Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 4567

 

2016 оны 07 сарын 05 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04567

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, ...регистртэй “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагтын гудамж ...байрны ..тоотод оршин суух, ...дугаар регистртэй, Цогт овогт О.Б,

Хариуцагч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагтын гудамж ...байрны ...тоотод оршин суух, ...дугаар регистртэй, Харч овогт П.А нарт холбогдох,

Барьцаат зээлийн болон Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,963,262 /арван найман сая есөн зуун жаран гурван мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, Д.Б хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч П.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч О.Б нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хас банктай ... тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,500,000 төгрөгийн зээлийг жилийн 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар, 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1700002434 тоот санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 8,500,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай үндсэн хөрөнгө буюу автомашин худалдан авах зориулалтаар авсан. ... тоот барьцаат зээлийн гэрээнд П.А нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй, хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан. Зээлдэгч нь тус зээлүүдийн барьцаанд 92-62 УНМ улсын дугаартай Тоёота Приус автомашин, 46-60 УНГ улсын дугаартай Тоёота Приус автомашин зэргийг барьцаалсан болно. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний гол нөхцөл болох зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2014 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөлгүй, хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Тэдэнд гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж байсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцөлөөр зээлээ төлөхгүй, утсаа авахгүй байх зэрэг үйлдлүүдийг гаргаж, барьцаат зээлийн гэрээний 3.2.1-д, мөн Санхүүгийн түрээсийн гэрээний 2.3.5-д заасан үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхээс санаатай зайлсхийж, гэрээний үүргээ зөрчин өнөөдрийг хүрлээ. 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар О.Баянмөнх, П.Анхзул нар нь 1700001675 тоот гэрээний дагуу үндсэн зээл 3,124,047 төгрөг, зээлийн хүү 2,030,630 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 206,733 төгрөг, нийт 5,361,410 төгрөг гаргуулах, 1700002434 тоот Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу үндсэн төлбөрийн үлдэгдэл 6,728,431 төгрөг, зээлийн хүү 3,498,784 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,374,637 төгрөг, нийт 13,607,852 төгрөг төлөхөөр байна. Иймд хариуцагч нараас дээрх Зээлийн болон Санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэл 18,963,262 төгрөг дээр нотариатын үйлчилгээний хөлс 12,500 төгрөгийг нэмж, нийт 18,975,762 төгрөгийг гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу алданги тооцох буюу хариуцлага хүлээлгэх хэсгийг гэрээнд тусгасан бөгөөд тус гэрээний 4.1-д түрээслэгч түрээсий зүйлийн өртөг болон түрээсийн төлбөрийг хэсэгчлэн буюу бүрэн төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд алданги төлүүлэх хариуцлага хүлээлгэнэ. Алдангийг автомашин, өөрөө явцагч хэрэгслийн хувьд хугацаа хэтэрсэн нийт төлбөрийн дүнгээс хоног тутам 0,1 хувиар тооцно гэж заасан. Санхүүгийн түрээсийн гэрээний хувьд үндсэн төлбөр 6,728,431 төгрөг, түрээсийн хүү 3,498,784 төгрөг, нэхэмжлэлд нэмэгдүүлсэн хүү гэж алдаатай бичсэн бөгөөд алдангид 3,374,637 төгрөг болсон. Хариуцагч нараас шаардаж буй төлбөрүүд бүгд талуудын харилцан тохиролцож байгуулсан гэрээний дагуу бодогдож байгаа. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. Манай банкны зүгээс санхүүгийн түрээсийн гэрээний заалт болон Иргэний хуульд заасны дагуу алдангийг үндсэн төлбөрийн хамт нэхэмжилж байгаа. Энд ямар нэг хууль зөрчсөн зүйл байхгүй. Барьцаат зээлийн гэрээний хувьд мөн гэрээнд заасны дагуу Иргэний хуулийн 452 дугаар зүйлд заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгаа. Хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийг эрхээ хэрэгжүүлээгүйгээс алданги бодогдсон гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Талууд Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан. Бид энэ гэрээний дагуу түрээслэгчид автомашиныг хүлээлгэж өгсөн. Түрээслэгч банкинд машинаа хүлээлгэж өгөхгүй зугтаад яваад байгаа бол бид түрээсийн зүйлийг ашиглаж байна гэж үзнэ. Гэрээний дагуу олгогдсон эрх гэдэг бол зайлшгүй манай талаас биелүүлэх ёстой үүрэг хариуцлага биш бөгөөд сонголтын асуудал юм. Тиймээс хариуцагч тал түрээслүүлэгчийг боломжоо ашиглаагүйгээс үүссэн алдангийг төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Бид хариуцагч нарт огт мэдэгдэхгүй, чимээгүй байж байгаад шууд шүүхэд хандаагүй. Тэднийг байнга дуудаж уулзаж байсан. Хариуцагч нарын зүгээс өөрсдөө хариуцлага алдсан гэв.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баянмөнх шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлд дурдсан 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 4,500,000 төгрөгийн зээл, мөн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 8,500,000 төгрөгийн санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан нь үнэн. Эдгээр гэрээнүүдийн төлөлтүүдийг 2014 оны 4 дүгээр сар хүртэл графикийн дагуу төлж байсан. 2014 оны 5 дугаар сараас ажиллаж байсан “ДСИ” ХХК-ийн алтны уурхай татан буугдсанаар зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Тэгэхдээ “Хас” банктай тохиролцохын тулд тус банкны нэр дээр байдаг 46-60 УНГ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг зарж тус төлбөрийн үндсэн зээлээс хасуулах тухай хэлсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй болно. Иймд нэхэмжлэгчийн шаардсан 18,963,262 төгрөгийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн мөнгө, хүү болох нийт 15,381,292 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний дотор төлөх бүрэн боломжтой байна гэжээ.

Хариуцагч П.Анхзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чимэдцэрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас барьцаат зээлийн гэрээний хувьд маргахгүй. Санхүүгийн түрээсийн гэрээний хувьд үндсэн төлбөрийн үлдэгдэл 6,728,431 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боловч хүү, алдангид шаардсан 6,873,421 төгрөгийг төлөхөөс татгалзан маргаж байгаа. Хамгийн сүүлд 2014 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч нар түрээсийн төлбөр төлөөд, түүнээс хойш төлөлт хийж чадаагүй. Түрээсийн гэрээний дагуу урьдчилгаа 3,100,000 төгрөг төлсөн, түрээсийн хүүтэйгээ нийлээд 5,000,000 гаруй төгрөгийг төлсөн байна. Хариуцагч нар нь түрээсийн төлбөрийг төлөх чадваргүй болсон гэдгээ Хас банкинд мэдэгдсэн байдаг бөгөөд банк санхүүгийн түрээсийн гэрээний 4.3, 4.4 дэх заалтын дагуу арга хэмжээ авах боломжтой байхад авахгүйгээр өнөөдрийг хүргэсэн учир бид хүү, алданги төлөхгүй. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж, мөн хуулийн 224.2.3-т мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэж заасан. Тиймээс нэхэмжлэгч хууль болон гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлээгүйгээс үүссэн хүү, алдангийг авах эрхээ алдаж байгаа. Санхүүгийн түрээс гэдэг бол зээл биш юм, харин түрээслүүлэгч өөрийн өмчлөлд байгаа, өөрийн өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл, эд хөрөнгийг болзол нөхцлийн дагуу түрээслүүлж байгаа үйлдэл юм. Түрээслэгч төлбөрийн чадвартай болсноор гэрээ биелэгдэх боломжтой болсон үед түрээслүүлэгчид гэрээг зогсоох эрх мэдэл байсан боловч хэрэгжүүлээгүйгээс өнөөдөр ийм байдалд хүрээд байна. Түрээсийн зүйл 12,600,000 төгрөгийн өртөгтэй бөгөөд түрээслэгч тал урьдчилгаа төлбөрт 3,100,000 төгрөг төлсөн. Гэрээний хугацаанд 7 удаагийн үйлдлээр нийт 5,813,000 төгрөгийг төлсөн байдаг. Энэ байдлаас үзэхэд түрээслэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүй, биелүүлэхээс зайлсхийх, хайхрамжгүй хандсан гэсэн асуудал яригдахгүй. Нэхэмжлэгч тал гэрээний хугацаа дууссан ч хүү тооцсон байдаг гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч О.Баянмөнх, П.Анхзул нарт холбогдуулан Барьцаат зээлийн болон Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 18,963,262 төгрөг, нотариатын зардалд 12,500 төгрөг, нийт 18,975,762 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын барьцаат зээлийн гэрээний үүрэгт шаардсан 5,361,410 төгрөгийг болон санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн төлбөр 6,728,431 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боловч Санхүүгийн түрээсийн гэрээний түрээсийн хүү 3,498,784 төгрөг, алданги 3,374,637 төгрөг, нийт 6,873,421 төгрөгийн шаардлагыг төлөхөөс татгалзсан.

“Хас банк” ХХК нь О.Баянмөнх, П.Анхзул нартай 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 1700001675 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж 4,500,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлдүүлж, зээлийн барьцаанд хариуцагч нарын өмчлөлийн зурагт, компьютер, Тоёота Приус маркийн автомашин зэргийг барьцаалсан,

Мөн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1700002434 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, түрээслэгч нь 11,600,000 төгрөгийн үнэтэй Тоёота Приус маркийн автомашины 30 хувь буюу 3,100,000 төгрөгийн төлбөрийг урьдчилан төлж, үлдэх 70 хувь буюу 8,500,000 төгрөгийг түрээслүүлэгч төлж автомашиныг түрээслэгч гэрээний хугацаанд эзэмших ашиглах эрхтэйгээр 24 сарын хугацаатай жилийн 24 хувийн хүүтэйгээр түрээсийн төлбөрийг тохирч, түрээсийн төлбөрийг хэсэгчлэн буюу бүрэн төлөх үүргээ түрээслэгч гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн нийт төлбөрийн дүнгээс хоног тутамд 0,1 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож тус тус гэрээнүүдийг бичгээр үйлдсэн байна. /хх 9-18/

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүрэг, мөн хуулийн 312 дугаар зүйл, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа тус тус үүсчээ.

Зохигчид дээрх гэрээнүүдийн үнэ, гэрээний нөхцөл, хугацаа, хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй боловч санхүүгийн түрээсийн гэрээний дагуу түрээслүүлэгч нь хүү, алданги шаардах эрхтэй эсэх талаар харилцан маргасан.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээ.

2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1700001675 тоот барьцаат зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нар нь зээлийн төлбөрт 7,011,780 төгрөг, зээлийн хүүд 1,133,783 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,043 төгрөгийн төлөлтийг хийсэн болох нь зээлдэгч нарын дансны хуулгаар тогтоогдсон, харин үндсэн зээлийн үлдэгдэл 3,124,047 төгрөг, зээлийн хүү 2,030,630 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 206,733 төгрөг, нийт 5,361,410 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нараас шаардах эрхтэй бөгөөд барьцаат зээлийн гэрээтэй холбоотой дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрнө.

Харин 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ...тоот Санхүүгийн түрээсийн гэрээний тухайд, түрээслэгч нь үндсэн төлбөр 1,771,569 төгрөг, түрээсийн хүү 918,644 төгрөг, алданги 25,787 төгрөгийн төлөлтийг хийж, түрээсийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 5,728,431 төгрөг, түрээсийн хүү 3,498,784 төгрөг, алданги 3,374,637 төгрөг, нийт 13,601,852 төгрөгийн төлбөр төлөгдөөгүйгээс хариуцагч нар түрээсийн үндсэн төлбөр 5,728,431 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боловч түрээслэгч Санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ гүйцэтгэх чадваргүй болсон учир түрээсийн зүйлийг түрээслүүлэгчид буцаан өгч, гэрээг дуусгавар болгох хүсэлт гаргасныг “Хас банк” ХХК зөвшөөрөөгүй, 2014 оны 4 дүгээр сараас хойш 2 жилийн турш төлбөр төлөөгүй байхад Санхүүгийн түрээсийн гэрээний 4.3-т, 4.4-т заасан үл маргах журмаар төлбөр барагдуулахаар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй, мөн гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дууссан байхад энэ хугацаанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 780 хоногийн хүүг үндэслэлгүйгээр шаардсан гэж тайбарлан Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.3.2 дахь хэсэгт зааснаар Санхүүгийн түрээсийн гэрээний хүү, алдангийн төлбөрийг төлөхөөс татгалзаж байна.

Хариуцагч О.Б нь нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д төлбөрийн чадваргүй болсны улмаас түрээсийн зүйлийг буцаан өгч, гэрээг дуусгавар болгохыг хүссэн түүний хүсэлтийг түрээслүүлэгч зөвшөөрөлгүй гэрээгээр олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүйгээс хүү, алдангийн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргах боловч  өөрийн татгалзлыг нотлох шаардлагатай баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэв.

Түүнчлэн хариуцагч нарын гэрээний дагуу төлөлт хийсэн сүүлийн өдөр буюу 2014 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс хойш талууд удаа дараа уулзаж, түрээслүүлэгчийн зүгээс амаар шаардлага гаргаж байсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хариуцагч О.Б үгүйсгээгүй байна.

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалт үүрэг гүйцэтгүүлэгч гэрээний биелэлтэд тодорхой хариуцлага хүлээсэн байхыг шаардах бөгөөд үүрэг гүйцэтгэгчийн хувьд ямар нэг буруугүй байж, үүрэг гүйцэтгүүлэгч гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй тохиолдол хамаарна.

Маргаан бүхий Санхүүгийн түрээсийн гэрээний хувьд түрээслүүлэгч нь түрээслэгчид гэрээний дагуу төлбөр төлөх нөхцлийг бүрдүүлэх үүрэг хүлээгээгүй, уг гэрээний 4.3, 4.4 дэх хэсгүүдэд заасан нөхцлүүд нь түрээслүүлэгч талын зайлшгүй гүйцэтгэх ёстой хариуцлага бус, харин түрээслэгч тал нь хууль болон гэрээнд заасан түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс түрээсийн зүйл болон барьцаа хөрөнгийг хурааж авах эрхээ хэрэгжүүлээгүйг “үүрэг гүйцэтгүүлэхэд ямар нэг үйлдэл хийх ёстой” буюу түрээсийн зүйлийг заавал хурааж авах үүрэг хүлээгээгүй, хариуцагч нар төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нь түрээслүүлэгчээс шалтгаалсан гэж үзэх үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нар түрээсийн гэрээний хүү, алданги төлөхөөс чөлөөлөгдөхгүй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн, Санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дууссан байхад энэ хугацаанаас хойш үндэслэлгүйгээр 780 хоногийн хүү тооцож шаардсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргах боловч хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, мөн нэхэмжлэгчээс хариуцагч нарт үүргээ гүйцэтгэхийг амаар сануулж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт “мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхтэй байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул шүүхийн зардлыг хариуцагч нарт хариуцуулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 312 дугаар зүйлийн 312.1, 222 дугаар зүйлийн 225.5, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ... дугаар регистртэй, Цогт овогт Очийн Баянмөнх, ... дугаар регистртэй, Харч овогт П.А нараас 18,963,262 /арван найман сая есөн зуун жаран гурван мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр гүйцэтгүүлсүгэй. 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,829 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 252,829 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           А.САРАНТУЯА