Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       А.Даваадалайд холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

                        Прокурор                                П.Ганбаатар

                        Нарийн бичгийн дарга          Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан;

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Ганбаатарын бичсэн эсэргүүцлийг үндэслэн, А.Даваадалайд холбогдох 201603000310 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Монгол улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо, Сурагчийн 43-540б тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Огторгуй овогт Ариунаагийн Даваадалай /РД:ИП89090476/

 

А.Даваадалай нь Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад багийн нутаг дэвсгэр Хөшөөт гэх газар 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр өөрийн өмчлөлийн 22-16 УНЕ улсын дугаартай Тоёота Карина маркийн авто машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж өөрийн төрсөн охин болох 1 ой 8 сартай Д.Хишигмаагийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас А.Даваадалайд холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор:

Огторгуй овогт Ариунаагийн Даваадалайг Монгол улсын Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч А.Даваадалайгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч,  2  жилийн хугацаагаар хорих ял шийтгэж;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.Даваадалайд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж;

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2016 оны 07 сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн Тоёота Карина маркийн 22-16 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч  А.Даваадалайд  буцаан олгон;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч А.Даваадалайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн  215.3-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэсэгт даалган;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч А.Даваадалайд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тооцож;

А.Даваадалай нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт авагдсан 1063304 тоот жолоочын үнэмлэхийг Улаанбаатар хот, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж;

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Даваадалайд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Ганбаатарын гаргасан эсэргүүцэлд:

 

...Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ариунаа овогтой Даваадалайд холбогдох эрүүгийн 201603000310 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 89 дугаартай шийтгэх тогтоол гаргасныг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Шүүгдэгч А.Даваадалайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр заажээ. Гэтэл шүүх шүүгдэгч А.Даваадалайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1, 284.2 дахь хэсгүүд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх заалтыг тус тус ноцтой зөрчсөн байна. Иймд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгуулж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсгийг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Ялтан А.Даваадалай нь 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад багийн хөшөөт гэх газар өөрийн өмчлөлийн 22-16 УНЕ улсын дугаартай Тоёота Карина маркийн машиныг жолоодон, замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасан заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, өөрийн төрсөн охин, 1 нас 8 сартай Д.Хишигмаагийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогджээ.

 

            Хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

            Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны болж чадаагүй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

 

Гэтэл анхан шатны шүүх ялтан А.Даваадалайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 2 жилийн хорих ял оногдуулсан байх ба энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

Мөн шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтад хуулийн нэрийг давхардуулан бичсэн байх ба энэ зөрчлийг засуулах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 321.1.1-т тус тус заасныг удирдлага болгон;

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Даваадалайд холбогдох 201603000310 тоот хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаасугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол А.Даваадалайд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-т зааснаар магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ДАВААСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                Б.НАМХАЙДОРЖ

                             

                                                                                   М.МӨНХДАВАА