Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
Хэргийн индекс | 102/2016/01213/И |
Дугаар | 2135 |
Огноо | 2016-03-14 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2135
2016 оны 3 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2016/02135 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1-р хороо, Богд-Ар хороолол, 8А байранд байрлах, “Саруул” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 1-р хороо, Богд-Ар хороолол, 5-р байр 51 тоотод оршин суух, Барнууд овогт Зоригтбаатарын Энх-Ундрахт холбогдох 572 600 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Саруул” СӨХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Энх-Ундрах нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хуримтлалын төлбөрөө хугацаанд нь төлж байхыг удаа дараа сануулсан болон шаардсан шаардлагыг биелүүлээгүй тул 2012 оны 1 сараас 2015 оны 1 сарыг хүртэл төлөөгүй төлбөр 572 600 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч З.Энх-Ундрал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие З.Энх-Ундрал нь Баянгол дүүргийн 1-р хороо, Богд-Ар хорооллын 5А байр 51 тоотод оршин суудаг болно. Нэхэмжлэгч Саруул СӨХ-ны төлбөрийг 2012 оны 1 сараас хойш төлөөгүй байгаа нь үнэн. Тиймээс одоо нэхэмжилж буй 572 600 төгрөгийн 50% болох 286 300 төгрөгийг 2016 оны 04-р сарын 10-ны өдөр төлнө. Үлдсэн төлбөрийг 7 сарын 10-ны өдрөөс өмнө төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Саруул” СӨХ нь З.Энх-Ундрахад холбогдуулан 572 600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч З.Энх-Ундрах нь нэхэмжлэлийн шаардлага 572 600 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2016 оны 4-р сарын 10-ны дотор 286 300 төгрөг, 2016 оны 7 сарын 10-ны дотор 286 300 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Саруул” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага 572 600 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 4-р сарын 10-ны дотор 286 300 төгрөг, 2016 оны 7 сарын 10-ны дотор 286 300 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч З.Энх-Ундралын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 740 төгрөгийн 9 370 төгрөгийг улсын төсвөөс, 9 370 төгрөгийг хариуцагч З.Энх-Ундрахаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Саруул” СӨХ-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА