Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
Хэргийн индекс | 102/2016/00707/И |
Дугаар | 00759 |
Огноо | 2016-01-21 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 00759
2016 оны 1 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2016/00759 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Нарийн фермерийн –р гудамж, 3 тоотод оршин суух, регистр УБ61011219, Элжгэнэ овогт Шаалуугийн Эрхэмбаярын хүсэлттэй ажилласан жил тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Эрхэмбаяр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Эрхэмбаяр би 1977 онд Төв аймгийн Баянчандмань сумын ТМС-ийг тракторын жолоочийн ангид элсэн орж 1979 онд төгсөөд Партизаны САА-д тракторын жолоочоор ороод 1997 оны 10 сарын 10-ны өдрийг хүртэл хадлангаас бууж ирээд ажлаас гарсан. Би 1981-1984 оны хооронд 036-р ангид цэргийн алба хааж байгаад 1984 оны 8 сард буцаж тус САА-д тракторчинаар орсон. Ажиллаж байх хугацаанд 1992 онд тус САА нь Дэлгэрэх улсын үйлдвэрийн газар болж өөрчлөгдсөн. 1984 онд саалийн механикжсан фермэд тракторчинаар, 1992 оны 12 сарын 06-ны өдөр Дэлгэрэх улсын үйлдвэрийн газарт ажилд орсон тушаал байдаг боловч 1992 онд Партизаны САА-н Саалийн механикжсан фермийн тракторын жолооч, 1997 оны 10-р сарын 10-ны өдөр Дэлгэрэх улсын үйлдвэрийн газрын тракторын жолоочийн ажлаас гарсан тушаал байхгүй байгаа тул 1984 оны 8 сараас 1997 оны 10 сарын 10-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Эрхэмбаяр нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Ш.Эрхэмбаяр нь 1984 оны 8 сараас 1993 оны 12-р сарын 01-нийг хүртэл ажиллаж байсныг тогтоож, 1997 оны 10-р сарын 10-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг хангах үндэсгүй.
Түүний ажиллаж байсан талаарх баримтууд архивт хадаглагдаагүй нь Нийслэлийн архивын 2016 оны 1-р сарын 15-ны өдрийн тодорхйололтоор тогтоогдсон байх ба ажиллаж байсан талаарх баримтыг өөрөөр олж авах боломжгүй байна.
Ш.Эрхэмбаяр нь 1984 оны 08-р сараас 1993 оны 12-р сарын 01-нийг хүртэл Партизаны сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, Партизаны сангийн аж ахуйн даргын 1984 оны 8-р сарын 10-ны өдрийн 140 дугаар тушаал, 2015 оны 12 сарын 04-ний өдрийн 7124 дугаар Нийслэлийн архивын газрын цалингийн тодорхойлолт, 2421000051 дугаар нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон баталгаажилтын хуудас, гэрч Б.Энхбат, Б.Жаргал нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
Харин Ш.Эрхэмбаярыг 1993 оны 12 сарын 13-ны өдөр Дэлгэрэх улсын үйлдвэрийн газарт тракторын жолоочийн ажилд томилсон боловч “Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д зааснаар 1993 оны 12-р сараас 2001 он хүртэл хугацааг ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 2421000051 тоот хуудсаар баталгаажулсан байна.
Иймд Ш.Эрхэмбаярыг 1993 оны 12 сараас 1997 оны 10-р сарын 10-ны өдрийг хүртэл “Дэлгэрэх” улсын үйлдвэрийн газарт ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118, 133-р зүйлийн 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Шаалуугийн Эрхэмбаярыг 1984 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1993 оны 12-р сарын 01-нийг хүртэл Партизаны сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоож, 1993 оны 11-р сарын 30-ны өдрөөс 1997 оны 10-р сарын 10-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА