Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Ууганбаяр |
Хэргийн индекс | 181/2016/01024/И |
Дугаар | 181/ШШ2016/00755 |
Огноо | 2016-09-22 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2016/00755
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Номт төв хаягт байрлах “Цонбон тоосго” ХХК /РД:5236193/-ийн хүсэлттэй
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Квом” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тамир оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч “Цонбон тоосго” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: “ “Цонбон тоосго” ХХК нь “Квом” ХХК-ийн захирал М.Жаргалсайхантай 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 6/20 дугаартай “Бараа худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 317 909 700 төгрөгийн арматурыг нийлүүлсэн болно. “Квом” ХХК нь бараа бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцсон байсан боловч 1 000 000 төгрөгөөс өөр төгрөгөөс өөр төлбөр төлөгдөөгүй. Худалдан авагч нь төлбөрийг барагдуулахгүй байсан тул талууд төлбөрийн график гарган хугацаа тохирч хүү төлөхөөр 2 удаа бичгээр тохиролцсон. Үүний дагуу 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 50 000 000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 70 000 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 50 000 000 төгрөг, нийт 170 000 000 төгрөгийг төлж барагдуулан 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн дотор 259 126 313 төгрөгийг төлж дуусгахаар тооцоо нийлж акт үйлдсэн. “Квом” ХХК нь төлбөрөө төлөхгүй хугацаа алдсанаас шалтгаалан “Цонбон тоосго” ХХК нь үйл ажиллагаа явуулах санхүүгийн эх үүсвэргүй болсоны улмаас банкнаас зээл авч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахаас өөр аргагүй байдалд орсон. Ингээд зээл авч 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр авсан 300 000 000 төгрөгийн зээлийн хүүнд 12 395 837 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр авсан 80 000 000 төгрөгийн зээлийн хүүнд 2 659 616 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр авсан 300 000 000 төгрөгийн зээлийн хүүнд 14 728 241 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр авсан 200 000 000 төгрөгийн зээлийн хүүнд 8 661 709 төгрөг, нийт зээлийн хүүнд 38 445 403 төгрөг төлсөн болно. Мөн “Квом” ХХК нь төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг хоног тутам төлөх үүрэгтэй бөгөөд алдангид 129 563 157 төгрөгийг төлөх үүрэгтэй. “Квом” ХХК-аас үндсэн төлбөр 259 126 313 төгрөг, алданги 129 563 157 төгрөг, хүүнд төлөгдсөн 38 445 403 төгрөг, нийт 427 135 000 төгрөг, нэмэлт зардалд 9 000 000 төгрөг, нийт 436 135 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 02686 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. “Квом” ХХК нь хамгийн сүүлд байсан албан ёсны хаяг болох Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, 45-2 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаггүй, байрладаггүй болох нь тогтоогдсон. 5110637 регистрийн дугаартай “Квом” ХХК-ийн захирал М.Жаргалсайхан нь 96633435, 96054451 утасны дугааруудтай бөгөөд үүнээс өөр тодорхой мэдээлэл байхгүй байна. Ийм учраас “Квом” ХХК нь хаана байрлаж үйл ажиллагаагаа явуулж байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул захирал М.Жаргалсайханыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг тогтоож өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч “Цонбон тоосго” ХХК нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Квом” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч нь хэргийг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дахь заалтад “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан тул Хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 02686 дугаартай захирамжаар “Цонбон тоосго” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Квом” ХХК-д холбогдох хэргийг хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Квом” ХХК-ийн оршин байрлах газрын хаяг тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 02686 дугаартай захирамжаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, “Квом” ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь заалтад зааснаар “Квом” ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дахь заалтад зааснаар “Квом” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлах, оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч “Цонбон тоосго” ХХК-д /утас:99998990, 99996889/-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР