Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 1889

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 3 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2016/01889

 

Улаанбаатар хот

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

   Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, Үйлвэрчний эвлэлийн гудамж, өөрийн байр, Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

 

   Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11-р хороо, Блю скай 46А-р байр, 8 тоот, Гангар хаш ХХК-д холбогдох 5 623 410 төгрөг гаргуулахыг хүссэн  хянан хэлэлцэв.

 

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийг төлөөлж М.Бат-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бат-Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гангар хаш ХХК нь 2014 оны 1-р сараас 2015 оны 9-р сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлгүй 3 711 953 төгрөгийн өр үүсгээд байна. Шимтгэл төлөхийг удаа дараа шардаж байсан боловч Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг зөрчсөөр байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20-р зүйлийн 1.2 дахь зааснаар хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх алданги 0.3 хувиар тооцож 1 911 456 төгрөг нийт 5 623 410 төгрөгийг Гангар хаш ХХК-иас гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч А.Дэлгэрсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2006 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд байгалийн шохойн чулуу олборлон боловсруулж Монголын анхны замаск үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэн ирсэн билээ. Улирлын чанартай ажилладаг тул өвлийн улирал 10-р сараас 3-р сар хүртэл 6 сарын хугацаанд ууланд цас их байдгаас шалтгаалан үйл ажиллагаа зогсдог билээ. Гэсэн хэдий ч 2015 он  хүртэл ажилчдынхаа НДШ-ийг хугацаанд нь төлж ирсэн билээ. Сүүлийн жилүүдийн эдийн засгийн хямралаас үүдэн үйл ажиллагаа зогссон тул өр үүсээд байгаа билээ. Эдийн засгийн хямралаас үүдэн тус компаниа худалдан шилжүүлэх болоод байна. Аргагүй нөхцөл байдлаа тайлбарлан СХД-ийн НДХ-т танилцуулсан бөгөөд хуулийн дагуу төлөх ёстой 3 800 000 төгрөгийг төлөх тухайгаа хэлж ойлгуулсан. Бидний энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж алданги торгуулиас чөлөөлж өгөх талаар хүсэлт тавьсан бөгөөд хүлээн авсан гэж ойлгосон. Компани шилжүүлэх ажиллагаагаар урьдчилан орж ирэх мөнгөнөөс төлөх ёстой үндсэн төлөрөө төлөх болно. 2016 оны 4-р сарын 15-ны дотор төлж барагдуулна гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь “Гангар хаш” ХХК-д холбогдох 5 623 410 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэлээ.

 

 “Гангар хаш” ХХК нь 2015 оны 9-р сараас 30-ны байдлаар ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлд 3 711 953 төгрөг төлөхөөр тайлагнасан байх ба энэ шимтгэлийг төлөөгүй нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, улсын байцаагчийн албан шаардлагаар тогтоогдсон байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 17-р зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар “ажил олгогч нь шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөх”, 4 дэх хэсэгт зааснаар “...эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх” үүрэгтэй байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20-р зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар  3 711 953 төгрөгийн шимтгэлийг хугацаанд төлөөгүйгээс тооцсон алданги 1 911 456 төгрөг  нийт 5 623 410 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.

 

Хариуцагч “Гангар хаш” ХХК-ний захирал А.Дэлгэрсайхан нь нэхэмжлэлийн хувийг 2016 оны 1-р сарын 18-ны өдөр хүлээн авч ниймгийн даатгалын шимтгэлийн үндсэн өр 3 711 953 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрсөн боловч “улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг, эдийн засгийн хямралаас болоод төлж чадаагүй” гэх шалтгаанаар хуульд заасан хэмжээгээр ногдуулсан алдангийг төлөхгүй байх үндэслэл болохгүй. 

 

Хариуцагч шүүх хуралдааны мэдэгдлийг 2016 оны 2-р сарын 28-ны өдөр хүлээн авсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иймд түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1.Ниймгийн даатгалын тухай хуулийн 16-р зүйлийн 1 дэх хэсэг, 20-р зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг баримтлан “Гангар хаш” ХХК-иас 5 623 410 /таван сая зургаан зуун хорин гурван мянга дөрвөн зуун арав/ төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.     

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Гангар хаш” ХХК-иас  104 924  төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгосугай. 

 

Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                                          Р.АЛТАНТУЯА