацаатай хадгаламжийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсны торгуулийн 270 000 төгрөг нийт 10 270 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг шаардлага гаргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр Г.Наранжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Т.Тогтохбаярын сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж 16 дугаар байрны 242 тоотод байшилтай, 41,8 метр квадрат талбайтай орон сууц нь О.Гантөмөрийн өмчлөлийн хөрөнгө байсан болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000382529 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.
Хариуцагч Т.Тогтохбаяр 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нотариатчид гаргасан хүсэлтэндээ:Би өөрийн хүү О.Гантөмөрийн хөрөнгө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж 16 дугаар байрны 242 тоот орон сууц, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн 1 дүгээр хэсэг Баруун булагийн 6-33 тоотод байрлах хашаа, байшин, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын захирамжаар олгогдсон 60 га газар, ХААН банкны 5683033049 тоот дансны үлдэгдэл мөнгө зэргийг өвлөхөөс татгалзаж байгаа тул охин Гантөмөрийн Наранжаргалд өвлүүлэхийг зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч Г.Наранжаргал 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нотариатчид гаргасан хүсэлтэндээ:Би өөрийн эцэг О.Гантөмөрийн хөрөнгө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт захиалгаар гэрээ хийсэн байрны захиалгыг өвлөхөөс татгалзаж байна гэжээ.
Г.Наранжаргалын ээж Н.Болорчимэг 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нотариатчид гаргасан хүсэлтэндээ:Нөхөр О.Гантөмөрийн үлдэж байгаа хөрөнгө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт захиалгаар гэрээ хийсэн байрны захиалгыг өвлөхөөс татгалзаж байгаа тул хадам эх Т.Тогтохбаярт өвлүүлэхийг зөвшөөрч байна, миний нөхөр О.Гантөмөр 2015 оны 6 дугаар сард ээж Т.Тогтохбаяраас 10 270 000 төгрөгийг зээлж авсан байгаа бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр нөхөр маань нас барсан тул би уг 10 270 000 төгрөгийг буцааж өгөхийг зөвшөөрч байна гэжээ.
Улмаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж 16 дугаар байрны 242 тоот орон сууцны өмчлөх эрх Г.Наранжаргалд шилжиж, 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 000472611 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байх тул Г.Наранжаргал Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өөрийн хөрөнгөө Т.Тогтохбаярын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.
Нөгөө талаар хариуцагч Т.Тогтохбаяр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж 16 дугаар байрны 242 тоот орон сууцны бүртгэлийн талаар маргахгүй байх боловч 10 270 000 төгрөгийг өгвөл тухайн орон сууц чөлөөлөхийг зөвшөөрч байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд талийгч О.Гантөмөрийн хөрөнгийг хууль ёсны өвлөгчид нь харилцан тохиролцож өвлөж авсан байх бөгөөд Г.Наранжаргал эцгийнхээ хөрөнгийн зарим хэсгийг өвлөхөөс татгалзах явцдаа Т.Тогтохбаярт 10 270 000 төгрөгийг өгнө гэж үүрэг хүлээгээгүй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч нь Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-т “Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж заасны дагуу Г.Наранжаргал 10 270 000 төлөх ёстой гэж тайлбарлаж байна.
Хэрэв хариуцагчийн шаардаж байгаа 10 000 000 төгрөгийг талийгч О.Гантөмөрийн гүйцэтгэвэл зохих үүрэг гэж үзвэл өвлүүлэгчийн өвлөгдвөл зохих бүх хөрөнгийг Г.Наранжаргал ганцаараа өвлөж аваагүй байх бөгөөд Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.2-т “Хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь энэ хуулийн 535.1-д заасан үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ” гэж заасан байна.
Нөгөө талаар Т.Тогтохбаярын банктай байгуулсан хугацаатай хадгаламжийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсны торгуулийн 270 000 төгрөгийг Г.Наранжаргал төлөх үүрэггүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Хариуцагч Т.Тогтохбаяр улсын тэмдэгтийн хураамжид 179 270 төлөх байснаас 249 470 төгрөг төлж 70 200 төгрөгийг илүү төлсөн байгааг буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Гантөмөрийн Наранжаргалын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж 16 дугаар байрны 242 тоотод байршилтай орон сууцнаас Т.Тогтохбаярыг албадан нүүлгэж, орон сууцыг чөлөөлсүгэй.
2.Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-т заасныг баримтлан Г.Наранжаргалаас 10 270 000 /арван сая хоёр зуун далан мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн Т.Тогтохбаярын сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан Г.Наранжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Т.Тогтохбаяраас 70 200 төгрөгийг гаргуулан Г.Наранжаргалд олгож, Т.Тогтохбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249 470 төгрөгөөс 179 270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргаж Т.Тогтохбаярт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН