Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 532

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
           
Архангай аймаг 
дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р хороо 37-25 тоотод оршин суух Чонос овогт Наваандандарын Оюунтуяа /РД:СЩ70081801/-ийн     нэхэмжлэлтэй
Хариуцагч: Архангай аймгийн Хайрхан сумын 4-р багт оршин суух Монгол овогт Дэлэгийн Онолбаатар /РД:ГЗ69122912/-т холбогдох
3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7-р сарын 29-ний өдөр хүлээн авч 2016 оны 8-р сарын 5-ны иргэний хэрэг үүсгэн хянаад:
 
ТОДОРХОЙЛОХ нь:
         
Нэхэмжлэгч Н.Оюунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 12-р сард Д.Онолбаатар нь санал болгосны дагуу бид 2 хамт наймаа хийж байсан мөнгөө шавхан 4 500 000 төгрөгөөр хагас ачааны старекс маркын машин худалдан авсан. Тэр үед бид 2 харилцан тохиролцож надаас 3 000 000 төгрөг, Д.Онолбаатараас 1 500 000 төгрөг гарлаа гэдгийг хэн хэн нь мэдэж байсан. Улмаар надаас гарсан 3 000 000 төгрөгийг Д.Онолбаатар нь төлж дуусгаад машиныг өөрийн болгох тохиролцоо хийсэн. Гэтэл Д.Онолбаатар нь 2016 оны 2-р сарын эхээр ахуйн маргааны улмаас надтай муудалцаж худал ярьж уг машиныг унаж яваад одоог хүртэл алга байна. тухайн үед би Д.Онолбаатарт “Энэ машин бол чи бид хоёрын хэний ч өмч биш. Дундынх. Тиймээс авч явах гээд байгаа бол мөнгөө төлж дуусгаад авч явж болно. Мөн энэ машин миний нэр дээр байгаа” гэдгийг олон удаа сануулж хориглосон. Мөн тэр үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагдаагийн дарга Баярбатад мэдэгдсэн боловч Д.Онолбаатар нь уг цагдаагийн даргад худал хэлж, заль мэх хэрэглэн тус сумын нутаг дэвсгэрээс гарсан байсан. Иймээс та бүхэн энэ бүхнийг үнэнээр нь шалган шүүн тунгааж миний хохирлыг барагдуулж машинд зарцуулсан 3 000 000 төгрөгийг Д.Онолбаатараас гаргуулж өгнө үү гэжээ. 

            Хариуцагч Д.Онолбаатар 2016 оны 8-р сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Дэлэг овогтой Онолбаатар миний бие нь нэхэмжлэгч Н.Оюунтуяатай хамтран амьдарч наймаа хийж, машиныг авсан нь үнэн. Нэхэмжлэгч .Оюунтуяа нь надаас 3 000 000 төгрөг нэхэж байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надаас 2 000 000 төгрөг, Н.Оюунтуяагаас 2 500 000 төгрөг гарсан нь үнэн. Энэ машиныг Улаанбаатараас Өмнөговь аймаг Цагаан хад сум руу авч явахдаа замд гарсан зардлыг надаас гаргасан 500 000 төгрөгийг хасч өөр дээрээ нэмсэн байна. Би Н.Оюунтуяад ойролцоогоор сард 15 удаагийн нэг ашиг нь 300 000-1 000 000 төгрөг болдог бараа зээлээр өгдөг байсан бөгөөд Н.Оюунтуяа нь надад ашиг өгдөггүй, зөвхөн барааны мөнгийг банкаар зөвхөн тэр хүнд шилжүүлж байсан. Хэрэв би энэ олон ашгаас хувь авч байсан бол нэхэмжилж буй 3 000 000 төгрөгөөсөө хэд дахин их хэмжээний мөнгө надад ирэх байсан бөгөөд Н.Оюунтуяагаас өөрийн авах ёстой мөнгөнөөс 3 000 000 төгрөг авсанд тооцож тухайн автомашинаа өөрийн нэр дээр шилжүүлж үлдэгдэл ашгийн мөнгөө Н.Оюунтуяагаас нэхэмжилж байна. Энэ мөнгийг надад өгч миний амьдралд гүн туслалцаа үзүүлнэ үү гэжээ.
           
Зохигчид 2016 оны 10-р сарын 3-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Наваандандар овогтой Оюунтуяа миний бие Дэлэг овогтй Онолбаатараас 3 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.Онолбаатар нэхэмжлэгч Н.Оюунтуяа бид 2 харилцан тохиролцож: 
1.    2016 оны 10-р сарын 31-ний өдрийн дотор 1 000 000 төгрөгийг, 
2.    2016 оны 11-р сарын 30-ны өдрийн дотор 1 000 000 төгрөгийг, 
3. 2016 оны 12-р сарын 31-ний өдрийн дотор 1 000 000 төгрөгийг хариуцагч Д.Онолбаатар нь төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав. 
Иймд энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
 
          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:
 
Нэхэмжлэгч Н.Оюунтуяа хариуцагч Д.Онолбаатаргаас 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, хариуцагч Д.Онолбаатар нь нэхэмжлэгч Н.Оюунтуяад 2016 оны 10-р сарын 31-ний өдрийн дотор 1 000 000 төгрөгийг, 2016 оны 11-р сарын 30-ны өдрийн дотор 1 000 000 төгрөгийг, 2016 оны 12-р сарын 31-ний өдрийн дотор 1 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр зохигчид хүсэлт гаргасан тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 31 475 төгрөг, хариуцагч Д.Онолбаатараас 31 475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Оюунтуяад олгохоор шийдвэрлэв.
Мөн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шүүгчийн захирамж гарсны дараа зохигч эвлэрсэн тул Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9-р сарын 23-ны өдрийн 1748 дугаартай захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.
 
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон
 
 
ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Хариуцагч Монгол овогт Дэлэгийн Онолбаатар /РД:ГЗ69122912/ нь нэхэмжлэгч Чонос овогт Наваандандарын Оюунтуяа /РД:СЩ70081801/-д 2016 оны 10-р сарын 31-ний өдрийн дотор 1 000 000 төгрөгийг, 2016 оны 11-р сарын 30-ны өдрийн дотор 1 000 000 төгрөгийг, 2016 оны 12-р сарын 31-ний өдрийн дотор 1 000 000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
     2. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9-р сарын 23-ны өдрийн 1748 дугаартай захирамжийг хүчингүйд тооцсугай. 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Оюунтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 31 475 төгрөг, хариуцагч Д.Онолбаатараас 31 475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Оюунтуяад олгосугай.
 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн       74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.
 
            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
 
  
 
 
 
ШҮҮГЧ                                           Ч.ЖАРГАЛАН