Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Батбаатарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай    

 

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор                                            Н.Цогтбаяр

            Хохирогч                                           А.Билгүүн

            Хохирогчийн өмгөөлөгч                   В.Удвал

            Ялтны өмгөөлөгч                              Ц.Бат-Эрдэнэ

            Ялтан                                                 О.Батбаатар

            Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан;

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Р.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.Билгүүний гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, О.Батбаатарт холбогдох 201503000469 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зуухны машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Ажилчдын 3-15 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2001 оны 04  дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 157 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 80.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай Баяндалай овогт Очирын Батбаатар РД:/ВМ73080616/.

 

О.Батбаатар нь 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр согтуугаар, Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг дэвсгэрт байрлах “Чулуут тур” жуулчны баазын хашаанд хамт явсан А.Эрдэнэбатыг танхайн сэдэлтээр баруун эгэм тус газар нь нэг удаа хутгалж, хүндрүүлэх нөхцөлгүйгээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас О.Батбаатарт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Баяндалай овогт Очирын Батбаатарыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож;

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч О.Батбаатарыг 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  шүүгдэгч О.Батбаатарт оногдуулсан 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч О.Батбаатарын цагдан хоригдсон 263 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож;

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар 12.405.105 төгрөгийг шүүгдэгч О.Батбаатараас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Билгүүнд олгож, хохирогч бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Билгүүний сэтгэл санааны хохиролд 12.000.000 /арван хоёр/ төгрөгийг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгож;

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй балиус хутга 1 ширхэг, хар хөх өнгийн малгайтай ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн подволка 1 ширхэг, ногоон цоохор өнгийн подволка 1 ширхэг, хар хөх өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн тэлээ 1 ширхэг, хар өнгийн ноосон оймс 1 хос, хар өнгийн пүүз 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж;

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдан;

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Батбаатарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Хохирогч А.Билгүүний гаргасан давж заалдах гомдолд:

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. О.Батбаатар нь 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ манай ах А.Эрдэнэбатыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр алсан гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар 11 жилийн хорих ялыг, жирийн дэглэмтэй хорих ангид ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ. О.Батбаатар нь талийгаач А.Эрдэнэбат ахын маань амь насыг хохироох үйлдэл хийхээр хувийн таарамжгүй харилцаа бий болоогүй, О.Батбаатарын баруун гарын шууны гадна доод хэсэг, алганы дунд хэсэгт өнгөц шарх нь гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэмтэл учирсан хэдий ч уг шархыг талийгаач А.Эрдэнэбат учруулсан эсэх нь нотлогдоогүй байхад хувийн таарамжгүй харилцааны улмаас баруун эгэм тус газар нь хутгалж санаатай алсан гэж дүгнэж байгаа нь хит учир дутагдалтай төдийгүй О.Батбаатарын ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй байхад түүнд 11 жилийн хорих ял өгсөн болон жирийн дэглэмтэй хорих ангид уг ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлэж байгаад маш их гомдолтой байна. Мөн хохирол төлбөрөө бүрэн гаргуулж, төлүүлж авмаар байна. Иймд О.Батбаатарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлүүлэхээр мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. Шүүх хуралд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлттэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх ялтан О.Батбаатарыг 2015 оны 10 дугаар сарын 04-ний орой Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг дэвсгэрт байрлах “Чулуут тур” жуулчны баазын хашаанд  А.Эрдэнэбатыг хувийн таарамжгүй харилцааны улмаас баруун эгэм тус газар нь нэг удаа хутгалж,  санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн байна.

 

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчид оногдуулсан ял тохирсон байна.

 

Хохирогч А.Билгүүн ...О.Батбаатар нь талийгаач ахын маань амь насыг хохироох үйлдэл хийхээр хувийн таарамжгүй харилцаа бий болоогүй...байхад хувийн таарамжгүй харилцааны улмаас баруун эгэм тус газар нь хутгалж, санаатай алсан гэж дүгнэж байгаа нь хэт учир дутагдалтай... гэж давж заалдах гомдол гаргасан.

 

Хэрэгт авагдсан гэрч С.Пүрэвсүх, Д.Оюунболд нарын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд О.Батбаатар, А.Эрдэнэбат нарын хооронд таарамжгүй харилцаа үүсээгүй, О.Батбаатарыг  танхайн сэдэлтээр хүнийг алсан гэж дүгнэх аргагүй байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаалгахаар гаргасан хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

            Шийтгэх тогтоолын 5 дахь заалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Билгүүний сэтгэл санааны хохиролд 12.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгохдоо тоон илэрхийллээр 12.000.000 гэж, үсгэн илэрхийллээр /арван хоёр/ гэж бичсэн байгааг дурдах нь зүйтэй.

           

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-т заасныг удирдлага болгон;

                       

 

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч А.Билгүүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-т зааснаар эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхээр дамжуулж, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ДАВААСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                Б.НАМХАЙДОРЖ

                             

                                                                                   М.МӨНХДАВАА