Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 151/ШШ2016/01064

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 151/ШШ2016/01064

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Алтанбулаг сум, 1-р багт оршин суух, 60 настай, эрэгтэй, Боржигон овогт Жанчивдоржийн Төмөрлуу /РД:НА56042078/-ийн,

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Төв аймгийн Алтанбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1977 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл жолоочоор ажилласан. Улсад нийт 7 жил 7 сар ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгдсэн боловч ажилд орсон тушаал, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд Төв аймгийн Алтанбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1977 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл жолоочоор ажилласан 7 жил 7 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Төмөрлуу нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 Ж.Төмөрлуу нь Төв аймгийн Алтанбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1977 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан болох нь №072998 дугаартай 1985 оны 2 дугаар сарын 23-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Алтанбулаг сумын Худалдаа бэлтгэлийн анги, үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн 1981 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийн баярын бичиг,  Гэрч Н.Нямдорж, М.Доржпагма, Н.Гэрэлмаа нарын шүүхэд ирж гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Алтанбулаг сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 1981 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн баярын бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх, 1985 оны 2 дугаар сарын 23-ны өдөр нээлгэсэн №072998 дугаар Хөдөлмөрийн дэвтрийг ач холбогдолтой баримт гэж үзэж түүнд бичигдсэн байдлыг үнэлж, нэхэмжлэгч Ж.Төмөрлуугийн ажилд орсон он, сар, өдрийг 1977 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн, гарсан өдрийг 1985 оны 3 дугаар сарын 1-нээр тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Жанчивдоржийн Төмөрлуу /РД:НА56042078/-г Төв аймгийн Алтанбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1977 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд жолоочоор ажиллаж байсныг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Төмөрлуугийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУУЛ