Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2016/00440

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2016/00440

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус задгайн 7 тоотод оршин суух, Хардал овогт Нэргүйн Зоригтбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 9 дүгээр гудамжны 9 тоотод оршин суух, Өлзийт овогт Баасантөмөрийн Бурмаад холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Зоригтбаатар, хариуцагч Б.Бурмаа,нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Н.Зоригтбаатар нь нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие 2006 онд Б.Бурмаатай танилцан хоёр биедээ хайр сэтгэлтэй болж, 2009 оны 12 дугаар сард гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2010 оны 10 дугаар сарын 8-нд охин Мөнгөнчимэг төрж, энэ хугацаанд бидний амьдрал халуун дулаан, элэг бүтэн сайхан байсан.

2012 онд Бурмаа ажилд орно гэж ойр, ойрхон Улаанбаатар хот явах болсон. Ингэж явах хугацаандаа өөр хүнтэй танилцан түүнтэй байнга утсаар ярьж, мессежээр харилцаж, гэр бүлээ орхин явах болсон. Хүмүүс над руу яриад танай эхнэр өртэй, өрийг нь төл гэж утсаар яриад, удаа дараа өрийг нь төлж өгсөн. Одоо бид тусдаа амьдарч байгаа. Цаашид хамтран амьдрахад хэцүү байна.

Иймээс бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Н.Зоригтбаатар, хариуцагч Б.Бурмаад холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.Бурмаа нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч маргахгүй байна.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1155 дугаартай шүүгчийн захирамжаар гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авч, 3 сарын хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1616 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг сэргээсэн болно.

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч, хариуцагч нар 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болж, Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болох нь Г-16 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хамтран амьдрах хугацаандаа охин З.Мөнгөнчимэгийг 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрүүлсэн болох нь Г-508 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн 3 сарын хугацаанд зохигчдын аль аль нь эвлэрэх талаар идэвхи, санаачлагатай үйлдэл хийгээгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв-өөс ирүүлсэн албан бичиг зэргээр тогтоогдож байгаа хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно гэж зааснаар хариуцагч Б.Бурмаа нь 6 сартай жирэмсэн болохоо шүүхийн хэлэлцүүлгийн явцад тайлбарласан тул гэрлэлтийг цуцлах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар Хардал овогт Нэргүйн Зоригтбаатарын нэхэмжлэлтэй, Өлзий овогт Баасантөмөрийн Бурмаад холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА