Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Ламжавын Соёлмаа |
Хэргийн индекс | 148/2016/00439/И |
Дугаар | 500 |
Огноо | 2016-09-16 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 500
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүгч Л.Соёлмаа би Шаамар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Ц.Энхцогт холбогдох “Зээл, зээлийн хүү 5.056.950 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Шаамар сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Цэрэнчимэд овогтой Энхцог нь “Сум хөгжүүлэх сан”-ийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж сумын Засаг даргатай 2011 оны 08-р сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 5 сая төгрөгийн зээл авсан бөгөөд зээлийн гэрээ 2014 оны 09-р сарын 05-нд дуусгавар болсон.
Иймд хариуцагчаас үндсэн зээл болох 4.200.000 төгрөг, хүү 856.950 төгрөг, бүгд 5.056.950 төгрөгийг гаргуулж сумыг хохиролгүй болгох нэхэмжлэл гаргав. Бид удаа дараа шаардсан болно гэжээ.
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Шаамар сум 2 дугаар баг 2-р гудамж 5-04 тоотод оршин суух Охиндий овогт Цэрэнчимэдийн Энхцог /МО-65041415/ нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Шаамар сумын Засаг даргын Тамгын газраас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Сум хөгжүүлэх сангаас авсан 4.200.000 төгрөг, зээлийн хүү 856.950 төгрөг, нийт 5.056.950 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Улсын тэмдэгтийн хураамжинд 47.930 төгрөг төлөхийг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Шаамар сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Ц.Энхцогт холбогдуулан “5.056.950 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 5.056.950 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 95.861 төгрөгийн тал хувь болох 47.930 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Шаамар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Энхцогт холбогдох “Зээл, зээлийн хүү 5.056.950 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 5.056.950 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 95.861 төгрөгийн тал хувь болох 47.930 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА